ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Баяр: Дэлхийн 32 орноор байгалийн гэрэл зураг авахад Монгол орон хамгийн сайхан нь байсан

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-11-16

Монгол орны байгаль, үзэсгэлэнт газруудыг гэрэл зурагт буулгаж олон түмний хүртээл болгож буй Байгалийн гэрэл зурагчин Б.Баяртай ярилцлаа. Нүд  хужирлаж,  сэтгэл хөдөлгөх түүний зургууд танин мэдэхүйн мэдээ мэдээллийг давхар агуулдаг билээ.

 

-Хэзээнээс анх гэрэл зураг сонирхож эхэлсэн бэ. Таны сонгосон мэргэжил үү,  сонирхолдоо хөтлөгдөв үү?

-Миний хувьд  төлөвлөгөөний эдийн засагч мэргэжилтэй. ОХУ-д сургууль төгсөж ирээд мэргэжлээрээ хувийн болон  гадны компанид 2014 он хүртэл ажиллаж байлаа. Түүнээс хойш  хоббидоо хөтлөгдөж гэрэл зургийн ажилдаа эргэлт буцалтгүй орсон юм. Анх 2004 онд “Гамма” агентлагийн С.Цацралт, Г.Бадамсамбуу хоёр найзынхаа гэрэл зураг авч байгааг  хараад  сайхан  санагддаг байсан юм. Орост оюутан байхдаа зураг авч, найман миллметрийн кино хальснаас кино буулгадаг,  хар, цагаан зургаа хүртэл угаачихдаг  байлаа.  Найзуудтайгаа хамт зураг  авдаг байхад  дижитал гэрэл зураг дөнгөж бий болж байсан үе. Улмаар С.Цацралтад урагшаа никоны 6 мигапикселийн аппарат, дуран захиж авчруулсан тэр цагаас миний зураг  авах сонирхол эхэлсэн. Шинэ аппаратаараа цэцэг, навч, зөгий, эрвээхий зэрэг  эргэн тойрондоо  байгаа зүйлийг гэрэл зурагт буулгаж эхэлсэн дээ. Түүнийгээ  жижиг хэмжээгээр угаалгаж,  жаазлаад  өлгөсөн  чинь гэр бүлийнхэн, манай гэрт орж ирсэн хүн болгон  гоё сайхныг  нь гайхаж надад  урам өгч байсан  юм. Тэгэхээр  хүн гэдэг чинь хүмүүсийн урмын үгэнд хөтлөгдөж,  илүү  гоё зураг авах хүсэлтэй болдог юм билээ. Гэрэл зургийн эхлэл маань юм даа.

-Таны дарсан гэрэл зургийг харахад байгалийн зураг их байдаг. Яагаад  байгалийн зургийн онцолсон  юм бэ?

-Хүүхэд байхаасаа аав, ээжийгээ дагаж байгальд гарах дуртай байлаа. Байгалийн сайханд  гарч гал түлэх, гишүү цуглуулах, майхан  барих  гэх зэргээр  байгальтай их ойрхон  байсан л  даа. Ер нь байгальд дургүй хүн гэж байхгүй байх /инээв/. Хэсэг хугацаанд явган аялалаар явж байгаад, 1996 онд машинтай боллоо. Бас л хөдөө их аялдаг байсан юм. Тиймээс дан ганц аялж байхаар үлдэцтэй  дурсгалтай гэж бодоод зураг авах болсон. Хамаг бүхэн бороо мэт арилахад, гэрэл зураг шороо мэт үлдэнэ гэдэг үг байдаг даа.

Одоо бол аппарат хэрэслийн  хувьд  мэргэжлийн түвшинд хүрчихсэн. Никоны шинэ хэрэгсэл гарахад дахин шинэчлээд л явж байна. Харин миний хувьд мэргэжлийн түвшинд хараахан хүрээгүй байх гэж өөрийгөө боддог.

-Мэргэжлийн түвшний зураг мөн эсэхийг яаж ялгах юм бэ. Таны гэрэл зургууд мэргэжлийн юм  шиг  л харагддаг  шүү дээ?

-Мэргэжлийн түвшинд хүрсэн эсэхээ мэдэхийг хүсвэл дэлхийн  байгалийн  гэрэл зураг  авдаг хүмүүсийн зурагтай харьцуулж үзэх хэрэгтэй. Хүмүүс миний гэрэл зүргийг “сайхан  байна” гэдэг боловч өөрийгөө голдог гэх үү дээ. Ер нь ямар ч байгалийн зураг харсан хүнд сайхан л харагдана шүү дээ. Зураг авахад зүгээр нэг дараад  өнгөрөх биш,  зөв өнцгөөс мэдрэмжтэй авахыг  хэлнэ.  Байгалийн гэрэл  зурагт зураглал хязгааргүй. Байгалийн сайхныг харуулахаас гадна монгол орны ёс заншил, нүүдэлчин ахуй байгальтай уялдаатай байдгийг харуулахыг зорьдог. Үүнийг зураг авч эхэлсэн тэр цагаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд маш сайн ойлгож авсан. Бусад оронд маш  хүчтэй шуурга, угалз болдог. Манай говьд ч болж байдаг. Гэтэл монгол гэр тэр хүчтэй шуурганд тэсдэг шүү. Би лав хүчтэй, шуурга салхинд монгол гэр хийсчихлээ гэсэн мэдээ огт үзээгүй,  хараа ч үгүй. Тэгэхээр монгол гэрийн хэв маяг байгальд хэрхэн зохицож байгаа, дотор нь амьдарч байгаа малчид, байгалийн хэцүү нөхцөлд  малаа маллаад явж байгаа нь хүртэл хоорондоо уялдаатай байгаа биз. Тэнгэрээ шинжээд маргааш цаг агаар ямар байхыг хараад  хэлж л байдаг. Энэ мэтчилэн нүүдэлчин ахуй, малчин ард  түмэн байгальтайгаа дасан зохицоод, нэг нэгэндээ уусаад амьдарч байгаа нь сайхан л даа. Тэгэхээр миний зурагний сэдэв бол Монголын байгаль,  нүүдэлчин ахуй, ёс заншилд  багтдаг учраас хэзээ ч салгаж болохгүй. Байгальд л гэхэд, ан амьтан, цэцэг ургамал, мод, нуур, гол,  үзэсгэлэнт  тогтоц, адуу мал орно. Адууны зураг гэхэд л уургаа шүүрч авах, адуугаа туух,  хураах гэх зэргээр зураг авсан ч цаана нь  байгальтай  хамт авч буй хэрэг. Тэгэхээр  салгаж болохгүй байгаа биз. Авсан зураг тухайн орчин, өнгө төрх, цаг уурын байдал гэх  мэт олон зүйлийг өгүүлж байдаг. Байгалийн зураг өгүүлэмж ихтэй л дээ.

 

...Би лав хүчтэй, шуурга салхинд монгол гэр хийсчихлээ гэсэн мэдээ огт үзээгүй,  хараа ч үгүй. Тэгэхээр монгол гэрийн хэв маяг байгальд хэрхэн зохицож байгаа,  дотор нь амьдарч байгаа малчид, байгалийн хэцүү нөхцөлд  малаа маллаад явж байгаа нь хүртэл хоорондоо уялдаатай байгаа биз...

 

-Өөр сэдвээр гэрэл зураг авъя гэж бодож байв уу?

-Хотын зураг хаа нэгтээ авна. Хүний хөрөг, хуримын зургийг төдийлөн аваад байдаггүй. Гэхдээ хөдөө малаа хариулаад явж байгаа хүн,  цайгаа самраад зогсож байгаа монгол эмэгтэй, хоймортоо сууж байгаа гэрийн эзэн  сүүтэй цайгаа дээжлээд ууж байгаа нь сайхан шүү дээ. Ер нь манай зурагчид чиглэлээрээ дагначихдаг болсон. Өмнө нь зурагчин гэхээр Сүхбаатарын талбайд зураг авдаг хүмүүсээр боддог байсан бол юм хөгжөөд  өнөө цагт өөр болсон. Шувуу, шавьж байгаль хот, хурим, хөрөг  гэх мэтээр  нэг өгүүлэмжээр дагнах нь амар байдаг юм. Би л гэхэд том шувууны зураг авна уу гэхээс гарын хуруу шиг жижиг шувууны зураг авч чадахгүй шүү дээ. Манайд шувууны зураг  гайхамшигтай гоё авдаг Идэрээ, Жагаа зэрэг хүмүүс бий.

