ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Мандат, тойргийн хуваарилалтад намууд юу хэлэв

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-01-30

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос  2020 онд болох  ээлжит сонгуулийн тойрог,  мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж ирэх зургадугаар сард болох сонгуулиар нийслэл есөн тойрог, 24 мандат бол  орон нутаг 20 тойрог, 52 мандаттай байхаар тогтоолын төсөлд тусгасан билээ. Энэхүү тогтоолын төслийг ирэх хоёрдугаар сарын 1-ний өдрөөс өмнө УИХ-ын чуулганаар  хэлэлцэж шийдвэрлэх ёстой. Тиймээс энэхүү шийдвэрт бусад намууд ямар байр суурьтай байгааг хүргэж байна. 

 

 Б.Тулга: Мандат болон тойргийн хуваарилалтад санал нийлэхгүй 

/МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга/

-МАХН мандат болон тойргийн хуваарилалтад санал нийлэхгүй байгаа. Энэ хуваарилалт маш энгийн байх ёстой. УИХ-ын гишүүд бүгд нийт гурван сая гаруй хүний төлөөлөл болж сонгогдож байгаа шүү дээ. Үүнийг хүнд нь хуваагаад гаргаж ирэх ёстой. Тэгэхэд  нэг хэсэг нь дөрвөн мянган хүнээс сонгогдож байхад зарим 40 мянган иргэнтэй тойрогт өрсөлдөх жишээтэй. Ийм байж болох юм уу. Түүнээс ард иргэд, улс орны эрх ашгийг хамгаалсан хууль байсан бол хэн ч хаанаас нь харсан ч ойлгомжтой байх байсан. Араас нь ямар нэгэн тайлбар тавиад байх шаардлагагүй. Эрх баригч өөрсдөдөө зориулж, тойрог, мандатаа хуваарилж байгаа болохоор “бантан” хутгаж байна. 

 

 О.Бум-Ялагч: Улс төрийн бусад намуудад ашиггүй 

/МНН-ын дарга/

-МАН-ын зүгээс сайтар судалгаа хийсний үндсэн дээр өөртөө ашигтай хувилбараар сонгуулийн тогтолцоо болон мандат, тойргийн хуваарилалтыг хийж байна. Бидэнд ашигтай зүйл байхгүй. Бусад намыг УИХ-д сонгогдох эрхийг үеийн үед МАН, АН хоёр хааж ирсэн. Одоо ч хийсээр байна. Ер нь энэ бол тэдний аргаа барж байгаагийн шинж шүү дээ. Тэд гадаадын Элчин сайдын яам, хөрөнгө оруулагч нар дараагийн засаг барих хүчинд анхаарал хандуулж, дэмжлэг үзүүлж байж ч магадгүй. 

 

 Б.Цогтгэрэл: Үндэсний эрх ашиг хохирч байна 

/МҮАН-ын дарга/

-Нийслэлд мандатын тоо буурч байна гэдэг нь Улаанбаатар хотын хөгжлийн төлөө дуугарах гишүүд цөөрнө гэсэн үг. Тухайлбал, хотын түгжрэл, утаа, дэд бүтцийн асуудлууд шийдэгдэхгүй. Сонгогдсон гишүүд багахан төсвөө хөдөө, орон нутаг буюу тойрог руугаа цацаад дуусна. Тиймээс хотод зориулж, төвлөрсөн байдлаар бүтээн байгуулалт өрнөх нөхцөл бололцоо байхгүй боллоо. Эрх баригч намууд үргэлж хаана олонхийн санал авч, ялалт байгуулах бололцоотой хэсэгт хуваарилалтаа өндөр хийдэг. Энэ удаад МАН-ынхан хөдөө, орон нутгийн мандатын тоог нэмэгдүүлж байгаа нь ч үүнтэй холбоотой. Энэхүү ахархан бодлын цаад талд нь үндэсний эрх ашиг хохирч байна.  

 

 Ш.Төмөрсүх: Сонгуульд эрх тэгш оролцох боломжгүй болгосон 

/Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга/ 

-Хуулиасаа эхлээд улс төрийн бусад намыг шахах гэсэн бодлого барьсан. Сонгуульд оролцуулахгүй байх бүхий л бололцоог эрх баригчид барьж ажилласан. Энэ нь сонгуулийн тогтолцоо болон тойрог,  мандатын хуваарилалтаар илэрч байна. Хуулийн төсөлд улс төрийн намууд санаа бодлоо хэлээд, өрсөлдөөнийг шударга явуулах  боломж байгаа ч үргэлж шахаж, хавчих бодлого баримталж байгаа юм. Бусад сонгуульд эрх тэгш оролцох боломжгүй болгосон.