УИХ-ын намрын чуулган өнгөрөгч даваа гарагт нээлтээ хийж, улс төр буцалж эхлэв. Засгийн газраас 2026 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барьж, УИХ-ын даргын зүгээс Гүйцэтгэх засаглалаас оруулж ирсэн төсөвт шүүмжлэлтэй хандсан бол АН-ын бүлэг төсвийн төслөөр завсарлага хүсэж, хүүхдийн хүчирхийллийн асуудлаар эмэгтэй гишүүд дуугарахдаа цаазын ял сэргээх ёстой хэмээн мэдэгдсэн гээд үйл явдал өрнүүн тэр хэрээр улс төр халуухан эхэлж байна.
Тэгвэл намрын чуулганы нээлтэд Ерөнхий сайд болон УИХ-ын даргын хэлсэн үг ямар агуулгатай байсан хийгээд улс төрийн бусад хүчнүүд энэ намар ямар асуудалд төвлөрч ажиллахаар мэдэгдсэнийг энэхүү нийтлэлээр тоймлон хүргэе.
УИХ-ын дарга татвар, чанаргүй хууль, сургуулийн хүртээмжийг онцлов
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ-ын чуулганыг нээж хэлсэн үгэндээ парламент ард түмэндээ нээлттэй, эргэх холбоотой ажиллах ёстойг онцлов. Улмаар, татварын хуулийг өнгөцхөн илээд өнгөрөх бус сууриар нь өөрчлөх, цаашлаад сургууль, цэцэрлэгийн хүртээмжгүй байдлыг өөрчлөхөөс гадна Засгийн газраас өргөн бариад буй 2026 оны төсвийн төслийг шүүсийг нь шахаж, долоо хэмжиж нэг огтолно хэмээлээ.
Өөрөөр хэлбэл, тийм ч амархан кпон дарчихгүй учраас нямбайруулж, чамбайруулж оруулж ирээрэй хэмээн сануулахаа бас мартсангүй. Мөн парламент илүү цомхон болох үүднээс 11 байнгын хороог цөөлж, найм болгосон хийгээд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний санхүүжилтийг нэмэх, хүүхдийн хоолны төсвийг танах ёсгүй хэмээн индрээс мэдэгдлээ.
Д.Амарбаясгалан дарга хэлэхдээ “Төр дарамтыг биш, боломжийг бий болгох ёстой. Тиймээс татварын хуулиудад “гар хүрэх төдий” өөрчлөлт хийх биш, татварын ачааллыг бодитоор бууруулж жинхэнэ утгаар “нурууг тэнийлгэх” шинэчлэл хийх цаг ирсэн.
Монголын ирээдүй бол бидний үр хүүхдүүд. Гэтэл багшгүй, сургуульгүй, хоолгүй хүүхдүүдээс ирээдүйд юу хүлээх вэ. Багшийн хүрэлцээ, сургалтын чанар, ажлын таатай орчин, сургуулийн дэд бүтэц, үдийн хоолны хөтөлбөрийг нэгэн зэрэг, уялдаа холбоотойгоор шийдвэрлэх нь өнөөдрийн бидний үүрэг мөн.
Төсвийн төслийг таван үе шаттай шинэ дэгээр хэлэлцэнэ. Өргөн мэдүүлсэн төсвийн төсөл нь өмнөх жилийн зарчмаас өөр буюу 1.3 их наяд төгрөгийн алдагдалтай байгааг УИХ-ын гишүүд анхааралдаа авч, сайтар тунгааж үзэхийг хүсье” хэмээгээд энэ чуулганы хугацаанд гишүүн бүр нэр төртэй ажлаа хийх ёстой хэмээлээ. Мөн хуулийг түүхий баталдаг, тэр хэрээр дагалдаж гарах журмын тоо замбараагаа алдсаныг онцолж, Хууль тогтоомжийн тухай хуулийн хэрэгжилтэд анхаарах ёстойг индрээс дуулгалаа.
Ерөнхий сайд гадна талдаа хүйтэн буйг онцолж, төсвөө чамбай батлахыг уриаллаа
Намрын чуулганы нээлтэд үг хэлсэн Ерөнхий сайд Г.Занданшатарын тухайд 2026 оны төсвийн төслийг танилцуулахдаа данхагар төрийг хумьж, сахилга батыг сайжруулна гэв. Мөн дэлхий дахины уур амьсгал таагүй байгааг онцолж, төмөр хөшиг татагдах хэмжээнд нөхцөл байдал муудсан учраас энэ хүнд цаг үед Монгол Улс төсвөө тун чамбай хийгээд сахилга баттай баталцгаая гэж гишүүдэд уриаллаа.
