ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ХӨШИГНИЙ ЦААНА: Эх үрийн хагацлаар шоу хийгсэд буюу хоёрдугаар ээлжийнхний увайгүйтэл

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
4 цагийн өмнө

“Амьд явахад их юм үзнэ” гэгчээр адгийн хулгайч луйварчид, арчаагаа алдсан авлигач, намчид нэгэн гэр бүлийн үхлээр улс төрийн шоу хийж, төрийн тогтворгүй байдлыг уухайлж, тавилттай жүжиг дэглэж буй увайгүй үйлдлийн гэрч нь та бид болж байна.

Тодруулбал, өнгөрөгч нэгдүгээр сарын 24-ний үед Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт угаарын хийн хордлогын улмаас нэг гэр бүлийн тав, тэр айлд хонохоор ирсэн нэг охин нийт зургаан хүн харамсалтайгаар амиа алдсан. Гэтэл тус гэр бүлээс амьд үлдсэн ганц хүү болох Сүхбаатар аймагт цэргийн алба хааж байгаад ирсэн залуу өчигдөр гэнэтхэн Төрийн ордны гадна мэдээлэл хийж, ээж дүү нарынхаа үхлийн асуудлаар мэдээлэл өглөө.

Нийгэм мэдээж үүнд маш шүүмжлэлтэй хандав. Арчаагүй төр, авлигад идэгдсэн дарга нарын үйлдэлд бухимдсан олон тус бүрнээ шахмал түлшний стандартын асуудлыг хөндөж байтал нөхцөл байдал 21.00 цагаас эхлэн эвгүйтэж эхлэв. Твиттер сүлжээнд "Элийрэгч" гэх нэрээр танигдсан АН-ын Г.Уянга гэх эмэгтэй “Одоо харж л байгаарай. Тун удахгүй энэ эмэгтэйг архичин, хүүг нь хулгайч гэж зарлана. Гэрэгэ таурын хамгийн сайн хийж чаддаг ажил. Нянгар тэр новш хүүг хорьчихсон байх вий” гэсэн утгатай жиргээг хийгээд төд удалгүй мөн л АН-ын тэмцэгч гэгддэг Д.Монголхүү тэргүүтэн “Танай Засгийн газар” гэсэн утгатайгаар яг ийм утгатай бичгийг цацаж эхлэх нь тэр. Тэднийг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж улс төрд бэлтгэж оруулж ирснийг хүн бүгд мэдэх болсон.

Харин хохирогч залуугийн цаана зогсож мэдээлэл өгөхийг нь болиулах гэж оролдож байсан хамаатных нь залуу өнөөдөр өглөө хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Сэтгүүлч үгийг нь зааж өгөхийг оролдсон. Миний дүүг улс төрийн зорилгоор ашиглаж байна” хэмээн мэдэгдсэний дараа Ерөнхий сайдыг огцруулах бичгийг Ч.Лодойсамбуу гишүүн өргөн барьснаар энэ бүх зүйл санамсаргүй биш санаатай, бүр улс төрийн зорилготой өрнөсөн нь тодорхой болов. Яг Засгийн газрын хуралдааны дараахан, Гашуунсухайт-Ганцмодны боомтын гэрээнд гарын үсэг зурах эрхийг сайд нарт өгч, Ерөнхий сайд өөрөө 13-ны өдөр БНХАУ руу явах цагт энэ үйл явдал өрнөж буй нь том улс төрд зориулсан жүжиг байсан гэдгийг хэн ч ойлгохоор болов. “Гэрэгэ” таурынхан нь харин энэ удаа ялимгүй хоцорч алхсан ч өнөөдөр хэн, хаана юу өрнүүлсийг төвөггүй илрүүлчихэв бололтой. Сошиал орчинд асуудлыг илрүүлсэн, ард нь хэн байсныг олж харсан мэдээллүүд ар, араасаа хөвөрч эхэлжээ. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн тухайд АН-ын дарга Лу.Гантөмөр түүнийг улс төрд хөтөлж оруулж ирсэн.

Гэвч сүүлийн жилүүдэд тэр АПУ-тай сүрхий сүжирч, тус компаний мэдлийн телевизэд ажиллаж байлаа. Мөн MCS-ийн хүн гэгдэж буй Д.Энхтүвшинтэй парламентад орж ирснээсээ хойш хамтарч гүйх нь олон харагдах болсон билээ. Өнөөдөр өдөр өргөн барина гэдгээ мэдэгдсэн Ерөнхий сайдыг огцруулах бичигт мөнөөх л Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой хувь, хувьсгалын олон асуудлаар нэр холбогдож, бэлтгэгдсэн хүн нь гэгдэх УИХ-ын гишүүн Жудагийн Баярмаа хамгийн түрүүнд гарын үсэг зурсныг харвал улс төрийн тоглоомыг тэд өрнүүлжээ гэж хардах нөхцөл бүрдэж буй юм.

