Говийн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр, "“Энержи Ресурс" компанийн эзэмшиж буй Ухаа худаг орд бол манай говийн бүсэд байдаг орд. Миний сонгогдсон говийн бүсэд Монгол Улсын сангийн авдрыг дүүргэдэг стратегийн томхон ордууд байдгийг та бүхэн мэднэ.
Зөвхөн Өмнөговь аймаг гэхэд л 1.7 их наядын орлогыг улсын төсөвт төвлөрүүлдэг. Говийн бүсэд нэр дэвшсэн шалтгаан гэвэл миний 28 жилийн амьдрал үүнээс 15 жилийн амьдрал Монголын олигархиудын эсрэг чиглэсэн. Өөрт таалагдсан хуулийг баталж уул уурхайн баялгийг тэд хуу хамдаг, хулгай хийдэг. Үе үеийн цагдаагийн дарга, шүүх, прокурор, хуулийнхан, цаашлаад УИХ-ын гишүүд, Засгийн газар, Ерөнхий сайдтай хүртэл хуйвалдсан сүлжээг удаа дараагийн ярилцлага нийтлэлээрээ илчилж байсан. Би энд өөрийн 15 жилийн турш цуглуулсан баримтыг авч ирсэн. МАК, Ухаа худаг, Эрдэнэт 49 хувь, "Энержи ресурс", бүх банкны хувьчлалын баримт байгаа.
Энэ дотроос Засгийн газар “Ухаа худаг”-ийг “Энержи ресурс” луйвраар авсан гээд УИХ руу тогтоолын төсөл оруулах гэж байна. Ажлын хэсгийг О.Алтангэрэл ахалж буй. Надад энэ бүх баримт байсан. Би удаа дараа энэ бүх хулгай луйврыг илчилж байсан ч хэн ч тоогоогүй. Одоо харин ярьж эхэлсэн учраас би Засгийн газарт тусалж, УИХ дээр Хянан шалгах дэд хороо байгуулж ажиллахын төлөө манлайлж ажиллана.
Улсын нууцад байгаа баримтууд одоо миний өмнө нээлттэй болсон. Учир нь би УИХ-ын гишүүн учраас. Өнөөдрийг хүртэл шүүхээр намайг хэн нэгнийг гүтгэсэн гэж яллаж байгаагүй. Сэтгүүлч хүн эрэн сурвалжлах сэтгүүлч хүн гишүүн болсон тохиолдолд яаж хяналт тогтоож, ард түмэнтэйгээ хамтарч ажилладаг вэ гэдгийг харуулах гэж энд сонгогдсон.
Хянан шалгах дэд хороог ажиллуулахын тулд өөрийнхөө албан бланк дээр гишүүдээс гарын үсэг цуглуулна. 32 гишүүн зурснаар байгуулах боломж бүрдэх учраас нэн тэргүүнд АН-ын гишүүдэдээ хандана” гэв.
Мөн “Энержи ресурс” компани 2009 оноос 2021 он хүртэл 12 жилийн хугацаанд илүү АМНАТ төлсөн гэж Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгох гэж шүүхэд өгсөн гэдгийг Л.Мөнхбаясгалан гишүүн онцоллоо.
“АМНАТ гэж юу вэ. Газрын хэвлий болон газрын гадарга дээр байгаа байгалийн тогтоц бүхий нөөцийг төр хувийн хэвшил юм уу, хамтарч эзэмшсэн компанид ашиглуулсныхаа татварыг төлөхийг хэлдэг. “Энержи Ресурс”-т энэ хууль үйлчлэхгүй гээд Монголын төрөөс 209.6 тэрбум төгрөгийг нэхэмжилснийг гурван шатны шүүх хангаж шийдвэрлэсэн. Өнөөдөр бүх нүүрсний хийгээд бусад уул уурхайн компаниуд Засгийн газрын тогтоол шийдвэрийг хэрэгжүүлж, татвараа төлдөг. Ганцхан энэ компанид хамаагүй гэж байна.
Яагаад гэвэл, 23 жилийн хугацаатай 2030 он хүртэл байгуулсан “Тогтвортой байдлын гэрээ”-гээ бидэнд харуулах ёстой. “Энержи Ресурс”-т ямар ямар хууль үйлчилдэггүйг бид мэдэх эрхтэй. Тавантолгойн бүлэг ордыг буцааж өгөөд 4-хөн хувийг авсан гэдэг боловч нийт байгаа 8.4 тонн нүүрсний 24 хувь нь тэр дөрөвхөн хувь дээр байдаг. Тэд хууль зөрчсөн юм уу, хулгай хийсэн юм уу гэдгийг тодорхой болгох ёстой” хэмээлээ. Өнөөдөр, өчигдөрт ч Монгол Улсын Засгийн газар Централ таурт хуралдаж буйг өөрчлөх ёстой учраас сэтгүүлч та бүхэнд би энэ мэдэгдлийг хийж байна. Миний ярьсан дунд худлаа зүйл байвал би хуулийн хариуцлага хүлээнэ. Засгийн газрыг тууштай дэмжиж ажиллана гэлээ.