Г.Занданшатарын Засгийн газар байгуулагдсанаас хойш ирэх долоо хоногт 100 хоног нь тохиож буй. Тэгвэл өнгөрсөн 100 хоногийн хугацаанд 2025 оны төсөвт тодотгол хийж, сахилга батыг сайжруулснаар эдийн засгийн өсөлт 2.5-аас 5.6 хувь хүртэл өсөж, тасалдаад байсан нүүрсний экспорт сайжирч, 1.6 дахин өсөж, валютын нөөц 5.6 тэрбумд хүрснийг онцоллоо.
Тэрбээр, тоо худлаа хэлдэггүй хэмээв. Баялгийг ард түмэндээ өгөх тухай яриа албан тасалгааны цонхоор харж суугаад шийдэх асуудал биш учраас бодит байдалтай танилцаж, нөхцөл байдлыг судлах чиглэлд ажиллаж буйгаа Ерөнхий сайд тодотгов. Өөрөөр хэлбэл, иргэн бүхэн орд газраас ашиг хүртэх ажлыг бодит болгох үүднээс Төгрөг нуурыг төрийн мэдэлд авч, “Оюут” зэсийн шинэ ордыг эргэлтэд оруулснаар Эрдэнэт үйлдвэр дахин ашгаа өгч, Төмөртэйн ордыг төрийн өмчит буцаан авсныг тодотголоо.
Ерөнхий сайд 2026 оны төсвийг ард түмний нурууг амрааж, татварын ачааллыг бууруулсан, данхар төрийг хумьж, сахилга хариуцлагыг бататгасан, өсөлтийг өрх бүрийн үүдээр оруулах хүний хөгжлийн мега төсөл хийгээд иргэдтэйгээ хамт бичсэн учраас 240 мянган монгол хүний хүсэл шингэсэн төсөл хэмээн тодотгов. Тэрбээр, “Ард түмний хүсэл, нийгмийн захиалга тодорхой байна.
Эрүүл мэнд, боловсрол, эрчим хүчинд илүү их хөрөнгө оруулах, Хавтгайрсан халамжийг хязгаарлах, Татвар, хураамжийн ачаалал, дарамтыг хөнгөлөх энэ гурван чиглэл дээр монголчууд ам нэгтэй байна. Төсөв бол зүгээр нэг тооны нийлбэр биш. Тэр тоо юу өгүүлж байна вэ гэдэг нь хамгийн чухал. Иргэнээ дээдэлсэн энэхүү иж бүрэн татварын шинэчлэлд ард түмэнтэйгээ нэг тал болж, ажил хэрэгчээр хамтран ажиллана гэдэгт миний бие итгэл дүүрэн байна.
2026 оны төсөв бол эдийн засаг дахь данхар төрийн давилуун, давруу оролцоог багасгаж, төрийг байр байранд нь байлгах шинэ эхлэл юм. Төр булаагч бус чөлөөлөгч байх учиртай. 2026 оны төсөв бол төрийн зуршлыг хазаарлаж, хувийн хэвшлийг чөлөөлөх замын зураг юм. 240 мянган иргэний хүсэл зорилго, санал зөвлөмжөөр баяжсан, ардчилсан зөвшилцлийн төсөв юм. Энэ бол татварын ачааллыг ард түмний нуруунаас хөнгөлөх учиртай” хэмээлээ.
Өөрөөр хэлбэл, боловсрол, эрүүл мэндийн төсвийг 2-5 дахин нэмж, эрчим хүчний салбарын шинэчлэлд 3.9 их наядыг зарцуулахаар ирэх оны төсвөө зураглажээ. УИХ-ын дарга хийгээд Ерөнхий сайдын хоёулангийнх нь үгэнд хүний хөгжил, хүн төвтэй гэх үгс олонтай дурдагдсаныг ажваас иргэдийн оролцоог ирэх жилүүдэд Засгийн газар, парламент хоёулаа анхаарч ажиллах нь ээ гэдгийг харж болох нь ээ.
