Манай улсад жилд дунджаар 630,000-700,000 хүн томуугаар өвчилж, 45,000-47,000 тохиолдол эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, 40-50 хүн нас бардаг. Сүүлийн гурван жилд томуугийн улирал хоёр дахин удаан үргэлжилж, өвчлөл 1.5-2 дахин нэмэгдсэн байна.
Дэгдэлтийн үед эмнэлгийн орны ачаалал 2-3 дахин ихсэх, эмч мэргэжилтнүүдийн хомсдол үүсэх зэрэг олон хүчин зүйлүүдийн улмаас нийгэм эдийн засаг, эрүүл мэндийн салбарт нилээдгүй дарамт учруулдаг. Хүүхдийн байгууллагад хийсэн ирцийн тандалтаар хичээлээс өвчний улмаас чөлөөлөгдсөн хүүхдийн 60 хувь нь Томуу, томуу төст өвчний шалтгаантай байсан аж.
2024 оны статистик мэдээгээр амьсгалын эрхтний өвчний шалтгаант нас баралт нь 0-1 насны хүүхдийн эндэгдлийн шалтгааны хоёрдугаарт, 1-4 насны хүүхдийн эндэгдлийн шалтгааны нэгдүгээрт, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 20 хувийг эзэлж байна. Таван хүүхэд тутмын 1 нь уушгины хатгалгаа өвчний хүндрэлээр нас барж байна.
Томуугийн халдвараар өвчлөх, хүндрэх эрсдэлтэй хүн ам болох:
- 6 сартайгаас 5 хүртэлх насны хүүхдүүд;
- Жирэмсэн эмэгтэй;
- 65-аас дээш насны ахмадууд, архаг хууч өвчтэй хүмүүс;
Эмч, эмнэлгийн ажилтан, хүүхдийн байгууллагын багш нар дархлаажуулалтад үнэ төлбөргүй хамрагдах юм. Тиймээс Эрүүл мэндийн сайд өнөөдөр өөрийн биеэр иргэдээ уриалж, томуугийн вакциныг хийлгэлээ.