ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

"Эх оронч суралцагч" хөтөлбөрийн нээлт боллоо

O.Admin
2024-09-13

Монгол Улсын тусгаар тогтнол, түүний үнэ цэн, хил хязгаарын халдашгүй дархан байдал, эх орноо хайрлан хамгаалах, бахархах, цэрэг-эх оронч үзлийг төлөвшүүлэх, хууль сурталчлах, байгаль орчноо хайрлан хамгаалах, итгэл үнэмшлийг төрүүлэх хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулж байгаа "Эх оронч суралцагч" хөтөлбөрийн нээлт өнөөдөр Офицеруудын ордонд боллоо.

Нээлтийн ажиллагаанд ЗХЖШ-ын орлогч дарга, бригадын генерал Б.Баатар, БХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Р.Энхболд, Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Г.Ганболд, Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Нямгэрэл нар болон Нийслэлийн ЕБС-ийн багш нар, ахлах ангийн сурагчид, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл оролцсон юм.

Хүндэт зочид "Эх оронч суралцагч" хөтөлбөрт хамрагдахаар ирсэн хүүхэд залуустаа амжилт хүсэж, сайныг ерөөсөн бол ЦДБЭЧ-ын уран бүтээлч хамт олон монгол бүжиг, уртын дуу, морин хуурын аялгуу, цэргийн жагсаалын дуугаар бэлэг барилаа.

Хөтөлбөрийн хүрээнд сурагчид Дархан-Сэлэнгэ аймгуудад орших түүхийн дурсгалт газрууд, улсын хилийн баганад хүндэтгэл үзүүлэх, “Сайханы хөтөл”, “Тужийн нарс” зэрэг үзэсгэлэнт газраар аялна.