ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Цолмон: Стратегийн ордуудын үр өгөөжийг нэмэгдүүлэх бие даасан хууль боловсруулна

O.Admin
2 цагийн өмнө

Засгийн газрын өчигдрийн (2026.05.06) хуралдаанаар хэлэлцсэн Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээний явц болон Хуримтлалын сангийн талаар ЗГХЭГ-ын дэд дарга Д.Цолмон мэдээлэл өглөө.

УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор Стратегийн ач холбогдол бүхий 16 ордыг тодорхойлж, нэр бүхий 7 ордод төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоож өгсөн. Үлдсэн ордуудад хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд тусгай зөвшөөрөл эзэмшин үйл ажиллагаа явуулж байна.

Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох чиг үүрэг бүхий Ажлын хэсэг нийтдээ 25 аж ахуйн нэгжтэй хэлэлцээ хийх шаардлагатай болсноос 11 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулаагүй, 14 нь хэвийн ажиллаж байна. Дээрх Ажлын хэсгийн зүгээс тухайн аж ахуйн нэгжүүдээс санхүү, татварын тайлангууд болон бусад шаардлагатай баримт бичгүүдийг татан авч, нэгтгэн судалж, төрд ногдох өгөөжийн тооцоолол, санхүүгийн загварыг боловсруулж байна.

ЗГХЭГ-ын дэд дарга Д.Цолмонгийн хэлснээр хэлэлцээний явцад стратегийн орд эзэмшигч “Энержи Ресурс”, “Өсөх зоос”, “Хангад Эксплорэйшн”, “Ачит ихт” гэх 4 аж ахуйн нэгжтэй урьдчилсан байдлаар төр 34 хувийг эзэмшиж, ашиглалтаас 60 хувийн өгөөжийг Засгийн газар хүртэнэ гэсэн үндсэн 2 зарчмаар тохиролцсон гэдгийг онцоллоо.

Баялгийн иргэдэд хүртэх өгөөжийг бодитой нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчдад ойлгомжтой байх үүднээс “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд, түүний үүсмэл ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоож, Үндэсний баялгийн санд хуваарилах тухай” хуулийн төсөл боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэг чиглэл өглөө.