Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрөгч даваа гарагт “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан хүмүүсийг тусгай үүрэгт элчин сайдаар ажиллах урилгыг хүргүүлж байгаа. Олон улсын жишиг” хэмээн ярилцлага өгч байсан.
Тэгвэл өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын төрийн гурван өндөрлөгт ажиллаж байсан нэр бүхий хүмүүсийг “Тусгай үүрэгт элчин сайд” буюу том төсөл, мега төслүүдийг хоёр хөрш хийгээд бусад гуравдагч хөрш орнуудтай хамтран урагшлуулахад үүрэг гүйцэтгэх чиг үүрэгтэй албан тушаалд томилсон шийдвэр гарсан. Гэхдээ тэд ямар нэг байдлаар тухайн улсад очиж цалин пүнлүү авахгүй бөгөөд Монгол Улсдаа ажиллаж амьдрахын сацуу, тухайн улс орнуудтай харилцаа хамтын ажиллагааг хийхэд өөрийн эрхэлж байсан албан тушаалын зэрэг зиндаа, нэр хүндээ ашиглуулах учиртай албан тушаал аж.
Тухайлбал, УИХ-ын дарга асан З.Энхболд нь мега төслүүдийн хамгийн чухалд эрэмблэгдэж буй Монгол Улсын нутгаар дамжих БНХАУ, ОХУ-тай хамтран барих хийн хоолойн асуудал хариуцсан тусгай элчээр томилогджээ.
УИХ-ын дарга асан М.Энхболд нь булангийн орнуудаас хөрөнгө оруулалт татах үүргийг хүлээсэн бөгөөд Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатартай хамтран ажиллаж метро барих санхүүжилт, төсөв хөрөнгө оруулалтыг татах ажлыг эхлүүлээд явж байгаа аж.
Харин Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын тухайд боомтын асуудал хариуцсан сайд Б.Тулгатай хамтран боомтын хөгжлийн асуудлаар хөрөнгө оруулалт татах үүрэг хүлээсэн бол Үндэсний аюулгүй байдлын Ерөнхий нарийн бичгийн дарга асан А.Гансүхийн тухайд зам тээврийн салбарт гэх зэргээр өөр, өөрсдийн саналыг хэлж байгаа аж.
Тэгвэл эдгээр албан тушаалтнуудын томилгоотой зэрэгцэн авлигачдыг албан тушаалд томиллоо гэх сөрөг мессеж ч цөөнгүй харагдана. Тэдний ганц нэг нь сөрөг асуудалд нэр холбогдсон хүмүүс байгаа нь үгүйсгэх аргагүй.
Тухайлбал, Ерөнхий сайд асан Сү.Батболдын тухайд тийм ч сайн нэртэй хүн биш. Гэлээ гэхдээ тэд бүгд ардчилсан Монгол Улсын 35 жилийн түүхийг бичилцсэн хүмүүс. Сайнтай муутай ч төр удирдаж, хууль тогтоох байгууллагыг тэргүүлээд улс төрийн алдаа оноо дундуур туучаад, түүх бичилцээд ирсэн. Тэр утгаараа өөрсдийн мэдлэг оюун ухааныг төрд ашиглуулаад, нэр хүнд, нэр нүүр гэж олон улсад байдаг бол холбоо сүлбээгээ ашиглаад явах нь буруу зүйл биш байлтай.
"Монголын төр зүтгэсэн хүндээ халтай" гэдэгчлэн төрд ажилласан, төрийн төлөө тангараг өргөж ажилласан бүхэн муу муухай, залуус л гоё, залуу үедээ зай тавьж өг хэмээн муйхарлаж бас боломгүй санагдана. Төрийн хар хүн гэдэг шиг төрд ажиллаад үзчихсэн, сайн муугаар нь дамжчихсан, улс төр яаж явдаг, яриа хэлцлийг яаж хийдэг гэдгийг мэддэг болчихсон улстөрч нарынхаа мэдлэг туршлагыг нам харгалзахгүй дэмжиж байж Монгол Улс хөгжинө үү гэхээс энэ болохгүй, тэр өөр намынх, тэр насаараа төрд явчихсан хөгшин гэх мэтээр ялгаварлан гадуурхах тусмаа бидний хөгжил хойш татагдаж, улстөржилт намчирхал чинээндээ тулна гэж сэтгээд байгаа юм.
Туршлагатай улстөрчдийнхөө мэдлэг, туршлагыг ашиглах гэсэн санаа тийм муу, муухай зүйл биш байлтай. Хүссэн ч эс хүссэн ч бид нэг улсын хөгжлийн төлөө ажиллах учиртай. Өс хонзон, өшөө авалт, намчирхлаа хойш тавьж нэг улсын төлөө нэгдмэл ажиллах нь буруу зүйл биш л баймаар.