"Төгрөг" нуурын ордын анхны Гүйцэтгэх захирал гэх Л.Дүгэржав агсны охин Д.Болорсүрэн ар гэрт нь заналхийлж, олон янзын дугаараас залгаж, мөн гурван жилийн өмнө нас барсан аавыг нь тус ордыг дээрэмдэж идсэн мэтээр мэдээлэл гарч буйд харамсаж буйгаа илэрхийлэн АТГ-ын үүдэнд өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрбээр, “Юуны өмнө та бүхэнд аавыгаа танилцуулъя. Миний аав Л.Дүгэржав бол эрдэмтэн, доктор, профессор, Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, Антрактид тив рүү долоон удаа явсан нэр хүндтэй хүн. 2005 онд хэсэг нөхдийн хамтаар Төгрөг нуурын ордын дэргэд утаагүй түлшний үйлдвэр байгуулж байсан.
Аав минь Төгрөг нуурын ордын 20 хувийг нь эзэмшигч байсан. Гэтэл 2009 онд Хонгконгийн хөрөнгийн бирж дээр 250 сая ам.доллароор зарсан гэдэг мэдээлэл гарсан. Бид 20 хувиа авах хүсэлт гаргасан ч түүнийг шилжүүлж өгөхгүйгээр явчихсан. Гурван шатны шүүхээр явсан ч тусыг эс оллоо. Та бүхэн өртэй байж гээд нэг компани руу шилжүүлсэн ч байсан ч тэнд нь бид өр байгаагүй. Тэгээд авч чадаагүй. Хамтраад идчихсэн юм шиг болж байгаад гайхаж байгаа учраас иргэн хүний хувьд энэ материалыг АТГ-т өгье гэж бодлоо.
17 жилийн дараа яагаад энэ асуудлыг сөхөж гаргаад улстөржүүлээд байна вэ. Сүнсийг нь хүртэл амирлуулахгүй, 1.3 сая ам.доллароор хуваагаад идчихсэн мэтээр ярьж байгаад гайхаж, АТГ-т хандлаа. Над руу олон янзын дугаараас залгаж байна. Би үр хүүхэдтэй хүн. Надад хамгаалалт хэрэгтэй байна. Би АН-ын ҮБХ-ны гишүүн хүн. Өчигдөр баярын хурлын үеэр янз бүрийн хүмүүс утасдаж байна шүү дээ. Эрдэмтэн хүн учраас 2008 онд утаагүй түлшний үйлдвэр байгуулсан ч төсөл гацаанд ороод яваагүй.
Эрүүл, аюулгүй нийгэмд амьдрах эрхтэй учраас намайг хамгаалалтад аваач гэж хүсэлт гаргаж байна. Би харддаг юм. Охин үрийнх нь хувьд. Тухайн үед “Камикс” компанийн захирал Дэннис, манай аав, ТУЗ-ийн нэг гишүүн бүгд бурхан болсон. Миний аав гэхэд Антрактид тивд долоон удаа авирч байсан хүн. Гэтэл гэнэтхэн л бурхан болчихсонд итгэхгүй, хардаж бодож явдаг. Хүлээн зөвшөөрдөггүй. Хардах эрхтэй гэж бодож байна. Аавыг минь 1.3 сая ам.доллароор Төгрөг нуурын ордыг зарж идсэн гэх мэт янз бүрийн мэдээлэл гаргаад байгаад харамсаж байна. Өөрт байгаа мэдээ, материалуудаа иргэн хүний хувьд АТГ-т өгчихье гэж бодлоо” хэмээлээ.