Энэ бүхэн 11-ний өдрийн Засгийн газрыг огцруулах жагсаалд бэлтгэсэн тавилттай, өрнөлтэй жүжиг болон хувирчээ гэж дүгнэж болохоор байна. Хамгийн ноцтой нь сошиалд явж буй мэдээллээс харвал “амь хохирогч” хэмээн эхэлсэн цагдаагийн рапот мэт харагдуулах тус бичигт буй талийгаачид гэр өгсөн, нас барсан хүүхдүүд нь зогсож буй зураг зөвхөн хүмүүнлэгийн байгууллагад байсан гэх бөгөөд АН-ынхан энэхүү хүмүүнлэгийн үйлсийг зохион байгуулсан гэх хардлага гарлаа. Тэд ингэтлээ увайгүйтжээ. 

Хуульзүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл “Талийгаач архины хамааралгүй ажил хийдэг байсан, хүү өөрөө онц хилчин, нэр төртэй алба хааж байсан”-ыг тодотгов. Тэгэхээр энэ бичиг хуурамч буюу сошиалд өгөөш болгон шидэж өгөх зорилготой байсан нь ил болов уу хэмээн хардаж байгаа юм. Хамгийн ноцтой нь хүүг олдохгүй байгааг Хуульзүйн сайд өнөөдөр өглөө л ярьсан атал "Элийрэгч" гэх Г.Уянга өчигдөр сошиал сүлжээнд оруулсан "Нянгар хорьчихсон байх вий" гэх утгатай жиргээгээрээ хүүг алга болсныг мэдэж байсан уу гэсэн хардлага юм. Мөн хүү чөлөөгөөр гарсан байлаа ч эс бөгөөс цэргийн албанаас чөлөөлөгдсөн байлаа ч цэргийн алба хаагчийн хувцсаа өмсөж явахыг хориглодог. Гэтэл Төрийн ордны гадна цэргийн хувцастайгаа гарч ирсэн нь ч сэжиг дагуулах үйлдэл буюу Хилийн цэрэг хэний мэдэлд вэ гэдэг асуултыг дагуулахад хүрч буйг нуух юун. 

Тэгэхээр энэ бүхнийг том улс төрөөр харвал 13-нд Ерөнхий сайдыг БНХАУ руу явахаас нь өмнө унагах, аль эсвэл өөрсдийн талд ашигтайгаар буулгаж авах, 11-ний жагсаалыг санаандаа хүртэл зохион байгуулах буюу нийт массын дэмжлэгийг зохион байгуулалттай авах гэсэн улс төрийн увайгүй үйл явдал болон өрнөв. Мөн 34 хувиа алдахыг хүсэхгүй байгаа хэсэг бүлэг, цаашлаад өмчөө төрд хураалгахыг хүсээгүй хүмүүсийн эрх ашиг байгааг ч Лодой гишүүн яриандаа ам алдчихав. Талийгаачийн хүү яагаад олны өмнө дахин гарч ирээгүй, Хуульзүйн сайд нь хүртэл хайгаад байхад яагаад олдохгүй байгаа, аавгүй гэж тодотгосон хүүд хаанаас авга ах, эгч гараад ирэв. 

Цаашлаад АН-ынхан Тэрэлжид хуралдсаны дараа АН-ын дарга Лу.Гантөмөр яагаад “Лхагвын тойм”-д би унасан ч боссон ч Засгийн газартай үлдэнэ гэх ярилцлага өгөв гэдгийг эргэж нэг харцгаая. Түүний улс төрд оруулж ирсэн залуу намын даргаасаа, баруун гар нь болж зөвлөж явсан ахаасаа “урваж” нөгөө талд гарч, бүр АН-аас гарах хэмжээнд асуудал өрнөжээ гэдэгт хэрсүү ухаанаар хандаж, хэн хэнийг нь дагаж гүйхгүйгээр анхааралтай ажиглах цаг үе ирээд байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятад руу явчихвал бүх зүйл нь нурж унан дуусах бүлэглэл хийгээд энэ гэрээг хийх асуудлаас болж суудал нь дэнжигнэж буй Ерөнхий сайд талынхны зодоон дунд эгэл ард харин хэрсүү байж, мэдээлэлд шүүлтүүртэй хандах цаг иржээ. Энхрий бяцхан үрс, эгэл нэгэн ээжийн үхлээр хүртэл улс төр хийх хүртлээ увайгүйтэж байна гэхээр энэ бүхнийг захиалагч эзэд хийгээд улстөрчдийн дуусашгүй шунал, дундрахгүй их хүсэл, ордод эзэн суух гэсэн увайгүй улс төрд үйлийн үрийн төлөөс гэж байх биз ээ. Хамгийн харамсалтай нь улстөрчдийн зодоон, талцал хуваагдал дунд хүүгийн гэр бүлийн халуун амь юу ч биш болж, тэд маргаашийн өөр нэг улс төрийн шоунд мартагдаад үлдэх вий гэдэгт л бид анхаарах ёстой билээ. Цааш, цаашдаа олон халуун амь энэ түлшнээс болж эндэхгүй байх эсэх нь улстөрчдөд огтоос сонин биш байсныг нийт массын өмнө дэглэсэн энэхүү эмгэнэлт үйл явдлаас бид олж харав.