ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

М.Энхболдын суудлын төлөөх марафон Төрийн ордонд эхэлжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-01-20

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийн хүрээнд УИХ-ын тухай болон Чуулганы дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг энэ сарын 04-ны өдөр өргөн барьсан юм. МАНАН бүлэглэлийн толгойлогч М.Энхболдоор хурлаа удирдуулахгүй хэмээн гишүүд нь хурлаа хаячихсан. М.Энхболд нь харин “Огцрох өргөдлөө өөрөө өгөхгүй.

Үндсэн хуульд заасан хүрээнд л ажлаа өгнө үү гэхээс хууль зөрчиж, хурлын даргын албан тушаалаасаа огцрохгүй” хэмээн гүрийчихсэн тодор­хойгүй нөхцөл байдлыг энэ хуулийн нэмэлт өөрчлөлт эерүүлсэн гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, төрийн ажлыг гацаанаас гаргах талаар Ерөнхийлөгч санаачилга гаргаж, тэр нь ч үр дүнд хүрэв. Хуулийн төслийн нэмэлт өөрчлөлт батлагдсанаар УИХ-ын 39-ээс дээш гишүүн УИХ-ын даргыг огцруулах гарын үсэг зурсан тохиолдолд албан тушаалаасаа буухаар болж байгаа юм. 

Ингэснээр Үндсэн хуульд тусгасан таван огцруулах зүйл заалт дээр нэмэгдэж, зургаа дахь зүйл заалт болон орж ирлээ. Хуулийн төслийн нэмэлт өөрчлөлтийг өнгөрөгч долоо хоногийн баасан гарагийн чуулганаар эцэслэн баталж, хуралдаанд 49 гишүүн оролцсоноос 44 нь дэмжив. Хуулийн төслийг энэ сарын 25-ны өдрөөс дагаж мөрдөхөөр болж байна. Хууль батлагдсантай холбогдуулан гишүүд янз бүрийн байр суурь илэрхийлж байгаа. Тухайлбал, гишүүдийн нэг хэсэг нь “Парламент ёсны дархлааг сулруулах хууль боллоо” гэж дүгнэж байгаа бол нөгөө хэсэг нь “Гацаанаас гарах хамгийн сүүлчийн боломж энэ байлаа” хэмээн дүгнэж байгаа.

Ерөнхийлөгч хэрвээ хуулийн төсөл өргөн бариагүй бол парламент өнөөдрийг хүртэл хуралдаагүй, гишүүд нь ажлаа хаясан хэвээр байх эрсдэл байсныг ч нуух юун. Хуулийн төсөл батлагдсан даруйд огцруулах асуудлыг анхлан хөндсөн дөрвөн улстөрч мэдэгдэл хийв. Тэдгээрээс Л.Оюун-Эрдэнэ гишүүн хуулийн төсөл батлагдсан даруйд огцруулах өргөдлийг өөрийн албан бланк дээр цуглуулна гэдгээ ч мэдэгджээ. Ингэснээр УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаас нь буулгах боломж бүрдэнэ. Огцруулах асуудал нэгэнт тодорхой болсон бөгөөд дараагийн УИХ-ын дарга хэн байх вэ гэсэн марафон ч өрнөж эхэлжээ. МАН дахь хоёр бүлэг тус тусдаа хуралдаж, өөрийн бүлгээс улстөрчийнхөө нэрийг гаргаж эхэлсэн гэх.

Тэгвэл таамагт хамгийн түрүүнд яригдсан Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат “Энэ албан тушаалд очооч гэж санал тавьсан ч очихгүй” гэдгээ мэдэгдэв. Мөн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга асан Д.Хаянхярваа ч ийм мэдэгдэл хийлээ. Ингэснээр таамагт яригдаж байсан хоёр хүний нэр албан ёсоор хасагдаж байна. Тэд хоёулаа М.Энхболдын талд кноп өгсөн, түүнийг дэмжиж буй улстөрчид. Мөн энэ таамагт эмэгтэй улстөрчдөөс УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын нэр яригдаж байгаа. Улс орнуудын түүхэнд эмэгтэй Ерөнхий сайд хүртэл байгаа энэ цагт парламентын гишүүнээр дөрвөн удаа улирч сонгогдсон туршлагатай улстөрч учраас энэ албан тушаалыг хийчих боломж хангалттай бий. Гэхдээ Д.Оюунхорол гишүүнээс одоогоор тийм амбийц гараагүй байна.

