Шөвгөрсөн 32 бөх, сурын 16 тамирчнаас допингийн шинжилгээ авна

O.Admin
4 цагийн өмнө

Үндэсний их баяр наадмын зохион байгуулалт, бэлтгэл ажлын талаар Зохион байгуулах хорооны дарга, нарийн бичгийн дарга нар мэдээлэл өглөө.

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Үндэсний бөхийн салбар хорооны дарга Н.Мягмар “Үндэсний бөхийг зохион байгуулах хүрээнд нийтдээ 38 арга хэмжээг бүлэглэж зохион байгуулснаас 76 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Баяр наадмын үеийн зохион байгуулалтын арга хэмжээ үлдсэн гэж ойлгож болно.

Өнөө жил 512 бөх барилдана. Бүртгэл долдугаар сарын 9,10-наас эхэлж явна. Уламжлал болгоод хуулийн дагуу шөвгөрсөн 32 бөх, сурын 16 тамирчнаас допингийн шинжилгээ авна. Өмнөх жилийн баяр наадмаар хамтарч ажилласан ХБНГУ-ын лабораторид биечлэн хүргэж, хариуг авахаар ажиллаж байна. Допингийн шинжилгээний хариуг аль болох богино хугацаанд гаргана.

48 цагийн хугацаанд хариуг өмнө нь гаргаж байсан. Шинжилгээний хариу гарсны дараа шаардлагатай гэвэл олон нийтэд мэдээлэл хүргэнэ. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүлгийг шинэчлэн суурилуулж, бөхчүүдийг барилдуулж туршлаа. Бөхчүүд өмнөхөөс сайжирсан байна. Гэхдээ бороотой үед гулгаа гардаг учраас түүндээ тааруулж бэлтгэлээ хангах байх аа” гэв.