Улс төрийн ууган хүчин, дотоод эв нэгдэл, хамтын хүчээр ялалтад хүрдэг хэмээн бардамнаж байдаг МАН-ынхан эв түнжингүй болсноо эртнээс зарлаж, үе хоорондын тулаан нь ширүүсэх болоод удав.
Хамгийн хоржоонтой нь нэгэн цагт энэ намыг ялалтад хөтөлж, дөрөвдэгч засаглалтай хамгийн ойрхон ажиллаж, ялалтын стратегийг зангидаж явсан Нарийн бичгийн даргыг нь АТГ-аас ачиж яваад, хорьж шалгаад үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл түгээж, нийгмийн сэтгэлзүйг удирдаж байхад намын аппарат нь ганц ч үг ганхийсэнгүй.
Эсрэгээрээ хамгийн их зодолдож, хамгийн их нанчилддаг атлаа Ардчилсан нам харин ямар ч улстөрч, ямар ч гишүүнийхээ төлөө мэдэгдэл хийгээд зогсож байдаг улс төрийн соёлоороо энэ өдрүүдэд ялгарав. Жоомоо алах гээд байшингаа шатаадаг гэгчийн үлгэрээр хүн нь байвал хэрэг нь олддог энэ заваан жишгийг намын даргын сунгаанд хүртэл ашиглаж, улсаа түймэрдэх хэмжээний асуудал болгож буй нь гутамшигтай.
Харин ганц үнэнийг хэлж, намынхаа нөхрийг өмгөөлсөн хүн нь УИХ-ын дарга Д.Амарбаясгалан байлаа. Тэрбээр, “Хууль шүүхийн байгууллага дохиур хэлбэрээр ажиллаж болохгүй. Нийгэмд өрнөж буй үйл явдлыг сайн харах хэрэгтэй байх. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж хүн яллаад араас нь шүүхийн тогтоол унших гээд явж байдаг тохиолдол илт бий боллоо гэж гишүүдийн хэлж байгаатай санал нэг байна.
Нийгэмд шударга ёс тогтох эсэх нь шүүхийн байгууллага ялангуяа хууль хяналтын байгууллагын цэвэр ажиллагааны дүн. Үүнийг Их хурал анхааралдаа авч ажиллах ёстой. Их хуралд хийж болохгүй гэдэг зүйл байж болохгүй. Яаж хийх үү гэдэг арга замаа зөв олж, олон нийтийн бухимдлыг арилгах үүднээс зарчмын байр суурьтай байна. Үүнд анхаарах болно” хэмээн журмын нөхрөө өмгөөлөв. Эр хүн юм, тэр.
Намд нь энэ мэт зодоон гаарч, нийгэмд олон янзын хүчирхийллийн хэрэг гарч, Ерөнхийлөгч нь намын зодоондоо оролцоод байгаа мэт ойлголт хэвлэлээр түгэж, намын нэр дэвшигчээ нэрээ тат хэмээн дарамталсан тухай таамгууд өдөр тутмын сонингоор хүртэл гарч байхад үндэсний эв нэгдлийг хангах учиртай Ерөнхийлөгч маань усанд хаясан чулуу мэт сураг алдарч, хаа нэг хэвлэлийн албаараа дамжуулан мэдэгдэл шидчихээд шигдэж суух нь уг нь зохимжгүй юм. Тэр намын дарга байж үзсэн, намын генсекийн албыг ч нэр төртэй эрхэлсэн хүн.
"Шударга бусын хонгилын эсрэг чөмгөө дундартал зүтгэнэ, Ц.Элбэгдорж, Б.Хурц тэргүүтний угсарсан хонгилыг нураана" хэмээн амлаж байв. Ард түмэн ч түүнд итгэсэн, дэмжсэн, энэ хүртэл дээш гаргасан. Улстөрчдөд хадны мангаа мэт үзэгдээд байгаа “Женко” гэх Х.Баттулгатай хүртэл ойрхон нөхөрлөж явсан нь худлаа биш. Гэтэл өнөөдөр шоронд байх ёстой ялтан Б.Хурц нь Ерөнхийлөгчийн дэмжлэгээр Элчин сайдаар явахаар том дуугарч, яллагдагчаар ирэх ёстой Ц.Элбэгдорж тэргүүтэн МАН-ын зодоонд оролцон Засгийн газрыг тонгорч буйг сэтгүүлчид шүүмжилж буй нь үнэнээс хол биш байх шүү. Харин ч үндэсний эв нэгдлийг хангах учиртай Ерөнхийлөгч нь бүлэглэлд үйлчилсэн тэрхүү зодоонд хачир нэмж чуулганы индрээс “Ажлаа өг. Чадахгүй бол хүчиндээд авна шүү” гэх утгатай үг хэлээд, намынхаа залуу үеийг загнаж суусныг та бид хоёр чихээрээ сонссон нь бас худлаа биш.
Тэгвэл яг л энэ эр зоригийг нь ард түмэн энэ өдрүүдэд үндэсний эв нэгдлийг хангагч хүнээсээ хайж сууна. Хэвлэлийн албаараа бус өөрөө гарч ирээд намын зодоонд хамаагүй, надтай энэ асуудал хамааралгүй гэж дуугарчихдаг байхыг хүсэв.
Аймшигт хэргүүдийг жил гаруй сунжруулдаг атлаа хийсэн хэрэггүй, үйлдсэн гэмгүй нэгнийг намынх нь байрнаас ачаад авчихдаг, араас нь хэрэг үүрүүлдэг АТГ хийгээд хууль хүчний байгууллагын талаар ганц ч тэр үг ганхийсэнгүй. Б.Хурц тэргүүтний угсарсан шударга бусын хонгил улам бүр төгөлдөржиж, дохиур хэлбэрээр ажиллаж байхад өмнөө суулгаад загнах бус өөгшүүлж сууна уу гэж эцэст нь хардахад хүрч байна, Ерөнхийлөгч өө.
"Цэр нь цээжиндээ бөөр нь бөгсөндөө" гэгчээр хууль шүүх нь хэн нэгнийг захилгаар хэлмэгдүүлдэггүй, улс төрд олонхи болсон нам нь зөрчил тэмцэлгүйгээр улс орноо удирдаад яваасай гэж олон хүн хүсэж буй. Гэтэл хэн нь хүчтэйгээ үзэх гэсэн, залуу үедээ зайгаа тавьж өгөхгүй хэмээн улайрч буй энэ бүх зодооны цаана эрхэм Ерөнхийлөгч та байхгүй гэдгээ ил тод зарлаж, нам чинь улсаа түймэрдэхээс өмнө дотоодын зодооныг нь эмхлэх талаар манлайлал үзүүлвэл яадаг юм бэ. Энэ бол туйлдсан ард түмний хүсэл шүү.