ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Тээврийн хэрэгслийн татвар нэмэгдүүлснийг хүчингүй болгох асуудлаар ажлын хэсэг байгуулав

O.Admin
2025-04-09

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдөр /2025.04.09/-ийн хуралдаанаар нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэдийн хоёр өргөдлийг хэлэлцлээ. Хувь хүний орлогын албан татварын хэмжээг нэг хувь болгон бууруулах талаар иргэн Р.Шинэгэрэлийн гаргасан нийтийн өргөдөл 100187 иргэний гарын үсэг бүхий санал авсан тул татварын хуулийн ажлын хэсэгт шилжүүллээ.

Харин Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн албан татварын хэмжээг нэмэгдүүлснийг хүчингүй болгох талаар иргэн Э.Батбаярын гаргасан санал 33042 иргэний санал авсан учраас хуулийн дагуу ажлын хэсэг байгуулж, УИХ-ын гишүүн Т.Аубакираар ахлуулахаар байнгын хорооноос шийдвэрлэлээ.

Мөн байнгын хорооны хуралдаанаар Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Онцгой албан татварын тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг заалт тус бүрээр хэлэлцэн дэмжиж, санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.