Улсын Ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг зөвшилцөх асуудлыг өнөөдрийн чуулганаар хэлэлцэж, 83.5 хувийн саналаар улираан томилох саналыг дэмжлээ.
Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Б.Жаргалсайханыг улираан томилох асуудлыг ЕТГ-ын дарга Г.Занданшатар танилцууллаа. Тэрбээр, “Б.Жаргалсайхан нь 1964 онд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд төрсөн. Ам бүл дөрөв. Өвөрхангай аймагтаа дунд сургуулиа төгсөж ирээд 1983-1988 МУИС-ийн Нийгмийн ухааны факултетийн хуулийн салбарын хуульч мэргэжлээр төгссөн. Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх, хуулийн салбарт нийтдээ 37 жил ажиллаж байна. 1988 онд Өвөрхангай аймгийн Прокурорын газраас ажлын гараагаа эхэлж, энэ салбарт тасралтгүй ажилласан” хэмээлээ.
Түүнийг улираан томилох асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асуув. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “2016 онд гишүүнээр сонгогдоод 2017 онд төсөв ярьж байхад прокуроруудын цалин бага, шүүгч нарынх нь өндөр байсан. Улмаар, цалингийн төсвийг нь нэмэгдүүлэх санал гаргаж, Ц.Нямдорж сайд саналаа гаргадгаараа гаргачих, манай бүлэг дэмжинэ гээд энэ санал дэмжигдэж байлаа. Ингэснээр олон удаа цалин хангамж нэмэгдэж, энэ салбар ахиц дэвшилтэй яваа шүү. Ер нь мэргэжлийн хүн энэ салбарыг удирдаж байгаад баяртай байна. Хэргээ уншиж мэддэг хүн прокурорын байгууллагыг удирдах нь хүнийг хэлмэгдүүлэхгүй байхад гол чухал юм. Мөн улс төрийн нөлөөнд ордоггүй юм байна гэдгийг нь өнгөрсөн хугацаанд харлаа. Өвдсөн гээд эзгүй байхад нь орлогч эмэгтэй нь бужигнуулсан тохиолдол байгаа шүү. Төрд олон жил хатаагдсан, ноён нуруутай, янз янзын ашиг сонирхол нь буучихсан хүн сонгогдож байгаа нь зөв гэж үзэж байна” гэв.
Харин УИХ-ын гишүүн О.Батнайрамдал “Боловсролын зээлийн сан Монгол Улсын Засгийн газрын 24 тусгай сангийн нэг. 1.3 сая хүнд хүрч чадсан том сан. Гэтэл гадаадад суралцагсдад олгосон зээлүүд эргэж төлөөгдөөгүй. 460 гаруй тэрбумын зээлийг 3700 орчим суралцагчид олгосон юм билээ. Гэхдээ эргэн төлөлт нь алга аа.
Дотоодод суралцсан оюутнуудын эргэн төлөлт 98 хувьтай. Төлөхгүй бол саарал жагсаалтад ордог. Гэтэл гадаад зээлийн эргэн төлөлт ердөө дөрөвхөн хувьтай байна. Прокурорын байгууллага өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулж 1600 гаруй хүнээс мэдүүлэг авснаар 14 тэрбум л эргэн төлөгджээ. Энэ мөнгийг бүрэн төлүүлж чадвал дахиад 2000 хүүхдийг сургах мөнгө шүү дээ. Энэ үйл ажиллагаа ямархуу үр дүнтэй явж байна вэ” гэсэн асуулт асуусан ч УЕПГ-ын тайланг хэлэлцээгүй учраас хариулт өгүүлэхгүй хэмээн УИХ-ын дарга таслав.
Мөн УИХ-ын гишүүн С.Замира гаднаас оруулж ирсэн хууль бус хөрөнгийн асуудлыг хөндөхөд Б.Жаргалсайхан прокурор “Гурван сая ам.долларын хууль бус мөнгийг оруулж ирсэн. Хүүхдийн сайн сайхны төлөө буюу цэцэрлэгт зарцуулсан. Одоо удахгүй Монголоос хууль бусаар гарсан үлэг гүрвэлийн ясыг Франц улсаас буцаан авчрах асуудлыг ярьж байна” гэлээ. Мөн УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд прокурорын шинэчлэлтэй холбогдуулан хүний эрхийн асуудлыг хэрхэн шинэчилж байгааг тодруулав.
ЕТГ-ын дарга Г.Занданшатар “Засаглалын шинэчлэл 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хийгдсэн. Засгийн газар тогтвортой болж, УИХ нь төлөөллийн чадавхаа нэмэгдүүлж чадсан. Шүүхийн шинэчлэл, тэр дотроо прокурорын шинэчлэлийн асуудал нь засаглалын шинэчлэлтэйгээ иж бүрнээр явах ёстой гэж үзэж Шүүхийн тухай хуулийг баталж, процессжуулсан. Энэ чиглэлээр прокурорын шинэчлэл ч цаашаа явна. Ерөнхий шүүгч нар албан тушаалтнуудтай уулзахдаа прокурор хөтлөх, хөндлөнгөөс хэн нэгэн нөлөөлж болохгүй гэх мэт олон процессийг багтааж өгсөн. Шинэчлэлийг хууль тогтоогчид үргэлжлүүлээд хэрэгжүүлээд яваасай" гэв.
Харин Б.Жаргалсайхан "Итгэл үнэмшил дүүрэн байгаа. Тэнд ажиллаж байгаа хүмүүсийн итгэл үнэмшил ямар байх вэ гэдэг нь Ерөнхий прокуороос шалтгаалдаг. Тэр хүмүүсийн итгэл үнэмшлийг бий болгохын тулд би чамгүй ажилласан. Тиймээс итгэл үнэмшил баттай байгаа гэж бодож байна" гэлээ.