ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Энхбаяр: ХЗДХЯ-нд бүртгэлтэй, бүртгэлгүй 2000 гаруй журмыг хүчингүй болгоно

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2023-11-29

Засгийн газраас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. 

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр: -Гурван долоо хоногийн өмнө Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ МҮХАҮ-ийн танхимынхантай хамт хуралдсан. Энэ үеэр хамгийн их яригдсан зүйл бол бизнес эрхлээд явахаар хамгийн их чөдөр тушаа болдог асуудлын нэг нь журам. 437 хууль хүчин төгөлдөр үйлчилж байна. Үүнд 300-д журам батлахаар хуульчлагдсан байна. Ойролцоогоор 2500 журам байхаар заажээ. Одоогоор 2395 журам бүртгэлтэй байна. 2018 онд 906 журамтай байжээ. Үүнээс хойш нэмэгдсэн. Хог хаягдал, малын тоо толгой, эрчим хүч зэрэгтэй холбоотой нэмэлт журмууд их байна.

Үүнээс 33 хувь сайд нарынх байна. Гол нь БОАЖЯ, Сангийн яам зэрэг багтаж байгаа юм. Засгийн газрын агентлагаас гаргасан журмууд ч байгаа. Иймд баталчихаад ХЗДХ-ийн яаманд бүртгүүлээгүй 850 журам байна. Үүнийг хүчингүй болгох шийдвэр гаргалаа. Мөн бүртгэлтэйгээс 1200 журмыг хүчингүй болгох шийдвэрийг Ерөнхий сайд гаргалаа. Ингээд нийтдээ 2000 гаруй журмыг хүчингүй байх шийдвэр гаргалаа. Журмаар дамжуулж иргэдэд хүнд суртал үзүүлэх, авлига авах нөхцөл бүрдүүлэх, албан тушаал эрх мэдэлд хүрэх арга хэрэгсэл болгож байна. Иймд журамд хязгаар тогтоож байна.