УИХ-ын хаврын чуулганы “халуухан” сэдвүүдийн нэг нь Стратегийн орд газруудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох сэдвээс гадна “Ухаа худаг” ордыг улсын мэдэлд авах тухай буюу тус ордын лицензийг олгохдоо хууль зөрчсөн, хууль бусаар олгосон гэх ажлын хэсгийн дүгнэлтийг сонсож, түүнийг хуульд нийцүүлэх тухай асуудал.
Мөн Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын хил холболтын асуудлаар хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл ч энэ долоо хоногийн чуулганы хуралдаанаар орж ирэхэд бэлэн болж, намын бүлгүүдийн дэмжлэгийг авчихаад байгаа.
Тэгвэл нийгмийн хийгээд нийтийн дайснуудын анхааралд орж, нийтээрээ талцан хэрэлдэж буй нэг сэдэв бол “Ухаа худаг” ордоос төрийн эзэмших 34 хувь, бүр цаашилбал энэ ордыг улсад буцаан авах тухай сэдэв. Энэ тухай яригдаж эхлэхтэй зэрэгцэн хэвлэл мэдээллээс хол хөндий байдаг “MCS” группын Ж.Оджаргал хүртэл санаатай, санамсаргүйгээр хэлд орж, ганц нэгхэн хэвлэлээр байр сууриа илэрхийлэх болов. Эхлээд үхрийн фермийн хашааны гадна зогссон дотоод сүлжээнд тавигдсан байр суурь гэх дуу, дүрс муутайхан бичлэг цацсан бол энэ удаа бичлэгийн чанараа дээшлүүлж, NTV телевизэд өгсөн мэдээллээ цацах нь тэр. Ингэхдээ “Би Засгийн газрын байр суурийг дэмжинэ. Стратегийн орд газруудад төрийн эзэмшлийн хувь хэмжээг нэмэх нь зөв” хэмээжээ. Гэхдээ нөхөр өөрийнхөө орд газраас өгөхгүй гэдгээ илэрхийлчихэж.
Өөрөөр хэлбэл, би тэр орд газрыг чинь бүхэлд нь эзэмшиж байсан. Харин ч таван лицензээ буцааж төрд өгсөн шүү. Ердөө дөрөвхөн хувийг л эзэмшиж үлдсэн хэмээн биеэ өмгөөлснийг харвал 34 хувийг байтугай бүхэлд нь буцааж өгөх хүсэлгүй байгаа гэдгээ илэрхийлсэн гэсэн үг. Тэгвэл MCS-ийн эзэмшиж буй энэ дөрөвхөн хувь нь Тавантолгойн бүлэг ордын хамгийн гол өрөм буюу коксжих нүүрсний гол орд гэдгийг бид ар араасаа дэлгэгдэж буй олон баримтаас харж байна.
Тухайлбал,
Тавантолгойн бүлэг орд нь дэлхийд эхний 10-т ордог, 7.4 тэрбум тонн нүүрсний нөөцтэй том орд юм билээ. Тэндээс 5.1 тэрбум тонн нь коксжих нүүрс буюу хүхэр, үнс, чийг багатай, хамгийн үнэтэй нь коксжих нүүрс. Харин коксжих нүүрсний 25-40 хувь нь ”Ухаа худаг” ордод байгаа. Гэтэл тэрхүү ордыг “Энержи ресурс” ХХК 30 жилээр дангаараа эзэмшиж, жилдээ 4.4 их наяд төгрөгийн цэвэр ашиг олж байна. Өнөөдрийн байдлаар гэхэд л "Энержи Ресурс"-ын толгой компани буюу ММС-ийн орлого 1.039 тэрбум ам.доллар болж, түүхэн дээд түвшинд хүрчээ. 2023 онд нэг тэрбум 34.8 сая ам.доллар, 2024 онд нэг тэрбум 39.9 сая ам.долларын ашиг олсон байгаа юм.
Гэтэл өнөөдрийг хүртэл монголчууд энэ ордоос таван төгрөг ч гар дээрээ авч чадаагүй. Тэд харин бидний баялгаас олсон ашгаараа өөрсдийн гар хөлийн үзүүрт зарагдах улстөрчдийг үе, үеийн парламентад шургуулж, “хөгжмөө захиалж” иржээ. Үүнийг саяхан дэлгэгдсэн баримтаас харж болно.
Гурван улстөрч улсынхаа талд зогсоно гэдгээ илэрхийлсэн бол Ч.Лодойсамбуугийн бичигт мөн гурван гишүүн гарын үсэг зуржээ
ММС групп буюу MCS хийгээд “Энержи ресурс” өөрсдийн эзэмшлийн том групп болон охин компаниудаараа дамжуулан жилийн жилд парламентад нэр дэвшиж буй улстөрчдөд хандив өгдөг. Хэдийгээр УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэр дэвшигч аль нэг компани, аж ахуйн нэгжээс хандив авч болно гэдэг эрх нээлттэй ч түрээсийн байранд үнэгүй амьдруулж, тэрбум, саяар өгсөн хандивынхаа хариуд кнопоо үнэл гэж тусгаагүй.