Мөн энэ таамагт яригдаж буй хүн нь УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан. Хөвсгөлчүүдийн итгэлийг хоёр удаа хүлээ­сэн, улстөрчийн хувьд мэд­лэг туршлага дутахгүй ч М.Энхболдын “хамгаалагч”-аар ажиллаж, Засгийн газраа унагах кноп дарж байсан түүнийг У.Хүрэлсүхийн талын­хан дэмжинэ гэж хэлэхэд эрт байна. Эдгээр улстөрчид бүгд М.Энх­болдыг хамгаалж кноп дарсан улстөрчид. Хэрвээ У.Хүрэлсүхийн бүлгийнхэн ялалтаа бататгаж өөрийн хүнээ УИХ-ын даргад тавина гэвэл хувилбар тун цөөхөн. Ихэнх нь хүртэх ёстой албан тушаалаа авчихсан. Харин албан тушаалгүй үлдсэн нь дандаа залуу улстөрчид. Огцруулах асуудлыг хөндөж, оройлон оролцсон таван улстөрч шагналаа авах ёстой гэж үзвэл тэд дундаасаа нэг хүнийг УИХ-ын дараагийн даргын марафонд сойж таарах нь. АН-аас хөөгдсөн сул хоёр улстөрч болох Л.Болд, Ж.Батзандан нарт тийм боломж байхгүй. Тэгвэл өрсөлдөөнд Л.Оюун-Эрдэнэ орж ирэх магадлал байгаа юм.

Гэвч УИХ-ын гишүүний суудалд дөнгөж хоёрхон жил суусан “түүхий”-гээрээ учраас У.Хүрэлсүх арай ч ийм шийдвэр гаргахгүй гэж улстөр судлаачид дүгнэж байх юм. Намын даргын хувьд УИХ-ын даргын томилгоог илүү туршлагатай хүнд даатгана гэж дүгнэвэл УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан хамгийн тохиромжтой хувилбар болж байна. Албан тушаал, авлигын хэрэгт нэр холбогдоогүй. Цаашлаад ЖДҮХС-гаас зээл авсан гэх муу муухай хоч алга. Парламентын хамгийн туршлагатай улстөрчдийн нэг учраас энэ албан тушаалд тохирох улстөрч хэмээн дүгнэж болно. Мөн УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, С.Бямбацогт нарын туршлага­тай, залуу улстөрчид ч энэ таамагт яригдаж буй аж.

Нөгөөтээгүүр, Төрийн ордонд явж буй өөр нэг улс төр нь УИХ санаачилгаараа тарах тухай асуудал юм. М.Энхболд хэдийгээр суудлаа өгсөн ч өөрийн фракцийн улстөрчид суудлаа “өвлүүлэх” тохироог ил далд хийж эхэлсэн нь тодорхой гэх. Хэрвээ намын дарга энэ тохироог хүлээн зөвшөөрөхгүй бол М.Энхболдын талд буй УИХ-ын гишүүд Их хурал санаачилгаараа тарах төсөлд гарын үсэг зурна хэмээн мэдэгджээ. Эхнээсээ ч зурж эхэлсэн бөгөөд одоогоор 14 гишүүн гарын үсгээ зураад байгаа юм. Хэрвээ энэ тоо 3/2-т хүрвэл УИХ тарна. Гэвч М.Энхболдын 32 дээр АН-ын долоон улстөрч нэмэгдлээ ч 3/2-т хүрэхгүй учраас энэ сүрдүүлэг төдийлөн үр дүнтэй бус.

Мөн 18 гишүүн өөрөө санаачилгаараа бүрэн эрхээсээ түдгэлзчихвэл УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлж чадахгүйд хүрэх хуулийн заалт УИХ-ын тухай хуулийн 5.3-д бий. Энэ зүйл заалтад “УИХ-ын тухайн бүрэн эрхийн хугацаанд УИХ-ын гишүүн нас барсан, хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөлөгдсөн, эсхүл бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн, эгүүлэн татсаны улмаас орон гарсан боловч нөхөн сонгууль явагдаагүй тохиол­долд УИХ-ын 57-оос доош­гүй гишүүний бүрэн эрх хүчинтэй байвал УИХ-ыг бүрэн эрхээ хэрэгжүүлэх бүрэлдэхүүнтэйд тооцно” хэмээн заажээ. Энд заасан ёсоор 18 гишүүн гишүүнээс татгалзсан тохиолдолд 56 болж, УИХ-ыг бүрэн эрхээ хэрэгжүүлж чадахгүйд хүрлээ гэж үзэх билээ. Төрийн ордонд өрнөсөн МАН-ын хоёр бүлгийн тэмцэл М.Энхболдыг суудлаас нь буулгаснаар эргэж хэвэндээ орж, улс төрөөс МАНАН бүлэглэл ариллаа гэж дүгнэх хэтийдсэн, бас хэтэрхий эртэдсэн дүгнэлт болно гэдэг нь эндээс тодорхой харагдаж байна.