ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

С.Бямбацогт: Нисэхийн салбар цаашдаа ч тэтгэлэг олгоно

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2023-05-26

Зам тээвэр, хөгжлийн сайд С.Бямбацогт зам тээврийн салбарын боловсон хүчнийг чадавхжуулах тэтгэлэгт хөтөлбөр болон ИНЕГ-аас олгосон гэх 100 тэрбум төгрөгийн тэтгэлгийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрбээр, энэ талаар ярихдаа “Бид зам тээврийн салбарын боловсон хүчнийг чадавхжуулах асуудлаар цаашдаа ч нээлттэй ил тод ажлууд хийгээд явна. Гадаад, дотоодын Их дээд сургуульд тэтгэлэгтэй сургах, сайн суралцагчид сайдын нэрэмжит тэтгэлэг олгох, суралцаад төгссөнийг нь ажлын байраар хангах, ажлын байранд гарсны дараа орон байрны дэмжлэг үзүүлэх ажлыг хийнэ. Гэхдээ энэ бүхэн нээлттэй, ил тод явагдана гэсэн үг. ИНЕГ-ын даргын тушаалаар хаалттай, хамаарал бүхий хүмүүсээ сургадаг зүйл дахиж гарахгүй ээ.

Гэрээгээр суралцаад эргэж төлбөрөө хийгээгүй 11 хүний мэдээллийг сайтад тавина. Суралцаад төгссөн боловч ажиллахгүй байгаа 63 хүн байна. Агаарын тээврийн салбар хүнд байна. Навигацийн орлогоос шалтгаалж ажлын байрны цомхотгол эхэлсэн. Ажлын байр байхгүйгээс хүлээгдэж байгаа шүү гэдгийг ойлгоорой. Зөвхөн гадаадад боловсон хүчнээ бэлтгэхгүй.

Буянт-Ухаа нисэх буудал суларсан учраас нисэхийн инженер, нисгэгч болон онгоцны үйлчлэгчээ дотоодод бэлдэхээр БНСУ-ын хоёр Их дээд сургуультай ярьсан. Чингис хаан нисэх буудлаас 5 улсын 135 нислэг, өдөрт 20 гаруй нислэг явж байгаа. Цаашдаа энэ тоог арав болгож нэмэгдүүлнэ. Тухайлбал, Вьетнам, Тайланд, ОХУ, Ойрхи Дорнодын онгоцнуудыг шууд нислэгтэй болгох ажлаа эхлээд явж байна.  28 сая ам.доллар гэж би мэдээлэл буруу өгсөн. 11 сая ам.доллар юм билээ. Төгрөгөөр 28 тэрбум гэсэн үг. Тухайн үеийн долларын ханшаар тооцсон үнэ. ИНЕГ-аас энэ хэмжээний мөнгө гарсан юм байна лээ. Би түүнийг 28 сая ам.доллар гэж зарлаж, буруу мэдээлэл өгсөндөө хүлцэл өчье” хэмээлээ. Улмаар, мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Үе үеийн газрын дарга нарын өөрсдийнх нь хүүхдүүдийг сургасан дарга нарт ямар хариуцлага тооцох вэ?

-Мэдээлэл ил тод болоод, ашиг сонирхлын зөрчил гаргаж, журам зөрчсөн бол хууль хяналтын байгууллага шалгаад, хариуцлага тооцоод явах байх.

-Нийтлэг мэргэжлээр гэж 35 хүн сургасан байна. Улстөрчдийн хамаарал бүхий хүмүүс ч олон байна. Эдгээр хүмүүсээс зардлыг нь буцааж авах уу?

-Улстөрчийн хамаарал бүхий хүн сурч болохгүй гэсэн шалтгаан байхгүй ээ. Суралцаад, гэрээний үүргээ биелүүлээд, салбартаа ажиллаж байвал тэр бол Үндсэн хуулиар олгогдсон хүний эрх. Улстөрчийн хүүхэд гэхээр хязгаарлагдсан эрхтэй байж болохгүй. Иргэний нисэхийн үндэсний төвд 2100 хүн ажиллаж байна. Санхүү, аж ахуй, нягтлан гээд өөр салбарын хүн ч ажилладаг. Тэгэхээр журмандаа тодорхой тусгаад явах ёстой байх.

-Ямар журмаар тэтгэлэг олгодог талаар мэдээлэл өгөөч?

Үе үеийн ИНЕГ-ын дарга нар өөрсдийнхөө үзэмжээр заримдаа шалгуур өндөр, заримдаа шалгуур багатай журам батлаад явдаг. Одоо сайд энэхүү журмыг батална. Нээлттэй, ил тод, тэгш хүртээмжтэй байдлаар батална аа.

-Улстөрчид нөлөөлөөгүй, надад хамаагүй гэж байгаа ч нөлөөлөл орсон байна. Мөн барьцаа хөрөнгийг сулласан, таван жил ажиллаагүй байхад барьцаа хөрөнгийг сулласан байна. Энд ямар хариуцлага тооцох вэ?

-ИНЕГ-ын тэтгэлгээр 367 хүн суралцсанаас 332 нь салбарын мэргэжлээр суралцсан. Салбартаа 262 хүн ажиллаж байна. Ажлын байр хүлээж, хүний нөөцөд бүртгэлтэй байгаа 63 хүн байгаа. Эдгээр хүмүүс дотор гэрээний үүргээ биелүүлээгүй, журам зөрчсөн ийм асуудал байгаа бол хууль хяналтын байгууллага шалгаад гаргаад ирнэ. Хариуцлага тооцох хүмүүст би хариуцлагаа тооцоод явна.

-ИНЕГ жил бүхэн тэтгэлэг гаргаж байна. Энэ газарт жилдээ хэдэн тэрбумын төсөв төсөвлөдөг юм. Орлогоо яаж олдог, тэндээс тэтгэлэгт хэдийг зарцуулаад байна вэ?

-Навигаци буюу агаарын зай ашигласны хураамж нь гол орлогыг бүрдүүлдэг. Нисэх буудал ашиглуулсны орлого мөн байдаг. Эдгээр орлогоос тодорхой хэсгийг улсын төсөвт бүрдүүлж, ихэнхийг нь өөрсдийн салбарын хөгжил, аюулгүй ажиллагааг хангахын төлөө зарцуулдаг байгаа. Мэргэжлийн өндөр ур чадвартай боловсон хүчин бэлтгэх шаардлагатай.

Улсын төсвөөс зардал, татаас авдаггүй. Улсын төсөвт 150 гаруй тэрбумыг төвлөрүүлж байна. Украин, ОХУ-ын дайнаас үүдээс навигацийн орлого маш их буурсан. Өнөөдөр зардлаа санхүүжүүлэх төдий л байна. 317 саяаас 2.5 тэрбум хүртэл төгрөгийг сургалтын тэтгэлэгт зарцуулсан байна. Уг нь өнгөрсөн жил хоёр тэрбумыг гэж тусгасан ч орлого тасалдсан учраас 317 сая төгрөг л гаргасан байна лээ. Би ИНЕГ-ын даргад чиглэл өгнө. Суралцагчийг дуудаж уулзаад “Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учраас төлбөрөө төл” гэдэг шаардлагыг тавиад явах байх.