2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцохоор 15 нам, дөрвөн эвсэл мөрийн хөтөлбөрөө хянуулахаар Үндэсний аудитын газар/ҮАГ/-т хүргүүлсэн. Үүнээс долоон намын мөрийн хөтөлбөр хуульд нийцсэн хэмээн дүгнэлт гаргасан билээ. Хуулийн шаардлага хангаагүй МАН, АН, МАХН гэсэн парламентад суудалтай хүчнүүдийн мөрийн хөтөлбөр нь биелэгдэх боломжгүй, амлалтын шинжтэй заалтууд орсныг ҮАГ-гаас тодотгосон юм.
Эдгээр нам, эвслүүд тав хоногийн дотор мөрийн хөтөлбөрөө засч ирүүлэх ёстой бөгөөд уг хугацаа өнөөдөр /2020.04.11/ дуусгавар болно. Хэрэв мөрийн хөтөлбөрийн алдаагаа хууль нийцүүлэн оруулж ирэхгүй бол дахин хуулийн шаардлага хангаагүй гэдэг дүгнэлт гаргах юм байна.
Өөрөөр хэлбэл, ҮАГ-аас хуулийн шаардлага хангаагүй байна гэсэн дүгнэлт гаргачихаад байхад түүнийгээ залруулахгүй бол СЕХ-д бүрдүүлж өгөх материалд мөрийн хөтөлбөр нь хуулийн шаардлага хангаагүй гэсэн дүгнэлт хүргүүлснээр СЕХ бүртгэхгүй байх эрсдэл үүсэх юм.
38.3.Сонгуулийн мөрийн хөтөлбөрт дараах зүйлийг тусгахыг хориглоно:
38.3.1.мөнгө, эд хөрөнгө, эд хөрөнгөтэй холбоотой эрх олгох;
38.3.2.уул уурхай, газрын тос, эрдэс баялгийн болон бусад салбарын орлого, түүнчлэн улс, орон нутгийн төсвөөс иргэдэд аливаа хишиг, хувь, тэдгээртэй адилтгах бусад зүйл хүртээх;
38.3.3.зээлийн болон бусад өр төлбөрийг хүчингүйд тооцох, хөрвүүлэх;
38.3.4.иргэдэд үнэ төлбөргүй, эсхүл хямдралтай үнээр үйлчилгээ үзүүлэх;
38.3.5.ажлын байранд зуучлах, ажилд оруулах;
38.3.6.улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгийг иргэдэд тараан олгох, шууд зарцуулахтай холбогдсон асуудал.