АН-ын бүлэг эдийн засгийн эрх чөлөө, Улаанбаатарын хууль бус газар олголтод анхаарна
УИХ-ын намрын чуулган нээснээр намын бүлгүүд ч ажилдаа орж, энэ намрын хугацаанд ямар хуулийн төслүүдэд анхаарч, юуг гол чухал сэдэв болгох вэ гэдгээ бүлгээрээ ярилцжээ.
МАН-ын бүлгийн тухайд 2026 оны төсвийн төсөл гол сэдэв байх болно хэмээн мэдэгдсэн бол АН-ын бүлэг Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг онцоллоо. Мөн УИХ-ын дэгийн тухай хуулиас гадна Улаанбаатар хотын газар өмчлөлийн асуудлыг анхаарч ажиллахаа мэдэгдлээ.
УИХ-ын гишүүн, АН-ын дарга О.Цогтгэрэл "Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг энэ намрын чуулганд өргөн барина. Өнгөрсөн хугацаанд төрийн эдийн засаг, төвлөрсөн нийгмийн тогтолцоо руу маш хүчтэйгээр гулсан орсон. Эдийн засгийн эрх чөлөө, бизнесийн эрх чөлөө, иргэдийн бизнесийн оролцоо улам хумигдаж байгаа энэ тогтолцоог өөрчлөх, иргэдэд орон зай гаргах хуулийг өргөн барих болно" гэв.
Харин УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин "УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж Ерөнхий сайдын мэдээллийн цагийг УИХ-ын гишүүдийн асуулгын цаг болгосон. Энэ есдүгээр сарын 26-наас эхлэн анхны парламентын асуулгын цагийг үр дүнтэй болгохын тулд надаар ахлуулсан ажлын хэсэг ажиллана" гэлээ.
УИХ-ын гишүүн Ц.Баатархүү "Монгол Улсын хүн амын 45 хувь нь аж төрж байгаа Улаанбаатар хотын газар олголтын мэдээллийг ил тод болгоё. Өнгөрсөн 1992 оноос өнөөг хүртэл нийслэл Улаанбаатар хотод газрыг эзэмшүүлэх, өмчлүүлэх зөвшөөрөл олгосныг шалгаж, тоолж, аудит хийж хяналтын сонсгол зохион байгуулна" гэлээ. Дашрамд дурдахад, Ардчилсан намын бүлгээс 2026 оны Монгол Улсын төсвийн төсөл дээр ажлын хэсэг байгуулж Б.Түвшин гишүүнээр ахлуулан ажиллуулах шийдвэр гаргажээ.
Эмэгтэй гишүүд цаазын ялыг сэргээх ёстой гэв
Намрын чуулганы нээлттэй давхцан нийгмийн сүлжээнд олныг бухимдуулсан хэрэг цацагдсан. Тодруулбал, 16, 32 настай эмэгтэйн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн этгээдийн шүүх хурал жил тойрч, тус хэргийг үйлдэх үед дэргэд нь байсан этгээдүүд хэргийн хамжигч бус хохирогч болон хувирсан асуудал юм. Тэгвэл энэхүү хэрэг Төрийн тэргүүний анхааралд хүрч, нийгмийг бухимдуулсан, олон нийтийн эгдүүцлийг төрүүлсэн аймшигт хэргийг үнэн зөвөөр, шуурхай шийдэх үүргийг хууль хяналтын байгууллагад өгөв.
Тэгвэл энэ хэрэгт холбогдуулан УИХ-ын гишүүн, ИЗЗН-ын төлөөлөл М.Нарантуяа-Нара гишүүн чуулганы индрээс мэдээлэл хийнэ хэмээж байсан ч хойшлуулж, хэвлэлд байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр, “Онц хэрцгий аллага үйлдсэн этгээдүүдийг татвар төлөгчдийн мөнгөөр амийг нь зогоож, насаар нь шоронд байлгах нь зөв үү гэдэг асуудлыг бид ярих ёстой.
Энэ талаар ажлын хэсэг гаргаж, цаазын ялыг ямар нөхцлөөр сэргээх вэ гэдэгт ангиллыг судлах ёстой. Ялангуяа бага насны хүүхдэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн, амийг нь хохироосон, хүнийг онц хэрцгийгээр яргалж хөнөөсөн тохиолдолд цаазын ялыг сэргээх ёстой гэдэг байр суурьтай байна” хэмээжээ. Мөн УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан ч энэ байр суурийг дэмжиж буйгаа мэдэгдлээ.
Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин