ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Балба & Монгол

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
6 цагийн өмнө

Ази тивийн өмнөд хэсэгт Хималайн өвөр бэлээр Хятад, Энэтхэг хоёр орны дунд далайд гарцгүй оршдог Балба улс буюу Непалын ард иргэд тэр тусмаа нийт хүн амынх нь 50-иас илүү хувийг 25 хүртэлх насныхан бүрдүүлсэн “Залуусын орон”-ы Z Gen үеийнхний эхлүүлсэн тэмцэл, эсэргүүцлийн жагсаал цуглаан дэлхий дахины анхаарлыг татсан хэвээр байна.

Авлига, ашиг сонирхлын зөрчил хурцадсан, улс төрийн тогтворгүй байдал буюу 2015 онд Холбооны бүгд найрамдах ардчилсан улс гэдгээ зарласнаас хойш 14 Ерөнхий сайд солигдож, тэр хэрээр ядуурал, ажилгүйдэл нь чинээндээ тулсан энэ улсад төрийн өндөр албан тушаалтнуудын хүүхдүүд л баян тансагаа гайхуулж, тансаг үдэшлэгт явсан зургаа оруулж, брэндийн цаг, цүнхээр бэлэг авснаа сошиал сүлжээнд нийтэлж буй зэрэг нь хүн амынх нь дургүйцлийг төрүүлж #NepoKid гэх хаштаг ашиглан эсэргүүцлээ илэрхийлж байсан билээ.

Тэгвэл энэхүү сошиал сүлжээний тайван замаар эхэлсэн тэмцлийг төр засгийн удирдлагууд нь хүчээр зогсоох буюу Facebook, YouTube зэрэг олон нийтийн мэдээллийн хэрэгслийн 26 платформыг хориглох шийдвэр гаргасны дараа Балбад эсэргүүцлийн жагсаал илүү эрчимтэй болж эхэлсэн юм.

Авлигын эсрэг цугласан залуусаа Засгийн газар нь хүчээр тараах оролдлого хийж, хууль хүчний байгууллага нь буу барьж, нулимс асгаруулагч ашигласны дараа энэхүү тэмцэл цус урсгасан мөргөлдөөн рүү орж, 22 хүн амиа алдаж, 1000 гаруй хүн хүндээр гэмтэж бэртсэн том зөрчилдөөн рүү түлхжээ. Залуусын зүгээс ердөө хоёрхон шаардлага тавьж байлаа. Тодруулбал, Засгийн газар олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд тавьсан хоригийг цуцлах, албан тушаалтнууд өөрсдийнх нь нэрлэж буй "авлигын үйлдлүүд"-ийг таслан зогсоох тухай. Гэсэн ч төрийн албан тушаалтнууд нь тэдний хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, хүч хэрэглэн зогсоох гэж оролдсоны уршгаар хүчирхийллийн бослого болон хувирав.

Тэгвэл энэхүү эсэргүүцэл тэмцлийг Монголын улс төрийн өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулан адилтгаж, “Балбачуудаас залуус суралцах ёстой, улстөрчид айх хэрэгтэй. Балба манайх хоёр яг адилхан байгаа” гэх пост, сэтгэгдлүүд өнгөрөгч өдрүүдэд нийгмийн сүлжээнд хүчтэй явж эхлэх нь тэр.  

Монгол ба Балба юугаараа адилхан бэ

Балбын ард иргэдийн энэхүү зөрчил тэмцлийг шууд сурвалжилсан дэлхий дахины хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нутгийн иргэд ярихдаа “Сошиал сүлжээг хаасан нь зөвхөн шалтаг байсан” хэмээсэн төдийгүй хэзээ нэг өдөр ийм зүйл болох нь цаг хугацааных байсан гэжээ.

Эсэргүүцлийн жагсаалд оролцсон Катмандугийн иргэн 20 настай Муна Шрешта BBC”-д өгсөн ярилцлагадаа “Парламентын ордны гадна жагсаж буй олон хүмүүсийн дунд би зогсож байна. Авлига бол урт хугацааны асуудал байсаар ирсэн. Манай үндэстэн, манай Ерөнхий сайд, эрх мэдэл бүхий хэн ч өөрчлөгдөх цаг нь болсон.

Би үүнийг гэрчилж, шударга ёсны төлөө тэмцэж байгаадаа баяртай байна. Энэхүү өөрчлөлт нь эерэг зүйл авчирна гэж найдаж байгаа. Бидний төлсөн татварыг улс орны хөгжилд тустай байдлаар ашиглах хэрэгтэй. Залуучууд илүү сайн ирээдүйг эрэлхийлэн гадаад руу явж байгааг өөрчилье.

Хэрвээ эх орноо сайхан болгож чадвал залуучууд маань эх орондоо үлдэх болно. Балбад удаан хугацааны турш өөрчлөлт хийх шаардлагатай байсан” хэмээжээ. Яг л Монголын мянга, мянган залуусын хэлдэг үг, хүсдэг зүйл, мөрөөддөг мөрөөдлийг 20-хон настай балба охин хүсэж буйгаа дуулгасан нь энэ юм. Учир нь тэд туйлын ядуу амьдарч байгаа. 29.6 сая буюу 30 сая хүн амтай атлаа  нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ нь Монголоос 4-5 дахин бага буюу биднээс ч ядуу амьдардаг гэсэн үг. 2024 оны дүн мэдээгээр нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээр Монгол Улс 99 дүгээрт байсан бол Балба улс 158 дугаарт буюу хойноо ердөө 30 улсыг оруулжээ. Нийт хүн амынх нь 77.4 хувь нь хөдөө орон нутагт буюу алслагдсан бүс нутгуудад тархан амьдардаг учраас тэдэнд нийгмийн сүлжээ маш чухал. Үүгээрээ Монгол Улстай тун адилхан.

2024-2025 онд гэхэд л сошиал сүлжээ хэрэглэгчийн тоо 750.000 мянгаар буюу 5.6 хувиар нэмэгджээ. Нийт хүн амынх нь 44.8 хувь нь сошиал медиа хэрэглэдэг. Гэтэл хөрш Энэтхэг улсад 33.1 хувьтай байх жишээний. Энэ нь мэдээллээ хуваалцах, тархан суурьшсан учраас мэдээлэлд ойр байхыг чухалчилж буй хэлбэрээс гадна хүн амын дундах ажилгүйдэл, ядууралтай мөн холбон тайлбарлаж болно.

Учир нь Дэлхийн банкны мэдээлснээр Балбын 15-24 насны залуучуудын ажилгүйдлийн түвшин 2024 онд 20.8 хувь байсан ба олон хүн ажлын байраар гадаадад цагаачлахаас өөр аргагүйд хүрсэн аж. Тэр хэрээр хийх зүйлгүй, сошиал орчинд өдрийн ихэнхийг өнгөрүүлдэг гэсэн үг. Монгол Улс харин ажилгүйдлийн түвшин нь 2016-2025 оны хооронд 10-6.6 хувийн хооронд хэлбэлзэж байсан бөгөөд үүн дотроо залуучуудын дундах ажилгүйдлийн түвшин өндөр гардаг гэдгээрээ Балбын залуу үетэй адилхан байгаа юм.

Нөгөө талдаа ажлын байр байдаг ч хөдөлмөрийн үнэлэмж бага гэдгээрээ залуу үе нь эх орондоо бус гадаадад цагаачилж, хараар ажиллаж илүү мөнгө олохыг хүсэж буй нь биднийг адилтгах шалтгаан болжээ. Балбын ДНБ-ий гуравны нэгээс илүүг (33.1%) хувь хүний ​​мөнгөн гуйвуулга бүрдүүлжээ. Өөрөөр хэлбэл, цөөхөн хэсэг бүлэг нь мөнгөтэй гэсэн үг. Төрийг тойрсон томчууд нь брэндийн цаг, машин, гутлаар гангарч олонхи нь хоногийн хоолоо арайхийн залгуулж буй гэдгээрээ Монголтой бас адилхан. Монголд 30-хан гэр бүл болон тэдний ахан дүүс сайхан амьдарч, нийт иргэд нь хоногийн хоолоо арайхийн залгуулж буйг нуугаад яахав.