-Байгалийн зураг хараад тайвширдаг, танин мэддэг. Нөгөө талаас таны эдгээр зурагнуудыг хараад ийм сайхан газар хогоо хаячихгүй юмсан гэдэг сэтгэгдэл хүмүүст төрөөсэй гэж миний хувь боддог юм?

-Байгалийн  гэрэл зурагчид бид  “Ийм сайхан Монгол оронтой, ийм сайхан нөхцөлд амьдарч байна” гэдгийг л  мэдрүүлэхийг хичээдэг учраас зургаа цахим орчинд их тавьдаг. Ойлгох нь ойлгож л байдаг. Ойлгохгүй нь янз бүрээр хэлж л байдаг юм. Өөрсдөө очоод зургийг нь буулгаад, нүдээрээ хараад  бишрээд ирсэн хүмүүс  яаж хогоо хаях зүрх гарах вэ дээ. 14 жилийн турш  байгалийн гэрэл зураг авахдаа хэзээ ч хогоо хаяж үзээгүй. Манай зурагчид ч адил. Бид хогны том уутанд хогоо цуглуулж  байгаад сум суурин газарт хогийн цэгт нь хаячихдаг. Амьдралын энгийн хэв маяг  болчихсон доо. Зураг авах орчин  нь хогтой байвал эгдүүцдэг, ой гутдаг. Үнэхээр “хүмүүс минь дээ байгаль дэлхий бидний эх шүү дээ” гэж өөрийн эрхгүй халагладаг. “Эхийнхээ өвөр рүү хог шидэхээр муухай санагддаггүй юм уу” гэж хэлмээр санагддаг. Тийм болохоор бид аль болохоор үлгэрлэж хогийг нь ачаад  явчихдаг юм.

-Зурагчин хүнд мэдрэмж их чухал байх. Ялангуяа байгалийн зураглалд гарч буй торгон агшныг яаж тийм гоё мэдрэмжтэй гаргаж чаддаг юм бэ?

-Хүмүүс намайг  “мэдрэмжтэй зураг авах юм” гэдэг. Гэхдээ би  өөрийгөө мэдрэмжтэй авлаа гэж хэлэхгүй. Мэдрэмж гэхээсээ  илүү өөрт гоё харагдсан, таалагдсанаа л авдаг. Би хүнд таалагдах гэж зураг авдаггүй л дээ. Жишээ нь, Архангай аймгийн Өгий нууранд зураас шиг  хэсэгхэн элс байдаг. Үүнийг яаж авбал сонин,  этгээд харагдах бол гэж боддог. Жилээс жилд туршлага сууж байна даа.  Гэхдээ зургаа зөвхөн аваад өнгөрөх биш,  авсныхаа дараа донжийг нь тааруулж засах, фокусыг тааруулах нь маш чухал.

Тухайн орон нутгийн онцлог,  уул  хайрхад түүний ам бүр өвөрмөц байдаг. Хөвсгөл аймагт Мангуушийн ам гэж бий. Хүн явахын аргагүй бэрх, ус их гаталж очиход гэрэл зурагт буулгахгүй байхын аргагүй диваажингийн орон угтдаг. Энэ мэтчилэн олон сайхан  газраар бишгүй л явлаа. Бурхан Халдун, Отгонтэнгэр зэрэг томоохон хайрхануудыг  тал  бүрээс нь эсвэл,  жилийн дөрвөн улиралд  тааруулж,  ямар өнцгөөс нь авбал хүмүүст ойлгомжтой харагдах вэ гэх мэтчилэн буулгадаг. Тэгж байж гэрэл зургийнхаа сан, архивыг  баяжуулж байна. Байгалийн гэрэл зургийг өглөө эсвэл  орой авдаг учраас тэр газраа заавал хонох шаардлага гарна. Яагаад гэвэл  өглөө,  оройн нар,  гэрэлд тааруулдаг учраас маш их цаг, хөдөлмөр зарцуулдаг.

-Тэр хэрээрээ зардал их гардаг  байх даа?

-Зардал мөнгө их орно шүү. Авсан зургаа сонирхсон хүнтэй нь тохирч зараад дараагийн зурганд гарахдаа шатахууны мөнгөнд зарцуулчихдаг.  Гурвуулаа нийлээд 4000-5000 км газар тойроод ирэхэд 1.5 саяас 2 сая хүртэлх төгрөгийн шатахуун хангалттай зарцуулна. Зун нь зарим дүү, шавь нартайгаа нийлээд зардлаа хуваах маягаар  яваад  сурчихсан. Хээр сайхан  майхнаа барьчихаад,  хоол ундаа тухайн тухайн үедээ аваад явчихаар болчихдог л юм. Гол зардал нь шатахуундаа байдаг.  Мэдэхгүй газраараа нутгийн хүмүүсээр зам заалгаж хөлсийг нь төлөөд  явах үе ч их бий.

-Хүн болгоны хүрч очоод байдаггүй газраар их явдаг болохоор эрсдэлтэй шүү дээ. Машин тэрэг эвдрэхээс эхлээд олон асуудал гардаг байх?

-Манайхан бүгд тоноглосон,  бартаа туулах чадвартай  “Ланд крузер-76” унадаг. Өнгөрсөн хавар бид маршрутаа гаргаад Алтайн урд хэсгийн говиор явахаар боллоо. Энэ хэсгээр ямар ч айл, сум суурин газар байхгүй. Ёстой л зэлүүд газар. Өмнөговиор ороод Эхийн гол,  Сэгс цагаан богдоор ороод явж байтал миний машины эрэг нь суларсаар яваад  бүр уначихлаа. Ахиад жаахан явж байтал яндан цуураад уначихаж. Хурааж аваад дахиад  явах гэтэл олдоггүй. Үзтэл нум нь хугараад явахаа болилоо. Зам нь дэржигнүүртэй, хад чулуу ихтэй.  Нум хугарахад Ээж хайрханы ойролцоо явж байсан тулдаа байгалийн тусгай хамгаалалттай газрын захиргааны мотор нь цохичихсон  байсан  машины нумыг нь гуйж яваад  ажлаа үргэлжүүлж байлаа. Аз болж адилхан машин  байсан юм. Тэд маш их тус болсон. Дараагийн Цогт суманд  очиход бас л асуудал үүссэн учраас яах аргагүй зорилгодоо хараахан хүрч амжилгүй буцаж л байлаа. Уг нь  бид  тэр аялалаар Аж богд, Баян-Өлгийн хилээр тойрох зорилготой байсан юм. Хотод ирээд эвдрэлүүдээ үнэлж,  засуулсаар байтал 6-7 сая төгрөг орсон  байсан шүү. Тэгэхээр машинаа аль болох гамнаж, эвдэхгүй явах нь чухал. Ихэвчлэн зун,  хавар, намартаа, явдаг болохоор бас ч гэж учиртай. Өвөл тийм ч их яваад байдаггүй.

-Араатан амьтадтай таарах нь элбэг биз?

-Гайгүй шүү. Нэг  сонин зүйл ярих уу /инээв/. Энэ жил аравдугаар сарын сүүлээр Увс аймагт ан  амьтдын зураг авах гэж яваад чонотой таарлаа. Тухайн үед говь, хээр  талын аргал  угалзнаас Алтайн аргаль угалз биеэр том байдаг гэдгийг өөрөө өөртөө батлах гэж явсан юм. Гэтэл “Мандахын араг” гэдэг өндөр нүцгэн уулны хажууханд явж байтал чоно шогшиж явна. Хамт яваа хүмүүстээ чоно  байгааг хэлээд, аппаратаа бэлдэж, холоос зургийг нь авлаа. Жоохон дөхөөд  үзтэл зугтаахгүй эргэн  харж шогшоод  байхаар нь бүр ойртож очлоо. Машинаасаа  бууж байгаад биеэрээ ойртоход ч  айхгүй. Бүр гайхаад  чоно над руу хараад  инээгээд байгаа ч юм  шиг, их сонин. Тэр азарган чононы зургийг маш  ойрхоноос авсан. Яадаг ч үгүй юм билээ. Ямар зорилготой яваад байгааг мэдээд  байгаа юм болов уу /инээв/. Энэ удаагийн явалтаар  олон амьтантай таарсан шүү. Аргаль угалз, бодон гахай, буга, янгир ямаа гээд сайхан  амьтдыг харж яваар байгаад  ирсэн. Машинаа  доор  орхиод амьтны зураг  дарахын  тулд эгц өндөр уулаар бид их алхана. Гүйцэгдэхгүй байх нь ч элбэг.  Үен гэдэг амьтныг  анх удаагаа харсан. Өвөл болохоор  үс нь цагаарчихдаг,  зурамнаас бага зэрэг том хөөрхөн  амьтан байдаг юм билээ. Оготно,  хулгана,  туулайг  бариад идчихдэг,  тэр хавьдаа л  чоно нь /инээв/.

 

 

...Машинаасаа  бууж байгаад биеэрээ ойртоход ч  айхгүй. Бүр гайхаад  чоно над руу хараад  инээгээд байгаа ч юм  шиг, их сонин. Тэр азарган чононы зургийг маш  ойрхоноос авсан. Яадаг ч үгүй юм билээ...

 

-Таны яриаг  сонсохоор гэрэл зургийг хараад өнгөрөх биш  танин мэдэхүйн мэдээлэл их өгөх юм байна  шүү?

-Тийм шүү. Олон  талын  мэдээлэл өгөхийн тулд фэйсбүүктээ аль болох л тайлбартай нь оруулахыг хичээдэг. Би ганцаараа мэдээд орхимооргүй байна. Бусдадаа ч бас хуваалцах хүсэлтэй. Тухайлбал, баруун аймгуудын уул хайран,  гол ус нь ямар байдаг байгалийн тогтоц,  нутгийн онцлог нь юу байдаг юм гэдгийг ойлгуулна. Түүн шиг зүүн аймаг, говийн аймгуудад ямар байдаг гэх мэтчилэн харуулж болно.

-Монгол орны байгалийг сонирхож гэрэл зураг авах хүсэлтэй гадаадын зурагчид их  байдаг гэж уншиж байсан юм. Тэдэнтэй хэр хамтарч ажилладаг вэ?

-Коронавирус гарахаас өмнө хоёр жил дэлхийд нэртэй гэрэл зурагчин Даниил  Коржонов хэмээх орос залуутай явсан. Дэлхийн 89 орноор аялж байгалийн гэрэл зураг авсан мундаг залуу бий. Даниил бидэнтэй гэрээ хийж, хоёр жилийн турш  гадны гэрэл зурагчдыг Монголд авчирсан юм. Бидний зүгээс үйлчилгээ явуулж шаардлагатай зургийг нь авахад тусалсан. Харамсалтай нь  энэ жил коронавирусын халдвар гарч таван аялал цуцлагдлаа. Английн эмэгтэй зурагчин ирэхээр төлөвлөөд урьдчилгаагаа төлчихсөн, хүлээгээд л  байж байна. Урьдчилгаа төлбөрийг буцаагаад явуулъя гэхээр “Байж байг. Би заавал Монголд очно” гэх жишээтэй.

-Тэд манай орны юуг  нь илүү  сонирхож гэрэл зурагт буулгадаг вэ?

-Монгол ахуйг сонирхдог хүмүүс нь түүнийхээ зургийг л авна. Ихэнхи нь Монголын говийн  өвөрмөц тогтцыг авахаар ирдэг. 1919, 1921  онд Богдын засгийн газар, Ардын засийн газрыг байхад Америкийн “National geography”-ын музейн дарга Эндрюс Чапин хэмээх хүн Баянзаг суманд байдаг “Асч буй цонж”-ийг нээсэн хүн шүү дээ. Түүнийг дэлхийд “Great gobi desert “ гэдэг шинэ нэр томъёог оруулсан хүн гэдэг. Манай улс дэлхийд  Чингис хаан, говиороо алдартай. Дээрээс нь аялал жуулчлалын зорилгоор зохион байгуулдаг “Бүргэдийн баяр”-ууд орж байна. Энэ соёлоор дамжуулж  бүргэдийн анчин, тэдний ёс заншлыг олж мэддэг. Жишээ нь бүргэдчин охин Н.Айшолпаны зургийг гадаадын зурагчид авсны дараа маш их хүн Монголд ирсэн шүү дээ. Байгалийн гэрэл зурагчдын бас нэг үүрэг нь Монгол орноо гадныханд сурталчилах. Дараа, дараагийн удаад Сарлагийн баяр,  цаатны ахуйгаар дамжуулж Монголоо дэлхийд таниулах бүрэн боломжтой. Манай орон чинь тэр гэж хэлэхийн аргагүй олон сайхан  үзэсгэлэнтэй байгальтай,  нэршлүүдийг нь уншихад л шүлэг шиг  уянгалдаг.   Мориор, машинаар,  алхаагаараа туулаад зураг аваад явахад дуу алдахгүй байхын аргагүй тийм л  сайхан.

-Дэлхийн бусад  орноор явж байгалийн зураг авахад юу бодогддог вэ?

-Миний хувьд дэлхийн 32 орноор байгалийн гэрэл зураг авч явахад хамгийн сайхан  нь  үнэхээр Монгол орон л байсан. Яагаад гэвэл чөлөөтэй явж чаддаг. Таарсан айлдаа орж цай уугаад, тодорхой хөлс өгөөд морийг нь  унаад хүссэн зургаа авч чаддаг. Өөр хаана ч тэгэхгүй. Америкт л гэхэд “хувийн эдлэн орвол буудна шүү” гэнэ. Нэг замаар ороод,  зогссон хэсэгхэн  газраасаа л  зургаа авна.  Яагаад гэвэл бүх газар нь хувийн эзэмшлийнх. Канад, баруун Европ ч тийм. Манай нэг гадаад найз 2008 онд ирээд, бид Архангай Тэрхийн цагаан нуураар ороод цаашаа Хөвсгөлийн Шишгэдийн  гол руу явсан юм. Тэгэхэд найз маань “Ямар сонин юм бэ, Баяраа. Энд майхнаа бариад хоновол хэн ч биднийг хөөхгүй юу” гэж асууж билээ. Бид их азтай хүмүүс байхгүй юу.

-Та бүхэн Монгол орныг  дэлхийд  гэрэл зургаараа дамжуулж тодорхой хэмжээнд сурталчилдаг гэсэн үг шүү дээ. Эргээд Гадаад харилцааны яам, БОАЖ-ын яамнаас ямар нэгэн дэмжлэг үзүүлдэг үү. Тухайлбал,  гадаадад үзэсгэлэнгээ гаргахад холбож өгдөг үү?

-Их байдаг шүү. Саяхан л гэхэд Эрдэнбулган, Ган-Өлзий, Нацагдорж, Октябрь зэрэг байгалийн гэрэл зурагчин  бид  найзуудаараа нийлээд есөн хүн “Монголын байгалийн гэрэл зурагчдын нийгэмлэг”-ийг байгууллаа. Улмаар БОАЖ-ын яамтай уялдаж ажиллах боломж нээгдсэн. Өөрөөр хэлбэл, хилийн бүс, тусгай хамгаалалттай газар нутгаар  явахад надад байгалийн идэвхтэн  байцаагчийн үнэмлэх өгчихнө. “Хаашаа ч явсан энэ хүнд дэмжлэг үзүүлээрэй ” гэх агуулга бүхий бичиг асуудалгүй хийгээд өгчихнө. Эргээд Байгаль орчны яамнаас дэлхийн олон улсын хуралд явахад нь шаардлагатай зургийг нь өгөх маягаар хамтарч ажиллаж байна. Хувь хүн биш албан ёсны байгууллага болчихоор гадаадын байгууллага, төрийн яамдууд бидэнтэй харилцаа үүсэхэд бэлэн гэсэн үг  л дээ. Гадаад харилцааны яамтай ч хувиараа өмнө нь хамтарч байсан бол  одоо  нийгэмлэг болчихоор илүү нээлттэй, амар болж байгаа юм.

 

 

 

Илүү ихийг эндээс үзээрэй

https://www.flickr.com/photos/bayars_photo_mongolia/?fbclid=IwAR3kEJoKkVSPbKCyir_ZW46W6QwcBarLfn5AU1YK71hY-fHf0sKaKxdNMjg