Ерөнхийлөгч Х.Баттулга хөдөө орон нутагт ажиллаж байгаа билээ. Тэгвэл өнгөрөгч мягмар гарагт Завхан аймгийн Их-Уул сумын нутаг Ар ганга уулын ойн цэвэрлэгээний ажлын явцтай танилцлаа. Шатсан ойг цэвэрлэх ажилд төрийн болон төрийн бус олон байгууллага оролцож байгаагаас гадна ахлах ангийн сурагчид, Хууль сахиулахын их сургуулийн сонсогчид мөн гар бие оролцож байсан юм. Учир нь, Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан 2018 оны наймдугаар сарын 2-ны өдөр “Зөв тэмүүлэл-Эх оронч манлайлал” сэдэвт сургалт зохион байгуулах захирамж гаргасан бөгөөд уг захирамжийн хүрээнд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газрын дэмжлэгтэйгээр Завхан аймагт үйл ажиллагаа явуулж буй 12 жилийн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн 11, 12 дугаар ангийн сурагчдыг хамруулан сургалт зохион байгуулахаар болжээ.
Энэ сургалтын нэг хэсэг нь шатсан ойн цэвэрлэгээ бөгөөд сурагчдад Сэтгэлзүйн бэлтгэл, Галын бэлтгэл, Цэргийн дүрэм, жагсаалын бэлтгэл, Амьд гарах ухаан, Биеийн тамир-гардан тулаан, Цэрэг эх оронч хүмүүжил зэрэг сэдвээр хичээл орж, дараа нь мэргэжлийн багаар ахлуулан ойн цэвэрлэгээнд оролцуулсан байна. Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Б.Мөнхбат “Ар ганга уул нь 2002 оны их түймрээр шатсан. Түймэр 577 га талбайг хамарсан. Энэ удаагийн цэвэрлэгээний ажлаар 168 га талбайг цэвэрлэх юм. 66 аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагын 400 гаруй ажилтан, албан хаагч, нийт 2200 гаруй хүн ойн цэвэрлэгээний ажлыг зохион байгуулж, оролцож байна. Мөн ойн цэвэрлэгээ хийхийн тулд Тосонцэнгэл сумын Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвд 200 хүнд хөрөөчний мэдлэг олгож, сургалтад суулгасан.
Ойн цэвэрлэгээнд сайн дураараа оролцож байгаа хүүхдүүдийн аюулгүй ажиллагааг хангахын тулд мэргэжлийн олон зааварчилгаа өгсөн. Таван сурагчид нэг мэргэжлийн зааварлагч оногдож байгаа. 168 га талбайг цэвэрлэхийн тулд нэг мэргэжлийн байгууллагад дөрөв хүртэлх га талбайг оногдуулж өгсөн” хэмээлээ. Цэвэрлэгээний ажлыг наймдугаар сарын сүүлээс өнөөдрийг хүртэл зохион байгуулж байгаа аж. Өнгөрсөн 15 хоногийн хугацаанд ачихад бэлэн 60 машин мод гаргасан бөгөөд талбайд хэмжилт хийж үзэхэд нэг га талбайгаас 25 куб метр мод гарна гэж тооцвол 168 га талбайгаас 4200 куб метр мод бэлтгэгдэх тооцоо гарсан байна. Тосонцэнгэл, Их-Уул сумдад “Зил-30” машин мод 200-250 мянган төгрөг, аймгийн төвд 550-600 мянган төгрөгийн ханштай байдаг байна. Харин цэвэрлэгээнээс гарсан модыг зах зээлийнх нь ханшаар тооцож үзвэл, сумын ханшаар 131 сая төгрөгийн мод, аймгийн ханшаар 288 сая төгрөгийн үнэлгээтэй мод цагаалан бэлтгэжээ.
Улмаар аймгийн төсөвт байгууллагуудад эдгээр модыг хүргэлтээр өгөх юм байна. Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан “Бид ЕБС-ийн ахлах ангийн хүүхдүүдээ өөртэйгөө тэмцдэг чадвартай, ирээдүйдээ зорилго тэмүүлэлтэй, эх орноо хайрлаж хамгаалдаг болгох зорилгыг тавьж, эдгээр ур чадварыг суулгах сургалт, хичээл орж байна” гэлээ. Мөн энэ үеэр ойн цэвэрлэгээнд оролцож байгаа хүүхдүүд сэтгэгдлээ хуваалцсан юм. Тухайлбал, Завхан аймгийн “Чандмань-Эрдэнэ” сургуулийн 12а ангийн сурагч н.Ариунзаяа “Томчууд энэ ойг үнэхээр аймшигтай болгосон байгааг үнэн голоосоо мэдэрч байна. Би өөрийн гараар ойг цэвэрлэж байгаадаа бахархаж байгаа. Бид гар бие оролцсон учраас хэдэн жилийн дараа өндөр мододтой ой болох байх гэдэгт итгэлтэй байгаа” гэлээ. Ерөнхийлөгч Х.Баттулга ойн цэвэрлэгээнд оролцож байгаа хүүхдүүдтэй уулзаж, “Нутаг орноо, шатсан ойг үе тэнгийнхэнтэйгээ нийлэн цэвэрлэж байгаа та бүхнээр бахархаж байна” гээд сурагчидтай уулзаж, ярилцсан юм. Мөн “Зөв тэмүүлэл-Эх оронч