ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийг Үндсэн хуульд нийцүүлэх ёстой гэж үзлээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-04-20

УИХ дахь Ардчилсан намын зөвлөл өнөөдөр /2020-04-20/ хуралдлаа. Зөвлөлийн гишүүд болон намын удирдлагууд УИХ-д өргөн баригдаж буй Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төслийн талаар санал солилцлоо. УИХ дахь Ардчилсан намын зөвлөлөөс короновирус цар  тахлын үед эдийн засгийн хүндрэлийг даван туулахад онцгой анхаарч, авч хэрэгжүүлэхээр  УИХ-ын даргад өргөн барьсан таван багц 38 санал, мөн УИХ,Засгийн газарт хүргүүлсэн зургаан саналыг  уг хуульд оруулах шаардлагатай гэдэгт санал нэгдэв.  Түүнчлэн энэхүү өргөн баригдах хууль Үндсэн хуульд нийцсэн байх ёстой гэж зөвлөлийн гишүүд үзлээ.

Зөвлөлөөр хэлэлцсэн хоёр дахь асуудал  УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нарын долоон гишүүний өргөн мэдүүлсэн  Төрийн аудитын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн  мэдүүлсэн төслүүд байв. Өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд Аудитын байгууллагын бие даасан байдлыг  бүх түвшинд хангах, төрийн албаны аудитын тухай асуудлыг тодорхой тусгахад анхаарах шаардлагатай гэв. Энэ долоо хоногт УИХ-ын байнгын хороо, чуулганаар хэлэлцэх УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд ч нэгтгэсэн саналаа хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Үүнээс гадна  хурлаар цаг үеийн байдлаар Ардчилсан намын удирдлагуудын мэдээллийг УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн гишүүд сонссон юм.