Ааш нь олдохгүй хавар хаяанд ирж хэний манаагүй л эморч, эвгүйцэж байна. Зарим нь үсээ тайруулж, нэг хэсэг нь гурилтай шөлөнд очерлож, нөгөө хэсэг нь уран эсэргүүцэн гарын үсгээ зурах, зурахгүйдээ тулж зодолдож байна. Бүр гүн эморсон хэсэг нь сошиалдаа лайв хийн солиорцгоож, арай дөнгүүр эмонууд нь пост төдийхнөөр завсарлаж буй.
Хүн л болсон хойно энэ их эморол дунд манай улстөрчид ч өртөцгөөж байна, зайлуул. Олны нүдэнд өдөр бүр харагддаг байдлаа бодсон уу яасан үсээ ямартай ч тайруулсангүй. Гэхдээ ааш, аягаа захирч чадахгүй өдөр бүр л нэгнээ ирүүл тулаанд дуудаж байх юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ба Ч.Лодойсамбуугаар эхэлсэн хаврын их эморол УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара, А.Ариунзаяа нараар үргэлжилж, тэд чатаа ил болголцсоноор нэгнээ ил шулуухан тулаанд дуудчихав.
Өнгөрсөн долоо хоногоос Н.Учрал, Х.Баттулга хоёрын “ЖДҮ & Төгрөг нуур” тулаан эхэлж, яг одоо рингэн дээр ялагч тодорч амжаагүй ч халуухан хийгээд ширүүхэн өрнөж байна. Гэхдээ ганц тамирчин Х.Баттулгын эсрэг Н.Номтойбаяр, Г.Дамдинням, Х.Ганхуяг, Н.Учрал гэх мэтээр арай олуулаа “бөөрлөж” буй нь тулааныг жаахан амтгүй болгох гээд байгааг нуух юун. Гэхдээ тив, дэлхийн олон медальтны өмнөөс ганцаар зогсоод барахгүйгээ мэдээд байгаа бололтой юм аа, бас.
Нэмээд өнөөдрөөс Ц.Даваасүрэн, С.Баяр нар рингэн дээр тулалдахаар гарч ирлээ. Хал үзэж халуун чулуу долоолцсон хоёр “бурхи” шууд л залуус шиг чатаа дэлгэлцэж, тэвэр тэврээр цаас тэвэрч дэвжээ рүү гарсангүй ээ. Харин алсуураа "маажилцах" буюу нүүр, нүдний косметик хагалгаа зэргээс эхэлж буйг ажваас "Эрийг нас уулыг цас даржээ" гэдэг үг эрхгүй санаанд орно.
Удахгүй “Тэрний нуруугаар хатгасан гэнэ билээ. Даралтны эмээ мартаад шүүхэд очсонгүй” гэх мэтээр хайр, халамжийг хослуулангаа тулалдах байх, тэр хоёр. Хоёр том намын зодоон дундуур ХҮН-ынхан ч бас эморохоо мартсангүй. “Би чамд хайртай”-г Төрийн ордны их тайзнаас амжилттай үргэлжлүүлж, “Баяраа өөрөө ширээнээс унасан юм билээ” бүлгийг П.Наранбаяр, Б.Найдалаа нар амжилттай тоглож сонирхуулав.
Хавар нээрээ хачин янзын улирал шүү. Хамаг л амьтныг эморуулж, илбэ шидийг нь гаргуулж чадаж байх юм. Ер нь энэ их эморол, тэр их тунирхлыг аятайхан даваад гараасай хэмээн залбирч улсын төсвөөр, ард түмнийхээ халааснаас Төрийн ордонд аятайхан тулааны клуб байгуулвал яадаг юм бэ.
Ядахдаа л багтаж ядсан их уур, омгоо тэндээ гаргачихаад сайхан цэнхэр нүдлээд оёдлоо тавиулаад явж л байг. “Яагаад оёдол тавиулчихав” гэж сэтгүүлч асуухад “Аа бэлтгэл дээр гэмтэл аваад” гэж хариулах гоё тайлбартай болчихно. Чуулганы хурал, байнгын хорооноос шууд үсэрч гараал боксын бээлийгээ сугавчлаад дургүй хүргэсэн улстөрчтэйгөө дураа ханатал зодолдчихно. Чуулганы үүд, даргын өрөөнд тухгүйхэн "үзэж" байснаас тэр нь дээрсэн.
Ер нь ч тэгээд улстөрчдийнхөө энэ их эморол, хаврын хачин янзын аашийг нь дарах зүйл олж өгөхгүй л бол жоомоо алах гээд байшингаа шатаадгийн үлгэрээр улс орноо түймэрдчих вий гэж санаа зовох гэж төвөгтэй юм аа. Нэг хоёр улстөрчийн зодооныг бол яах вэ гэж бодоод өнгөрөөж болох ч нэжгээд олуулаа зодолдоод, нийлж аваад Төрийн ордноор сүртэй алхаад эхэлвэл улсаа ч түймэрдэж мэдэхээр хаваршиж байна шүү, цаадуул чинь. Хаврын энэ их эморол дундуур өнөөдүүл чинь МАН, АН-ын намын даргын тамга, Ерөнхий сайдын суудал мөрөөдөөд эхэлвэл...Ээ хөх тэнгэр минь. Бидний бяцхан улс дийлэх үү.
Аргаа барахдаа Гандангийн лам нарын хишиг буянтай тэрхүү гурилтай шөлөнд хэл амны ном давхар уншуулаад 126 улстөрчөө дайлахсан гэх чинхүү хүсэл төрж буй нь лавтай хаврынх байх. Хавар хурдан дуусаасай. Хоолны очер ч бас багасаасай.