Хэдхэн сарын өмнө Монгол Улсын Ерөнхий сайдын хүүгийн тансаглал Монголд мөн л тогтворгүй байдлыг авчирч, залуу үеийн эхлүүлсэн жагсаал тэмцэл өрнөснөөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ албан тушаалаасаа огцорч байлаа. Гэхдээ энэхүү жагсаал цаанаа эзэнтэй буюу бүлэглэлийн эрх ашиг, уул уурхайгаас хамааралтай хэсэг бүлгийн захиалгатай байсныг нуух юун. Гэхдээ тэнд чин үнэнчээр очсон, жагссан залуусын хүсэж буй зүйл яг непалийн залуу үетэй адилхан байсныг эргэн санахад илүүдэхгүй. 

Харин Балбад өрнөсөн энэхүү жагсаалд эзэн захиалагч хийгээд бүр жагсаал удирдагч байсангүй гэдгийг дэлхийн олон хэвлэлүүд онцолж байлаа. Тэднийг хөдөлгөсөн хүч нь ердөө цагдаа нарын буудаж хөнөөсөн 20 гаруй оюутан залуус байжээ. Төр нь иргэдээ хүчээр цагдах гэдэг, эхлүүлсэн бизнесийг нь нураадаг ачдаг, илүү эрх мэдлийг өөр нэгэнд өгдөг, татвараар дарамталдаг, аж ахуйн нэгжүүдээ хаадаг, торгодог, төрийн хуулиар далайлгаж  иргэдийнхээ үзэл бодлыг нь хорьдог, улстөрчид хийгээд баячуудын хүүхдүүд, тэдний амраг садан ах дүү нь эд баялаг, эрх ямбаны увайгүй дүр зургаа нийгмийн сүлжээнд гайхуулдаг энэ бүх элийрэл, хэрээс хэтэрсэн доромжлол бүхэн эцэстээ ийм дүр зураг руу түлхэж мэдэх юм шүү гэдгээрээ Монгол ба Балбын нөхцөл байдал туйлын адилхан байлаа.

Монгол ба Балбыг яагаад адилтгаж болохгүй вэ

Балбын ард түмний баян, ядуугийн ялгаа, системчилсэн авлигын эсрэг эхлүүлсэн энэхүү жагсаал тэмцэл өмнө хэлсэнчлэн хүчирхийллийн бослого болон хувирснаар идэр залуухан 22 иргэн нь амиа алдаж, 1000 гаруй хүн шархдаж, олон тооны улстөрчид зодуулж, зарим нь орон гэрээ шатаалгаж, дээрэмдүүлсний улмаас хил даван зугтаж, Ерөнхий сайд асан Жаланат Халаны гэрийг галдан шатаасны улмаас гэргий нь маш хүнд түлэгдэж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, амь нас нь дээсэн дөрөөн дээр байгаа аж.

Энэ бол хэрхэвч хүсэх зүйл биш байсныг Балбын ард түмэн ч өөрсдөө хэвлэл мэдээллээр дамжуулан хэлж байгаа. Гэтэл энэхүү хүчирхийллийг зөв хэмээн өөгшүүлж, “Монголын сайд нарын гэрийг ч шатаах ёстой, шалдалж байгаад зодоцгооё” гэсэн уриалга нийгмийн сүлжээнд явж буй нь туйлын буруу юм.

Зориудаар өдөөж, турхирч, жагсацгаая, гудамжинд гарцгаая хэмээн олны танил бүр улстөрч байсан хүмүүс хүртэл өдөөн турхирч буй нь туйлын буруу зүйл. Хөгжиж буй хийгээд хөгжингүй орнуудын дотоодын зөрчил, үймээн самууныг зориуд өдөөн турхирдаг, тэднийг хагаралдуулах гэж хичээдэг, тэр хэрээр ашиг хонжоо олдог, зориуд турхирагчдыг санхүүжүүлдэг хорт явуулга Монгол Улсад ч өнөө хэр амь бөхтэй оршсоор байгаа. Ийм захиалгууд ч сүүлийн үед эрчимжсэн гэдгийг нуугаад яахав.

2008 оны хүчирхийлэл, үймээн самууныг монголчууд таван залуугийнхаа алтан амиар “төлсөн”. Олон зуун сэхээтнүүдээ өнгөрсөн зуунд өөр улсын захиалгаар “тагнуул” хэмээн хэлмэгдэж, буудан хороосон гашуун түүхийг дахин давтах ёсгүй. Төв Азийн дундах ардчиллын баянбүрд хэмээн нэрлэгддэг Монгол Улсад өнөөдөр ч, цаашдаа ч хүчирхийллийг хэрхэвч уриалж болохгүй юм шүү.

