АН-ынхан өнөөдөр нам байгуулагдсаны 35 жилийн ойгоо тэмдэглэж, Үндэсний бодлогын хороогоо хуралдуулахаас гадна намын Ерөнхий нарийн бичгийн даргаа жинхлэх эсэх асуудлыг хэлэлцсэн билээ.
Тэгвэл энэ хуралдааны үеэр АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар жинхэлсэн Н.Ганибалыг эсэргүүцсэн тэмцэгч Д.Мөнх-Эрдэнэ хурлаас хөөгдөж гарсан төдийгүй, шалан дээр хэвтэж, цагдаад дуудлага өгөх зэргээр маргаан мэтгэлцээн өрнөжээ. Д.Мөнх-Эрдэнэ “Улс төрийн зөвлөлийн гишүүн учраас би энд суух эрхтэй. Би наад албан тушаалд чинь 20 саяас дуудаж чадна. Чи муу хэн бэ. Чамайг хэн мэдэх юм. Намайг Монголын ард түмэн мэднэ” гэх мэтээр агсамнажээ.
Тэрбээр, энэ тухайгаа “Ардчилал нээлттэй ил тод байсан юм. Хөшигний ард хурлаа хийдэггүй юм. ҮБХ-ны хуралдаан жүжиг боллоо. Ганцхан цаг хуралдаад тарлаа. Дарга нарын зохиосон жүжиг болжээ. Хурлаар асуудлыг ярих ёстой байдаг юм. Гэтэл ҮБХ сонгуульд ялагдсанаас хойш нэг ч удаа хуралдаагүй. Өнөөдөр биечилж хуралдаж байгаа хурал нь ганцхан цаг хуралдаж байх жишээний. 330 сумаас ирсэн төлөөлөгч сумаа төлөөлөөд үгээ хэлэх ёстой биз дээ. Энэ нөхдүүд коммунистуудын даалгавраар АН-ыг булшлах гэж байгаа юм уу. Генсек гэж нэг нөхрийг томилж байна. Зоригтой, дайчин, лидер, 21 аймаг, 360 гаруй суманд хүлээн зөвшөөрөгдсөн хүнийг тавих ёстой биз дээ, та минь ээ.
Гэтэл Хэнтий, Дорнод, Сүхбаатарынхаа тойрогт өвдөг шороодчихсон нөхрийг томилж байна. Тэр юу бодож байна вэ гэвэл 2028 онд жагсаалтаар гишүүн болох л санаатай яваа. АН-аас өнөөдөр намайг хөөчихөж. Би АН-ынхан эгэл жирийн залууст, хийж бүтээж яваа хүмүүст хаалгаа нээгээд, ротацийн зарчмаар оруулж ирээ гэдэг ч тийм зүйл алга. Энэ Лу.Гантөмөрийн хувийн халаасны нам болчихож. Манай намын дарга нар намаа зарж идсэн шүү. С.Эрдэнэ намаа зарчихаад АНУ-д гүзээгээ илээд хэвтэж байгаа шүү. Эрдэнийн хоёрдугаар ангийг тоглож байна шүү. Ард түмнээрээ улнаас гарцгаая. Би тийм л амбийцтай. Үүний төлөө АН явах ёстой биз дээ. Зөвийн төлөө чөтгөр байсан ч нэгд, буруугийн төлөө бурхан байсан ч амбаардаад явуул. Ардчиллын төлөө бусад намууд манайтай нэгд. Тэгэхгүй бол коммунистууд ардчиллыг залгилаад дууслаа” хэмээв.
Харин түүний дүү Д.Цогтбаатарын бүрэн эрхийн асуудал хөндөгдөж байгаад “Гишүүн буруутай үйлдэл хийсэн бол Их хурал эхлээд түдгэлзүүлдэг юм. Түдгэлзүүлсний дараа ял өгөөд явдаг юм. Гэтэл гишүүн болчихоод байхад нь ял өгөөд явуулж байна гэдэг бол захиалгатай зүйл шүү. Д.Цогтбаатар Хөгжлийн банкинд мэргэжилтэн байсан. Харин дээр нь Я.Содбаатарын дүү, Ганбямбын хүү хоёр байсан. Харин тэр олгосон гээд байгаа зээл нь Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байхад буюу 10 гаруй жилийн өмнө олгогдсон зээл шүү. Гэтэл манай дүү ганцхан жил л тэр банкинд мэргэжилтнээр ажилласан. Тэр олгогдсон зээлийн материалыг аваад дарга нартаа хүлээлгэж өгсөн. Харин дарга нар нь өөрсдөө тэр зээлийн агуулгыг өөрчилсөн. Үүний төлөө ялтан гэвэл парламентаар дүүрэн ялтан суух байлгүй дээ. Дээд шүүх алдаатай шийдвэрийг эргэн харах байх аа” гэв.