ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

М.Энхболд: Идүүлсэн бут ургадаг юм шүү

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-01-08

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан ирц бүрдэж хуралдаж эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хууль болон Чуулганы дэгийн тухай хуульд өөрчлөлт  оруулах асуудлыг хэлэлцэж байна. Хуулийн төсөл батлагдсан тохиолдолд УИХ-ын даргыг нийт УИХ-ын гишүүдээс 39 нь өргөн барьсан тохиолдолд огцруулах заалт хэрэгжиж эхлэх билээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж байна.

Ж.Мөнхбат: Олонхи өргөн барих ёстой гэж бодсон бол батлаад явах байлгүй дээ. Эрх мэдэл бол мөнхийн юм биш шүү дээ. Хуулийн төслийг батлахдаа ядахдаа 3/2-оор огцруулдаг заалт оруулаарай. Ц.Нямдорж гэдэг хүн хийж л байсан, Д.Лүндээжанцан ч хийж л байлаа. өгч болдог авч болдог л албан тушаал шүү дээ.

Л.Оюун-Эрдэнэ: Удахгүй бүх зүйл ил тод болно. Ямар зүйл дээр хэн ямар байр суурь илэрхийлж байсан нь ил болох байх аа. Нийгэм өөр болж байна. Парламентын дархлаа чухал. Бид заавал ийм хууль гаргахгүй байж болно. Энэ хууль батлагдахаас өмнө М.Энхболд дарга өөрийн хүсэлтээр өгчихмөөр байгаа юм. Парламентын дархлаа, төрт ёсоо бодоод ажлаа өгнө гэж найдаж байна.

Өнгөрсөн наадмаас эхлээд өнөөдрийг хүртэл явж байгаа асуудал. Бичиг сажиг өгөөд яваад л байлаа. Парламент тарах ёстой, нэг хүн ажлаа өгөх ёсгүй гэж яриад сууж болохгүй. Нэг даргыг хамгаалж, нэг парламент тарах хэмжээний увайгүй улс төр байж болохгүй. Их хурлын тамгын газар нэг хүний ажлын аппарат биш шүү. Нэг мандат үгүй гэхэд, 40 мандат өгөх ёстой гэж байхад нэг хүнийг хамгаалж байр суурь илэрхийлээд байх юм.

Б.Наранхүү: Өмнөх дөрвөн жил, сүүлийн хоёр жилд бид зодолдлоо. Парламентын даргаас болж одоо зодоон хоёр дахин ихэснэ шүү. Нэг хүнийг сольчихвол болчихно гэсэн улс төр байж болохгүй. Утаа, агаарын бохирдлоо бид ярихгүй байна. Нэг нэгийгээ гүтгэж доромжилж, үнэн худлыг нь мэдэхгүй зүйлээр дайрч байна. Хүнийг гүтгэх болохоор шүүх хамаагүй болчихдог. 2020 оноос хойш парламент байх юм уу, байхгүй юм уу.

М.Энхболд: Над руу дайрч давшлах зүйл хэрээс хэтэрлээ. Бүр гэр бүл рүү минь хүртэл дайрч байна. Гэхдээ идсэн эрүү хувхайрч, идүүлсэн бут ургадаг юм шүү. Аливаа төр улсын ажил хуулийн хүрээнд явагдах ёстой. УИХ-ын 40 гишүүн намайг огцрохыг шаардаж байна. Хууль хяналтын байгууллагыг нэг хүн удирдаж байгаа мэтээр ор үндэсгүй гүтгэлэг гарч эхэллээ. УЕП өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Хуульзүйн байнгын хороонд мэдээлэл хийсэн. Тэнд гишүүд асуулт асуусан. Хараа хяналттай байна уу гэдгийг ойлгосон байх.

Ямар нэгэн даргыг би санаачилж, томилсон зүйл байхгүй ээ. Уул уурхайн салбар сая хөндөгдлөө. Би 2007 онд 49 орд газрыг стратегийн орд газар болгоё гэж би оруулж байсан. Гэсэн ч 15-ыг нь аваад бусдыг нь аваагүй. “Эрдэнэт” үйлдвэрийн талаар би хоёр удаа ажлын хэсэг байгуулах чиглэл өгч байсан. Ажлын хэсэг ажлаа хийгээд явж байгаа. УИХ-ын даргын хувьд дараад байгаа асуудал байхгүй. Ерөнхийлөгчийн оруулж ирсэн хуулийг би дэмжиж байгаа. Жагсаал цуглаан хийж яваад байгаа Л.Болд гишүүнд хүртэл би Бодь цамхаг баригдсан газрыг өгч байсан. Газар зарсан асуудал надад байхгүй. Тэрийгээ цагдаа, тагнуулаар шалгуул. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хүрээнд би ажлаа хийсэн.