Интерполоор эрэн сурвалжилж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж гэж хүн өчигдөр онлайнаар ярилцлага өгөв. “Парламент” телевизийн хөтлөгч Т.Болд гэгчтэй хийсэн түүний ярилцлага асуудлын үнэн мөнийг ярих гэхээс илүү өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг харлуулах, доромжлох ээлжит нэгэн гүтгэлэг нь болон хувирчээ. Х.Баттулгад зориулж, хил дамнуулан телевиз дуудсан гэхээр энэ хүн ямар их айдастай, буруугүй гэж харагдахын тулд яаж хичээж буйг нь ч бид харлаа. Шинийн 2-ны өдөр цацагдана гэдгийг эртнээс төлөвлөсөн энэхүү нэвтрүүлгийг Монгол Улсад хийгээгүй. Учир нь энэ хүнийг Тавантолгойн нүүрсний ордыг Хятадуудад өгөх асуудалд оройлон оролцсон гэх асуудлаар шалгаж, Интерполоор эрэн сурвалжилж байгаа учраас Монгол Улсын хилээр зүгээр алхаж орж ирээд, нэг сэтгүүлчид ярилцлага өгөөд суух нүүр байхгүй нь тодорхой юм.
Тиймдээ ч эх сурвалжуудын хэлж буйгаар Сөүл хотноо энэхүү ярилцлагыг эртнээс төлөвлөж, хийсэн гэх мэдээлэл байх ажээ. Тэрбээр, гадны улс оронд байгаль орчин, цаазын ялын эсрэг зэрэг дөрвөн асуудлаар Олон улсын байгууллагад ажиллаж байгаа учраас эх орондоо ирэх боломж хараахан гарахгүй байна гэж мэдэгдлээ. Гэвч, Монгол Улсын бүх нууцыг мэддэг хүн атлаа гадны улс орнуудаар хэсүүлчилж, лайв хийж эх орноо муулж яваа нь Монгол Улсын төлөө цохилох зүрхтэй Ерөнхийлөгч биш байсныг батлах нь тэр. “Олон улсын байгууллага буюу гадны компанид төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүн ажиллаж болохгүй ээ” гэдэг хуулийг парламентаар хэлэлцэх гэхэд дэмжээгүй ганц хүн нь тухайн үед Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ц.Элбэгдорж байсныг ч нэгэн иргэн өөрийнхөө соошл сүлжээнд бичсэн байсан юм. Тэгэхээр өөрийнхөө бий болгосон шударга бусын хонгилоор өөрөө хэзээ нэгэн цагт ачигдах нь гэдгээ мэдэж байсан учраас гадны улсад очиж арьсаа хамгаалан нуугдах нүх сүвээ эртнээс бэлтгэснийг эндээс харж болох биз.
Ц.Элбэгдоржийн үед хуулийн шүүхийн байгууллага ямар хэмжээнд авлигажиж, мөнгөтэй, эрх мэдэлтэй МАНАН бүлэглэлд үйлчилж байсныг бид өнгөрсөн өдрүүдэд хангалттай харлаа. Зөвхөн ганцхан орд газрыг л хятад иргэдэд өгөхийн тулд бүхэн бүтэн том бүлэглэл тэнд системчлэгдэн ажиллаж байсныг харлаа. Зарим нь эхнээсээ амиа хорлож, зарим нь хил давж зугтан алга болцгоов. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нь уул уурхайн компаниудтай үгсэн тохиролцож, орд газраа зарж ашиг хүртэхээр улайрч байсныг Тавантолгойг Хятадуудад зарах гэсэн, Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлсэн Дубайн гэрээ Монголд ашиггүй болсон, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төрийн мөнгөөр хувийн компанид худалдан авч өгсөн гуравхан жишээ л харуулах билээ. Энэ бүхнийг Ч.Сайханбилэг, М.Энхсайхан дангаар хийгээгүйг та бид мэднэ. Тэгэхээр Ц.Элбэгдоржийн хүзүү богино ч гар нь ямар урт сунадаг байсныг энэ бүхэн харуулсаар байх аж. Эдгээр хүмүүс өнөөдөр бүгд хил даван зугтаж, зарим нь улс төрийн орогнол хүсээд явж байгаа. Ц.Элбэгдорж ч тэднээс ялгарах зүйл алга.