Тиймдээ ч ирэх өдрүүдэд MCS-ээс хандив авсан нэр бүхий гишүүд улсынхаа эрх ашгийн талд зогсох уу, эсвэл... гэсэн хүндхэн асуултын өмнө ирээд байна. Хэвлэл мэдээллийнхэн бид ч хэрсүү байж хандив авсан улстөрч бүлэглэлтэй тэмцэж буй Ерөнхий сайдын талд уу, эсвэл бүх баялгийг хувааж хүртсэн бүлэглэлдээ үйлчилж байна уу гэдгийг харах цаг нь болжээ. Үнэхээр тэд хуулийн хүрээнд хандив авсан бол эрх ашгийн талд гараа өргөхгүй зогсох ёстой.
Тухайлбал, энэ удаагийн парламентаас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг MCS группээс 140 сая, Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан 370 сая, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал 270 сая, УИХ-ын гишүүн Э.Болормаа 100 сая, Ц.Даваасүрэн 70 сая, Ц.Идэрбат-90 сая, Р.Эрдэнэбүрэн 70 сая , Б.Бат-Эрдэнэ 100 сая, Н.Наранбаатар 170 сая, Д.Ганбат 100 сая, Б.Пүрэвдорж 170 сая, Б.Тулга 100 сая гэх мэтээр 20 гаруй УИХ-ын гишүүд хандив авчээ. Тэгвэл эдгээр улстөрчдөөс одоогийн байдлаар гурав нь Засгийн газрын талд зогсоно гэдгээ илэрхийлээд байна.
УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Л.Энх-Амгалан “Ухаа худагийн асуудалд Монгол Улсын эрх ашгийн талд саналаа өгнө. Тангараг өргөсөн УИХ-ын гишүүд шүү дээ, бид чинь” хэмээсэн бол УИХ-ын гишүүн Э.Болормаа “Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурахгүй. Улсын эрх ашиг нэгдүгээрт байх ёстой” хэмээжээ. Мөн Байгаль орчны сайд асан Б.Бат-Эрдэнэ “Ухаа худагийн асуудлаар улсын эрх ашиг нэгдүгээрт. Засгийн газрыг огцруулахыг дэмжихгүй” хэмээжээ.
Үүнээс гадна УИХ-ын гишүүн О.Батнайрамдал ч "Ухаа худагийн асуудал дээр Засгийн газрын талд кноп дарна. Байгалийн баялгаас маш их хамааралтай орны хувьд хуваарилалт хийх л ёстой. Тэгэхгүй бол баялгийн хараал болсон орны нэг болно" хэмээн хэвлэлд байр сууриа илэрхийлжээ. Эндээс харвал улсын хөгжил нэгдүгээрт гэдгийг олж хардаг, эрүүл ухаантай улстөрч энэ улсад үлджээ гэсэн итгэл найдвар төрж байна.
Тэгвэл нөгөө талд Засгийн газрыг огцруулах буюу энэ бүх эрх ашгийн эсрэг зогсоно гэдгээ илэрхийлсэн улстөрч мөн цөөнгүй байгаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, Ж.Баярмаа, Ш.Бямбасүрэн нар Засгийн газрыг огцруулах бичигт хамгийн эхэнд гарын үсэг зурсан бол Гашуунсухайт-Ганцмодны боомтын хил холболтын төмөр замын асуудлыг Д.Энхтүвшин гишүүн идэвхтэй эсэргүүцэж байсныг олон нийт мартах учиргүй.
Энэ бол хувь улстөрч Л.Оюун-Эрдэнэтэй хийсэн тэмцэл, улс төрийн эрүүл шүүмжлэл гэхээс илүү томилсон эзэндээ үйлчилсэн кнопны улстөрчдийн явуургүй улс төр байсныг ч олон нийт соргогоор олж харсан. Юмс одоо дөнгөж эхэлж буй энэ цагт улсын эрх ашиг нэгдүгээрт үү, эсвэл бүлэглэлийн амьдрал, тэдний эзэмшдэг баялаг чухал уу гэдгийг ялгаж салгаж, өөх ч биш булчирхай ч биш хөшигний ард суухгүйгээр зоригтой гарч ирээд байр сууриа шударгаар илэрхийлмээр байна, улстөрчид өө. Та бүхэн ард түмний сонголтоор гарч ирсэн гэдгээ санаж, ирэх өдрүүдэд эрүүл ухаанаар улс төр хийнэ гэдэгт найдъя.