Бидэнд хүссэн цагтаа жагсах, тэмцэх, босох эрх чөлөө бий. Тайван замаар жагсаад тэмцээд төр засгаа, төрийн удирдлагуудаа өөрчилж чаддаг болсон. Балба, ШриЛанк, Бангладеш шиг хатуу хяналт, хараат байдалд арай орчихоогүй байгаа. Нөгөөтээгүүр, үндэсний баялаг гэж нэрлэж болох Парламентын ордон, Дээд шүүхийн байр, өв соёл, үнэт зүйлсээ хүртэл галдан шатааж, нийгмийн эсрэг ноцтой гэмт үйлдэл хийсэн хоригдлуудыг суллаж, дээрэм тонуул хийж буй нь туйлаас буруу байв.

Эсэргүүцлийн жагсаалын үеэр дээрэм хийсэн 20 гаруй этгээдийг баривчилж, 30 гаруй зэвсгийг хураан авсан гэхээр үймээнийг далимдуулагсад тэр хэрээр олон байжээ гэсэн үг. Тус улсын арми хийгээд жагсагчид ч зориудаар өдөөн турхирсан, гадны гар хөл орж, төрийн эргэлт рүү түлхэх байсныг үгүйсгэхгүй хэмээн “BBC”-д ярилцлага өгөхдөө онцолсон байна билээ. Тиймээс энэхүү жагсаалын дуулианаар “Энэ бол байх ёстой зүйл” хэмээн сурталчилж, уухайлан дэмжиж буй хэсэг бүлэг ямар санаа, ямар зорилго агуулсныг ч шалгаж үзэхэд гэмгүй санагдана.

Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнол бол хэдхэн улстөрчийг жагсаж тэмцээд, эсэргүүцээд суудлаас буулгахаас илүү үнэ цэнтэй учраас галдан шатаая, дээрэм хийе, улстөрчдөө зодож бүр хөнөөе гэх зүй зохисгүй уриалга, хүчирхийлэлд уриалсан энэ мэт үйлдэлд бид эрүүлээр хийгээд ухаалгаар хандах учиртай билээ.

Гагцхүү балба залуусын энэхүү үйлдэл Монголын улстөрчид хийгээд тэдний үр хүүхдүүдэд санаж сэрэх, ойлгож ухаарах, үг үйлдлээ хянах, улсаа тонон дээрэмдэх увайгүйтлээ зогсоох сэрүүлэг болох учиртайсан. Бослого үймээний дараа Балбын Ерөнхий сайд К.П.Шарма Оли огцорч, Үндсэн хуулийг өөрчлөх замаар буюу засаглалын өөр хэлбэрийг ярина хэмээж байгаа ч энэ бүхэн ч тэдний хүлээж байснаас тэс өөр зүйл рүү явах вий хэмээн ард түмэн нь санаа зовж байгаагаа ярьсан байна билээ.

Шинэхэн Ерөнхий сайдад нэр нь яригдаж буй, алдарт дуучин, реппер, жагсаалын турш залуусын сүлд дууны эзэн болж байсан Балендра Шах нь энэ бүхнийг өөрчилнө, илүү сайхан ирээдүйтэй улс орныг залууст өгнө хэмээн амласан ч Балбын тархи зүрх болсон ахмад хийгээд залуу улстөрчид айдсаасаа үүдэн улс төрөө орхиж, нутгаасаа дүрвэж, ажлаа өгч буйгаас ажвал төрийн удирдлага нь эзэнгүйдэж, “тархигүй” нэг реппер улс орноо өөр тийш нь удирдах бус илүү дордуулах вий гэсэн болгоомжлолыг ч олон улсын улс төр судлаачид хэлэлцэж байна. Гагцхүү Балбын “Z Gen үеийнхний хүссэн авлигад идэгдсэн хувь хүмүүс, улс төрийн элитүүдийн эрх ашгийн төлөө бус ард түмнийхээ эрх ашгийн төлөө ажилладаг ил тод, тогтвортой Засгийн газрыг бүрдээсэй билээ хэмээн залбирцгаая.

Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин