Г.Занданшатарын Засгийн газар 2025 оны төсөвт тодотгол хийж, нэн чухал бус санхүүжилт хийгдээгүй хөрөнгө оруулалтуудыг танахаас гадна төрийн албанд бүтцийн цомхотгол хийхээр болсон билээ. Тэгвэл боловсролын салбарт 170 орчим тэрбумын таналт хийгдэхээр болсон талаар БШУ-ы сайд П.Наранбаяр мэдээллээ.
Тэрбээр, “Хотхоны бага сургуулийг ирэх жилээс эхэлж байгуулна. Ингэснээр бага сургуулиудын ачаалал буурна гэж харж байгаа. Манайх том төсөвтэй салбар. 170 орчим тэрбумыг танаж байна.
Ихэвчлэн төрийн төв байгууллага болох яам, боловсролын ерөнхий газрын боловсон хүчнийг танаж байна. Багшийн орон тоог бол танахгүй. Боловсролын үнэлгээний газрын алба хаагчдаас таналт хийгдэх болов уу. Агентлагийн хэмжээнд учраас татан буулгах асуудал ч яригдаж мэднэ” гэв.