Засгийн газрын хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.
Тэрбээр, “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд болон түүний багийнхан орон нутгаар явж ажиллалаа. Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, төсвийн бодлого аймаг, аймагт хэрэгжилт ямар байна вэ зэрэг олон асуудлыг хамарч ажилласан.
Тиймээс аймгуудад дуусаагүй, олон жил яригдсан төсөл болон барилгын ажлуудад мэдээлэл, судалгаа, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. Нийтдээ 736 арга хэмжээ улсын төсвийн хөрөнгө оруулалтаар үргэлжилж байна. Үүнээс наймаас дээш жил үргэлжилж байгаа, хэд хэдэн удаа үнэ нь төсөвт суусан 25 төсөл байна. Эдгээр төслийг нягталж үзэх, яаралтай хэрэгжүүлэх үүрэг авлаа.
Хугацаа алдсан удаан жил болж байгаа төслүүд нь 60-70 хувь нь захиалагч буюу төр талаасаа хамаарч удааширсан байна. Тиймээс төрийн хэмнэлтийн хууль болон удахгүй нэгдүгээр сараас хэрэгжиж эхлэх төрийн худалдан авах ажиллагаа хуулийн дагуу зөвхөн зураг төсөл, бэлтгэл ажил хангагдсан төслийг санхүүжүүлнэ.
Гүйцэтгэгч талаас нь нэгэнт гэрээлж авсан бол эрсдэлгүйгээр хуулийн дагуу зөрчил гаргахгүйгээр заасан хугацаанд дуусгах шаардлагыг тавина. Шаардлагатай хөнгөлөлт, хүнд суртлыг үзүүлэхгүй байх чиглэлийг өглөө. Цаашид шаардлага хангахгүй аж ахуйн нэгжийг хар жагсаалтад оруулна. Одоогоор 107 компани, аж ахуйн нэгж байна" гэв.