ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Тэтгэвэр тогтоолгосон атлаа ажил эрхэлж НДШ төлсөн бол тэтгэврээ нэмүүлэх боломжтой

Г.САНЖААХАНД (сэтгүүлч)
2018-06-06

Ахмадуудад тэтгэврээ өөрчлөн тогтоолгох боломж байдаг аж. Энэ талаар НДЕГ-ын Бодлогын хэрэгжилт, судалгааны газрын дарга Ц.Ганцэцэгээс тодрууллаа.

-Иргэд тэтгэвэрт гарс­наасаа хойш тогтоолгосон тэтгэврээ өөрчлөх боломж­той байдаг гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх­гүй юу?
-Иргэд, даатгуулагчдын хувьд өндөр настны, тахир дутуугийн, тэжээгчээ алдсаны гэсэн гурван төрлийн тэтгэврийг тогтоолгодог. Тэтгэврийн эрхийн харилцаа үүсч, тэтгэвэр тогтоолгосноос хойш тогтоосон тэтгэврийг өөрчлөх хуулийн зохицуулалт байдаг. Тухайлбал, өндөр настны тэтгэвэр авч буй хүн ямар нэг байгууллагатай хөдөлмөрийн, ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн жил тутамд анх удаа тэтгэвэр тогтоолгосон дундаж цалингаасаа 1.5 хувиар анх тогтоолгосон тэтгэврээ нэмүүлэх боломж байдаг. Жишээлбэл, 500 мянган төгрөгийн дундаж цалингаас тэтгэврээ тогтоолгосон хүн аль нэг байгууллагад гэрээгээр ажилласан тохиолдолд жил тутамд 1.5 хувиар  тэтгэвэрээ нэмүүлэх боломжтой гэсэн үг. Өөрөөр хэлбэл 500 мянган төгрөгийн тэтгэвэр тогтоолгосон хүн жил бүр 1.5 хувь буюу 15000 төгрөгөөр тэтгэврээ нэмэгдүүлнэ гэсэн үг.

-Тэтгэврээ өөрчлөн тог­тоолгохыг хүссэн иргэн хаана, хэнд хандах ёстой вэ?
-Тэтгэвэр авч буй хүн нийгмийн даатгалын дэвтрээ баталгаажуулаад өөрийн тэт­гэвэр авдаг харьяа нийгмийн даатгалын хэлтэстээ өргөдөл гаргах ёстой. Тэтгэвэр нэмэгдүүлэх өргөдөл гаргасан өдрөөс нэмэгдсэн тэтгэврээ аваад явдаг. Нийгмийн даатгалын байгууллага тухайн иргэний өргөдлийг хүлээж аваад 30 хоногийн дотор шийдвэрлэх ёстой. Тухайн сарын 15-ны дотор өргөдлөө өгсөн тохиолдолд тухайн сараасаа эхлээд өөрчлөгдсөн тэтгэврийг авна. Харин тухайн сарын 15-наас хойш өгсөн бол дараа сарын 01-нээс өөрчлөгдсөн тэтгэврийг нь өгдөг.

-Тэтгэвэр нэмэгдүүлэх өргөдөл гаргахад тавигдах шаардлага байгаа юу? Нэмэлтээр  ямар бичиг баримт бүрдүүлэх шаард­лагатай вэ?
-Тэтгэвэр өөрчлөхтэй хол­боотой, шаардлагатай гэсэн бичиг баримтыг бүрдүүлж өгөх ёстой. Хэрвээ тэтгэвэр тогтоолгосноос хойш ажил­ласан тохиолдолд нийгмийн даатгалын дэвтэрт шимтгэл төлсөн нь баталгаажсан байх ёстой. Мөн тахир дутуугийн тэтгэвэр авдаг хүн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь өөрчлөгдсөн тохиолдолд Эмнэлэг, хөдөлмөр магадлал комиссын акттай байх ёстой.

-Тэтгэврийн доод хэмжээг хэдэн төгрөгөөр тогтоосон бэ? Тэтгэвэр тогтоолгох на­санд ямар өөрчлөлт орсон бэ?
-Энэ оны хоёрдугаар сарын 01-нээс Засгийн газрын шийд­вэрээр бүрэн тэтгэв­рийн доод хэмжээг 280 мянган төгрөгөөр шинэчлэн тогтоосон. Нийт 393.5 мянган хүн нэмэгдэлд хамрагдсан байгаа. Мөн хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 243 мянган төгрөг болгож нэмэгдүүлсэн. Энэ оноос тэтгэврийн насыг жил бүр гурван сараар нэмэгдүүлсэн. Гэхдээ 20 жил гурван сар шимтгэлээ төлсөн даатгуулагч эрэгтэй 60, эмэгтэй 55 насантайдаа тэтгэврээ тогтоолгох эрх нь нээлттэй байгаа.Тэтгэвэр нь даат­гуу­лагчийн авч байсан цалин хөлс, шимтгэл төлсөн хуга­цаанаас шууд хамааралтай. Тэгэхээр өндөр цалин авч байсан, олон жил шимтгэл төлсөн хүн өндөр тэтгэвэр авна. Харин цөөн жил ажиллаж бага цалин авсан хүний тэтгэвэр харьцангуй бага тогтоогддог.