ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Л.Энх-Амгалан: Миний хувьд эхнэрийнхээ суралцсан төлбөрийг төлсөн

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2023-05-24

Боловсролын зээлийн сангийн талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө. Тэрбээр "Сүүлийн өдрүүдэд олны анхаарлын төвд Боловсролын зээлийн сангийн асуудал нэлээд өртөж байна. Анхны мэдээллүүд Засгийн газрын 5Ш ажиллагааны хүрээнд зээлийн сангийн мэдээллүүдийг ил болгосон. 1997 оноос хойш дотоодын 150 мянга гаруй оюутанд 1.2 сая удаагийн тэтгэлэг олгосон байгаа. Нийт 1992 оноос  хойш БЗС-нд нэг их наяд төгрөгийг зарцуулсан байна. Яамны зүгээс бүх мэдээллийг ил болгосон. Аль сайдын үед хэдэн хүүхэд, ямар сонгон шалгаруулалтаар гадагшаа явж, тэтгэлэг авсан бэ гэдэг нь ил болсон байгаа. Чөлөөлөлт, тушаал бүр ил болсон.  Тухайлбал, өндөр хөгжилтэй оронд магистр, докторантурт 1780 оюутан суралцсан.  Засгийн газар хоорондын гэрээгээр 593 хүүхдийг суралцсан.

Дэлхийн шилдэг 100 их, дээд сургуульд 2013 оноос хойш 421 хүүхэд суралцсан. Эдгээрээс 384 нь дэлхийн шилдэг их, дээд сургуульд, 37 нь дэлхийн болон олон улсын олимпиадад амжилт үзүүлсэн тул тэтгэлэг олгож байсан зохицуулалт байна. Одоогоор Ерөнхийлөгчийн илгээлт 2100 тэтгэлгээр 245Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгээр 23 хүүхэд гадаадын их, дээд сургуульд магистрантур, докторантурт сурч байна.

Тиймээс эдгээр хүүхэд журмын шаардлага хангасан уу, явах ёстой сургуульдаа сурсан уу, гэрээний үүргээ биелүүлсэн эсэх, чөлөөлөлт хийж байсан тушаалд ашиг сонирхлын зөрчил орсон  эсэхэд хяналт тавих шаардлагатай. Бид Эрүүгийн цагдаагийн газар, АТГ-аас хамтарсан ажлын хэсэг гарч 1997 оноос хойших БЗС-гийн бүх баримтыг шалгаж байгаа. Шинжилгээнүүдийг тэд хийж байна.

Нийгмээрээ нэг хүнийг эцэг, эхийнх нь ажил мэргэжил, албан тушаалаар нь яллаж, харлуулж болохгүй.  Бүх зүйл үнэн зөв, шударга дүгнэлт хийгээсэй. Мөн манай яам руу утсаар мэдээлэл их ирж байна. Тэр дунд гадаадад сурч байгаа оюутнуудын зүгээс “амиа хорлоё” гэж эцэг, эх рүүгээ  ярьж, хэлж  байна. Польшид хүүхэд амиа хорлосон тохиолдол гарсан. Тиймээс бүхий л мэдээлэлд учир зүйтэй хандах хэрэгтэй байна гэж мэдэгдлээ. Зарим оюутнуудын зүгээс гэрээний үүргээ биелүүлсэн ч төлбөрүүдээ төлж байна.

Манай эхнэрийн хувьд 2004 онд тэтгэлгээр суралцсан. МУИС-ийн Хуульзүйн сургуульд ажилласан. Миний хувьд үүргээ биелүүлж, эхнэрийнхээ суралцсан төлбөрийг төлсөн. Үүнийг шударга ёсны шаардлага гэж хүлээж авсан. Зарим хүмүүсийн хувьд бусдыгаа хөлдөө чирлээ гэх толхиолдол гарч байна. Харин гэрээний үүргээ биелүүлээгүй хүмүүсийг хууль хяналтын байгууллагад хандсан. Нийтдээ 232  хүүхдийн 27 тэрбум төгрөгийн зөрчил байгаа. Тэд эхнээсээ төлөлтөө хийж байна” гэж мэдэгдлээ.