ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Амарбаясгалан: Халзанбүргэтэйн ордын хайгуулыг түр зогсоосон

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2023-09-20

Засгийн газрын хуралдааны шийдвэрийн талаар танилцуулж дууслаа. Тэгвэл ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хуралдаанаас гаргасан зарим асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Халзанбүргэтэйн ордын талаар Ховд аймгийн иргэдтэй уулзсан. Учир нь Ховд аймгийн Манхан сумын иргэд Халзанбүргэтэйн ордтой холбоотой асуудал буюу ард иргэдийн санал хүсэлтийг харгалзахгүйгээр ашиглах гэж байна гэдэг гомдлыг Ерөнхий сайдад гаргасан.

Ерөнхий сайд энэ асуудлыг анхааралдаа авч, Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлсэний дагуу “Нутгийн иргэд дэмжээгүй уул уурхайн төслийг хэрэгжүүлэх боломжгүй” гэдэг шийдвэр гаргасан. Тиймээс Халзанбүргэтэйн ордын асуудал Засгийн газрын хуралдаанаар ороод хэрэгжих боломжгүй гэдэг шийдвэр гаргалаа.

Тиймээс тухайн аж ахуйн нэгж нутгийн ард иргэдтэй очиж уулзах ёстой. Нутгийн иргэд эсэргүүцэж байгаа бол  тухайн аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулах боломжгүй. Нэн тэргүүнд улс орны эрх ашгийг ярих ёстой. Уул уурхайг хариуцлагатай, илүү өр өгөөжтэй байх бодлогыг Засгийн газар бүх талаараа дэмжинэ. Баянбогд хайрханы эргэн тойрондох талбайг улсын тусгай хамгаалалтад авсах асуудлыг мөн ярилцаж байна. Засгийн газар уул уурхайн төслийг хэрэгжүүлэхгүй гэдэг бодлого бариагүй. Харин хариуцлагатай уул уурхайг бодлогын түвшинд дэмжинэ. Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ажил эхэлсэн, санхүүжилт энэ намраас эхлэхээр болоод байгаа. Монгол Улсын талаас Эрдэнэбүрэнгийн УЦС-ын эдэлбэр газарт хамаарсан байгаа иргэдийн хохирлыг барагдуулах зорилгоор 9.2 тэрбум төгрөгийг ирэх оны улсын төсөвт суулгасан. Эгийн голын УЦС нь геополитикийн маргаантай олон жил явсан. Байгаль нуурын ус татарна гэх үндэслэлээр ОХУ татгалзаж байсан. Сүүлийн үед бидэнд ирж буй мэдээллээр хоёр улсын Засгийн газрын хоорондын хэлэлцээрээр урагшлуулах боломж байгаа юм билээ" гэлээ.