-УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Ерөнхий сайд асан С.Баяр нар Улаан тайгад тансаг зэрэглэлийн жуулчны баазууд ажиллуулдаг ажээ-
Монголын Швейцарь гэгддэг Хөвсгөл аймаг бол манай улсын аялал жуулчлалын гол бүс нутаг. Энэ ч утгаараа гадаад дотоодын олон мянган жуулчин унаган төрхөөрөө буй үзэсгэлэнт байгалийг үзэхээр энэ нутгийг зорьдог. Гэвч будаач будаач гээд сахлаа будна гэгчээр сүүлийн үед улсын тусгай хамгаалалттай, байгалийн цогцолбор бүсүүдэд амралтын баазууд шил дараалан байгуулагдаж, унаган төрхөөрөө буй үзэсгэлэнт Хөвсгөлд бодит аюул нүүрлэжээ.
Эдгээрийн нэг нь Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын нутаг Улаан тайгын тусгай хамгаалалттай газар болох “Алаг хад” хэмээх тайгын гүн дэх Монголын тэргүүн баян Б.Нямтайширын бааз юм. Энэ баазыг 2012 онд байгуулсан бөгөөд тэргүүн Б.Нямтайширын хүү Н.Номтойбаяр найз нөхөд, амраг саднаа дагуулж очин тайгын гүнд ан хийж зугаацдаг гэх мэдээллийг нэгэн иргэн өгсний дагуу бид энэ талаар сурвалжлахаар Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмэ сумын нутаг Тэнгис Шишгэдийн бэлчрийг зорьсон юм.
Ян сарьдгийн дундах жуулчны баазууд
Тайгын гүн дэх Б.Нямтайширын тансаг зэрэглэлийн нууц бааз Монгол орны хамгийн хойд хязгаар болох Цагааннуур сумаас 40 орчим километрийн зайтай. Тэнгис, Шишгэд гэх Дархадын хотгорын хоёр том гол нийлсэн уулзвар, байгалийн үзэсгэлэн бүрдсэн энэ газрыг “Бэлчир” гэдэг аж. Яг энэ цэгээс нийлж урссан их гол Енисэй мөрөнд цутгадаг гэнэ.
Ян сарьдгуудын дундах хоёр голын бэлчир болсон үзэсгэлэнт энэ хөндийд голын эрэг даган жуулчны баазууд эгнэжээ. Нутгийн иргэний хэлснээр хамгийн эхнийх нь Ерөнхий сайд асан С.Баярынх гэнэ. Зургадугаар сараас аравдугаар сар хүртэлх хугацаанд зөвхөн гадаадын жуулчин авдаг энэ баазыг тунгалагаараа алдартай Тэнгис голын эрэгт тулган барьжээ. Баазын хаалганы шат голын усан дунд хөлдсөн харагдав. Барагцаагаар 5-6 айлын газар баймаар том газрыг хашаалсан байх бөгөөд энэ нь Ерөнхий сайд асан С.Баярын эзэмшлийнх гэнэ.
Цагтаа нутгийн айлуудын малын бэлчээр байсан энэ газарт одоо нутгийн иргэн бүү хэл бэлчиж яваа мал ч очих эрхгүй болжээ. Мал ойртвол хөөж туугаад дөхүүлдэггүй гэдгийг малчид учирлаж байв. Өвлийн улирал болоод ч тэр үү баазын манаач гэх жижигхэн гэртэй айлаас өөр хавь ойрд айлын бараагүй, эл хульхан байв.
Яг энэ бэлчрээс цааш машин явах боломжгүй ажээ. Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газар эндээс эхэлдэг байна. Өөрөөр хэлбэл, эдгээр баазууд улсын тусгай хамгаалалттай газар байгуулагджээ. Харин Б.Нямтайшир, Н.Номтойбаяр нарын хувийн тансаг зэрэглэлийн бааз эндээс 40 орчим километрийн цаана “Алаг хад” гэдэг бөглүү тайгад байдаг гэх. Зам хэцүү учраас энд зөвхөн мориор, эсвэл нисдэг тэргээр ирэх боломжтой гэнэ.
“Алаг хад” нэртэй тэнгэр баганадсан өндөр хясааны дор, Тэнгис голын эрэгт энэ бааз байрлах ажээ. Өвлийн улирал болоод ч тэр үү, Б.Нямтайширын бааз ч мөн эзгүй. Манаач нь болох П.Батсүх гуайнх баазаас 500 орчим метрийн цаана өвөлжиж байна. Б.Батсүх гуайн ярьснаар энэ баазыг 2012 онд барьсан бөгөөд Н.Номтойбаяр, Б.Нямтайшир нар найз нөхөд, ойр дотныхонтойгоо ихэнхдээ зуны улиралд ирж амардаг аж. Тэднийг дагалдан ирдэг хүмүүсийн дунд олны танилууд, төрийн түшээд ч байдаг гэнэ.
Тусгай хамгаалалттай газар хууль бус ан хийж, зугаацдаг уу
Зуны цагт жигүүртнээс өөр амьд амьтан очих боломжгүй энэ нууц газарт тэд зөвхөн нисдэг тэргээр ирдэг гэдгийг П.Батсүх гуай ярьсан юм. Барилгын материалаа нисдэг тэргээр зөөж энд авчирчээ. Энэ газрын ойролцоо Улаан номд орсон тул загасны түрсээ шахаж цугладаг гэх “Дөрвөлжийн хад” гэдэг газар байдаг аж. Н.Номтойбаяр тэргүүтэй хөрөнгө бэл ихтэй хүмүүс голдуу нисдэг тэрэг хөлөглөн ирж, загасчилдаг гэдгийг ч нутгийн иргэд ярьж байсан юм. Морь, мотоциклээс өөр унаагүй байгаль хамгаалагчдын дээгүүр нисч өнгөрөөд очихоос нь урьтаж “ажлаа” амжуулдаг учраас хөөрхий байгаль хамгаалагчид яаж ч чадахгүй. Харин одоогоос хэдэн жилийн өмнө ийн загасчилж байгаад тэр хавьд эргүүлд явж байсан Улаан тайгын тусгай хамгаалалтын байгаль хамгаалагчид баригдаж, торгуулж байсан тухай нутгийн иргэд хуучилж байлаа.
Ногоон хаш уулыг хэн эзэмшдэг вэ
Б.Нямтайширын баазаас цааш 40 орчим километрийн зайд “Бяран” гэх газарт алдарт ногоон хаш уул байх бөгөөд энэ уулыг Н.Номтойбаяр эзэгнэдэг тухай үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл байдаг.
Тэгвэл улсын тусгай хамгаалалттай газар амралтын бааз байгаа нь ямар учиртай болон хашин уулын талаар Улаан тайгын УТХГ-ын Хамгаалалтын захиргааны дарга Ж.Төмөрсүхтэй цөөн хором ярилцсан юм.
Ж.Төмөрсүх: Хаш уулын тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар албан бичиг өгсөн
-Улсын тусгай хамгаалалттай газарт МАК-ын захирал Б.Нямтайшир бааз байгуулсан байна. Тусгай хамгаалалттай газар амралт байгуулж болохгүй биз дээ?
-Тэнгис, Шишгэдийн байгалийн цогцолборт газар гэж нийт 875 мянган га газар бий. Тэнгис, Шишгэдийн бэлчрээс цааш 30-40 километр гэдэг нь тайга газар гэсэн үг. Б.Нямтайширын бааз бол Тэнгис, Шишгэдийн бэлчрээс 16 орчим километрийн зайд Шишгэд голын захад “Алаг хад” гэдэг газар байдаг. 2015 онд тэнд бааз байгуулах албан ёсны зөвшөөрлөө авсан юм.
-Тэр баазыг 2012 онд байгуулсан гэсэн. Зөвшөөрөл авахаасаа гурван жилийн өмнө баазаа байгуулчихсан байсан гэсэн үг үү?
-Тийм. 2012 оны долоо, наймдугаар сард барьж эхэлсэн байдаг. Энэ үед тусгай хамгаалалттай газарт ороогүй байсан юм. Тусгай хамгаалалтад оронгуут тэр амралтыг зогсоосон. Ингээд 2015 онд МАК албан ёсоор зөвшөөрөл авсан байдаг. Тусгай хамгаалалт дотроо онцгой хамгаалалтын бүс хязгаарлалтын бүс, аялал жуулчлалын бүс гэж хуваадаг. Б.Нямтайширын амралт бол хязгаарлалтын бүс буюу аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж болох газар байгуулсан бааз.
-Б.Нямтайширын баазын ойролцоо тул загасны түрсээ шахдаг газар байдаг гэсэн. Энд Н.Номтойбаяр нарын хүмүүс загасчилдаг гэх мэдээлэл бий?
-Загас хаана ч түрсээ шахаж болно шүү дээ. Ихэнхдээ голуудын эхэнд түрсээ шахдаг гэдэг. Хүмүүсийн хэлээд байгаа тэр газар бол тул түрсээ шахдаггүй. Яагаад гэвэл маш гүнзгий устай газар.
-Тэнгис, Шишгэдийн бэлчирт байгаа амралтын газрууд ямар бүсэд нь хамаардаг юм бэ?
-Тэр амралтууд бол тусгай хамгаалалт гэж байгуулахаас өмнө буюу 1990-ээд онд баригдсан юм. Тэнгис, Шишгэдийн сав газар 2012 онд улсын тусгай хамгаалалтад орсон шүү дээ.
-“Бяран” гэж газар байдаг хашин уултай Н.Номтойбаярыг холбоотой гэдэг юм билээ. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Хаш уул бол Н.Номтойбаяр болон Б.Нямтайширтай ямар ч холбоогүй. Улсын хилээс долоон километрийн наана байдаг уул. Б.Нямтайшир гуай тэнд тийм уул байдгийг ч мэдэхгүй байх. Одоо бол тэнд нэг ч хүн байхгүй. Очих боломж ч байхгүй. Тусгай хамгаалалтад орохоос өмнө 400 гаруй “нинжа” хулгайгаар тээвэрлэж хятадуудад худалддаг байсан юм. Одоо нэг ч хүн тэр уул руу очихгүй байгаа. Манай байгаль хамгаалагчид “Бэлчирт” байрлан хяналт, шалгалт хийж байгаа. Н.Номтойбаярыг хаш уултай холбоотой гэсэн асуудал яригдах үед би БОАЖ-ын яаманд албан ёсны тайлбар, баримт материалыг нь хүргүүлсэн. Хаш уул байдаг газар хэн дуртай нь очоод ухаж төнхөөд байх газар биш. Мориноос өөр унаа ч очих боломжгүй газар. Очдог замд нь манай байгаль хамгаалагч байнгын байрлаж ажилладаг. 10 хоногийн давтамжтайгаар 60 см-ийн зузаантай цасаар явганаар туулж эргүүл хийдэг. Бид ингэж л хамгаалж байгаа. Итгэхгүй байгаа бол манай байгаль хамгаалагч нартай хамт яваад, үзэж болно.
-Тусгай зөвшөөрөл нь ямар компанид байдаг юм бол?
-“Өргөн цагаан нуур” гэдэг компани лицензийг нь эзэмшдэг. Нөгөө талаас Хятад, Буриад компаниуд байдаг юм шиг байна билээ. Энэ лицензийг хүчингүй болгуулах гэж бид удаа дараа дээд газарт албан бичиг өгсөн. Лиценз хүчингүй болгох газар нь тусгай хамгаалалттай газар учраас одоогоор хариу ирээгүй байгаа. Уг тусгай зөвшөөрлийг нь “Их маргад уул” нэртэй компани эзэмшиж байгаад 2008 онд “Өргөн цагаан нуур” компанид шилжүүлсэн юм билээ.
-Н.Номтойбаяр нарыг бааздаа очиход нь танайх шалгалт хийдэг үү?
-Шалгадаг. Гурван ч удаа тэр хүмүүст арга хэмжээ авсан. Нисдэг тэргийг нь зогсоосон. Гэтэл зарим хүмүүс тусгай хамгаалалтынхан тэр хүмүүсийг хамгаалж байгаа мэтээр ярьж байгаад харамсаж байна. Миний тооцоолсноор “Алаг хад”-ны амралтад жилд 3-4 удаа л очдог. Би Н.Номтойбаяртай нүүр тулж уулзаж ч байгаагүй.
...Байгалийн үзэсгэлэн бүрдсэн Хөвсгөлийн тайгыг хамгаалж буй Ж.Төмөрсүх гуай ийн тайлбарлаж байна. Ямартай ч шувуунаас өөр зүйл очдоггүй гэх Хөвсгөлийн бөглүү тайгад Б.Нямтайшир түүний хүү Н.Номтойбаяр нар ийн тансаг зэрэглэлийн бааз байгуулж, тусгай хамгаалалттай газар өөрсдийн вант улсыг байгуулжээ. Бид энэ талаар эргэн сурвалжлах болно.