ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Оршин суугчдад дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө

O.Admin
2 цагийн өмнө

Чингэлтэй дүүргийн 2-р хорооны Сангийн яамны 20 айлын болон Холбооны 1, 2 дугаар орон сууцны барилгуудын сууц өмчлөгчдийн хүсэлтийн дагуу “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн дахин төлөвлөлтийн мэргэжилтэн Н.Базар оршин суугчдад дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө.

Тус барилгууд нь 1974 онд ашиглалтад орсон, 3 блок бүхий 5 давхар орон сууцны барилгууд бөгөөд мэргэжлийн хяналтын байгууллагын 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн дүгнэлтээр ашиглалтын шаардлага хангахгүй болох нь тогтоогдсон байна. Гэвч одоогийн байдлаар Нийслэлийн Засаг даргын дахин төлөвлөлтөд оруулах захирамж хараахан гараагүй байгаа юм.

Мөн тухайн байршил нь НИТХ-ын 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн тогтоолоор батлагдсан Бага тойруу орчмын төлөвлөлтийн бүсэд хамрагдаж байгаа бөгөөд уг бүсэд орон сууцны барилгын өндрийг 7 давхар хүртэл байхаар хязгаарласан онцлогтойг уулзалтын үеэр танилцууллаа.

2026 оны 05 дугаар сарын 18-ны өдөр болсон уулзалтаар оршин суугчдад ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулган дахин барих үйл ажиллагааны эхний үе шат, хууль эрх зүйн зохицуулалтын талаар ерөнхий мэдээлэл өгч, дахин төлөвлөлтийг дэмжиж байгаа эсэх саналын хуудсыг бөглөх шаардлагатайг мэдээлэв.

Оршин суугчдын дэмжсэн санал 80 хувьд хүрсэн тохиолдолд дараагийн шатны буюу нийт оршин суугчдыг хамарсан дэлгэрэнгүй уулзалт зохион байгуулж, цаашдын үйл ажиллагаа, оролцогч талуудын хамтын ажиллагааны талаар санал солилцон ажиллах юм.