Гэтэл төрийн хуулиас нуугдаж, хаана ч хийсэн нь тодорхойгүй лайв ярилцлагаар энэ бүхнээ цайруулах гэж, эс бөгөөс өнөөгийн төрийн буруутгах санаа өвөрлөж яваа бол сайхан яриа тань даанч санасандаа хүрсэнгүй. Тэр шударга ёсны тухай хамгийн их ярьдаг ч шударга бусыг хийж ирснийг бид мэднэ. Хонгил байгуулсан нь ч худлаа биш. Албан тушаалтны өргөдлийг өөрийнх нь гараар бичүүлдэг танил технологийн тухай хамгийн сайн мэдэж байгаа ч өөрөө түүнийгээ тултал хэрэгжүүлж байсан нь бас худлаа биш.
Ц.Элбэгдорж ярилцлагын төсгөлд “Та эх орондоо очих уу ” гэсэн сэтгүүлчийн асуултад “Би эх орондоо очно гэж бодож байсан. Очно гэж хэлээд л байгаа. Гэхдээ яг Х.Баттулгын урилгаар очих нь зөв үү. Тэр хүн хуулийн байгууллагынхныг өдөр ч ажлыг нь хийлгэхгүй шөнө ч унтуулахгүй байгаа. Тэгэхээр би хуулийнхны дуудлагаар очих уу. Х.Баттулгын зохиох жүжгийн дүр болж, бойны ямаа шиг хашаа руу орох уу гэдгээс сонгох хэрэгтэй болчихоод байна ” гэсэн хариулт өгч байна билээ. Уг нь Х.Баттулга гэж хүн нэг ч удаа "Ц.Элбэгдоржоо ирээч ээ" хэмээн дуудаагүй юмсан. Харин төрийн хууль түүнийг дуудсансан.
Н.Энхбаярын намнахдаа энд тэнд очиж, түүнд зориулан лекц тавьж байсан шиг өнөөгийн Ерөнхийлөгчийн амнаас лавтай Ц.Элбэгдоржтой холбоотой нэг ч үг унаагүйг олон түмэн мэдэх биз. Харин өөрсдөө тодорч харагдахын тулд “хиймэл” дайсан бэлтгэсэн хүмүүс нь Э.Бат-Үүл, М.Энхсайхан, Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нар. “Төрийн хууль дуудахад зангиагаа засаад, оймсоо өмсөөд очно” хэмээн шударга дүр эсгэж явсан энэ хүн дуудсан хуулиасаа айж, хүний нутгаас лайв хийх хүртлээ доошоо орно гэж хэн санах билээ. Таныг Х.Баттулга биш Монголын хууль дуудаж байна, экс Ерөнхийлөгч өө.
Ингэтлээ доошоо орж, төлбөртэй лайв хийж, арьсаа хамгаалж, асуудлаас бултах хэрэг байдаг юм уу. Хуульдаа та итгэдэг, зангиагаа зүүгээд очих эр зоригтой л бол эх орондоо ирж шалгуулна уу. Хүний нутгаас яаж ч уран донгодлоо гээд итгэх хүнд даанч алга. Нэгэн цагт хэдэн зуун мянгаараа таныг үгийг бишрэн дагадаг байсан биз. Гэвч энэ цагт харин хэлсэн үг, хийсэн үйлдэл бүхэн чинь худлаа харагдаж буй лайв нэвтрүүлгийнхээ сэтгэгдэл, үзсэн хүмүүсийн гаргасан сэтгэл хөдлөлөөс нэг харчихна биз ээ. Төрийн хуулийн өмнө шударгаар шүүлгэж чадахгүй атлаа холоос боргож “хуцах”-аар чин үнэн болдоггүй нь даанч харамсалтай.