Би Монгол хүн. Бахархах бахархалтай, огших омогшилтой, хүндлэх дээдэстэй, хайрлах нутагтай, өвлүүлэх үрстэй дэлхийн хүн. Сибирийн өмнөдөөс их говийн адаг хүртэл, дорнын их талаас Алтайн сүрлэг уулсыг хүртэл үеийн үед эзэн суусан хувь төгөлдөр нэгэн. Төв Азийн тэгш өндөрлөгт анхны төрт улсыг байгуулсан түүхт өвөг дээдсийн удам. Энэ л сайхан нутагт долоон их төрт улсыг ээлж, элээн байгуулсан эрэмгий хүн. Алтай, Хангай, Хэнтийн нурууныхаа бэлд төрж, Орхон, Онон, Туул, Хэрлэнгийнхээ уснаас ундаалж, тив алгасаж, дэлхийн талыг төвшитгөж явсан суу зальт хүмүүн.
Хөвсгөл, Увс, Буйрынхаа үзэсгэлэнд баясаж, 33 говийнхоо үзэмжид уясаж өссөн нутаг амьтай монгол хүн. Босгож бичдэг бичиг шиг тэнгэрийн хүн, уясаж дуулдаг уртын дуу шиг талын хүн, уянгалж эгшиглэдэг морин хуур шиг тайтгарлын хүн, уяхан ээжийнхээ бүүвэйн дуунд ухаан орсон уярлын хүмүүн билээ. Чонотой хамт тэнэж өссөн эр зоригийн, морьтой хамт дарцаглаж өссөн хийморийн, таван хошуу малаа адгуулж өссөн нүүдлийн, тал нутагтаа тархан суурьшсан эзэн хүн нь билээ. Урт цагаан хэрэмнээс умардад байгаль далай хүртэл, ижил мөрнөөс дорнодод “Эргүнэ гүн” хүртэл, газрын сайранд нь өсөж төрсөн хүн, цагийн салхинд нь төрж өссөн хүн. Унага төрөхөөр ажнай хүлэг болно гэж баярладаг, хүү мэндлэхэд бөх болно гэж бэлгэшээдэг, дээдсээ хүндэлж цагаан сараараа золгодог, төрөө дээдэлж баяр наадмаараа гангардаг, эсгий туургатны голомтыг бадраасан монгол хүн.
Эрчит нумаа эвшээлгэж, сумаа тавилаа, баяр ирлээ. Хурдан хүлгээ сойж, зурхай тийш хөдөлгөлөө, цэнгэл эхэллээ. Зодгоо өмсөж, бөхчүүд дэвлээ, монгол наадам нээлээ. Есөн хөлт цагаан сүлдээ залж, наадамчин олон чууллаа, төрөө хүндэллээ. Миний монголчууд дэлхийд ганцхан монгол наадамдаа, дэнж хотойтол сайхан наадаарай.