ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Теле хичээлийн давуу болон сул талыг тэд ингэж дүгнэв

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-03-30

ДЭМБ-аас цар тахал хэмээн тодорхойлсон covid-19 вирусээс урьдчилан сэргийлэх хүрээнд Монгол Улс шат дараатай олон арга хэмжээ авсны нэг нь ЕБС болон цэцэрлэг, Их дээд сургуулийн үйл ажиллагааг зогсоох байсан юм. Хүүхдүүдээ эрсдлээс хамгаалах энэхүү арга хэмжээг эхлээд нэг сарын хугацаанд үргэлжлүүлэх байсан ч зайлшгүй нөхцөл байдал, эрсдэл зэргээ тооцож, ирэх дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгах шийдвэр гаргав. Энэ шийдвэрийг эцэг эхчүүд болон багш нар хоёр өнцгөөс хүлээж авсан юм. Тэр тусмаа ЕБС-иа төгсөх сурагчид хичээл нь хоцрогдох, Их дээд сургуульд элсэх шалгалтдаа бэлтгэх хугацаа давчуу боллоо хэмээн эсэргүүцэж байсан нь худлаа биш.

Харин хөдөө орон нутгийн тэр дундаа малчид хаврын мал төллөлтийн үеэр хүүхдүүд нь гэртээ байгаад олзуурхаж байгаа. Боловсролын яамнаас шат дараалсан арга хэмжээ авч төгсөх ангиас бусад бүх ангиудын элсэлтийн шалгалт авахгүй, онлайнаар хичээлээ судалж, цаг тухайд нь анги удирдсан багшдаа хянуулах, багш нар сурагчид болон эцэг эхчүүдтэйгээ уялдаа холбоотой ажиллахыг сануулж байгаа ч салбар яамны энэхүү шийдвэр хөрсөн дээр хэрхэн ажил хэрэг болж байгаа нь сонин. Тиймээс бид эцэг эхчүүд, сурагчид, багш нарын төлөөлөлтэй уулзаж, заримтай нь утсаар холбогдож байр суурийг нь сонслоо. Угтаа онлайн хөтөлбөрийн давуу болон сул тал, мөн хичээлээ ойлгож байгаа эсэх, эцэг эхчүүдэд энэ нь бэрхшээлтэй байгаа юу гэдгийг сонирхов. Харин багш нарын тухайд хүүхэдтэйгээ хэрхэн эргэх холбоотой ажиллаж байгаа болон онлайн сургалтыг хэрхэн дүгнэж байгааг сонирхлоо. 

Багш нарын төлөөлөл 

Б.Энхмаа: Онлайн орчинд сурагчидтайгаа сайн ажиллаж байгаа 

/Хөвсгөл аймгийн Улсын тэргүүний “Дэлгэрмөрөн” цогцолбор сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш/ 

-Онлайнаар зааж буй 20 минутын хичээлийг сурагчиддаа цаг тухайд хүргэх, мөн хичээлээ хийсэн эсэхийг нь хянаж ажиллаж байна. Мөн ахлах анги буюу IX, XII ангийн сурагчдаас онлайн сорилыг долоо хоног бүр авч, засаж үнэлгээг нэгтгэн танилцуулан сурагчидтай ажиллаж байгаа. Аймгийн хэмжээнд Монгол хэл, уран зохиолын багш нар хамтран бүх ангийн дэвших болон төгсөх шалгалтын жишгийг олон хувилбартайгаар бэлтгэсэн. Үүнийгээ анги удирдсан багш болон ангийн группуудээр дамжуулан өгч, хугацаандаа хийсэн даалгаврыг зургаар үргэлж авч дүгнэж байгаа. Хөл хорио тогтоосон энэ үед төгсөх ангиас бусад шалгалтыг авахгүй гэж байгаа ч сурагчид идэвхтэй байснаар өмнө үзсэн хичээлээ мартахгүй байх давуу талтай учраас багш нар онлайн орчинд сурагчидтайгаа маш сайн ажиллаж байгаа. XII ангийн сурагчдад ЭЕШ-ын сэдвээр төрөлжсөн даалгаврыг онолын хамт өгч, нэмэлт даалгаврыг ч сэдэв, сэдвээр бэлтгэн өгдөг. 

Д.Мөнхзул: Хүлээн авах чадвар, ойлголт танхимын сургалтыг гүйцдэггүй 

/Завхан аймгийн Нэгдүгээр сургуулийн Бага ангийн багш/

-Манай сурагчдын ихэнх нь Завхан аймгийн төвийн хүүхдүүд бий. Ер нь  28-30 сурагч бол тогтмол теле хичээлээ үзэж байгаа. Анги удирдсан багшийн хувьд эцэг, эхчүүдээс онлайнаар байнга судалгаа авч, ажилладаг. Эцэг, эхчүүдээс тэр дундаа монгол хэлний хичээлийг хурдыг нь гүйцэхгүй, ойлгохгүй байна гэдэг санал, шүүмжлэл их гарч байна. Тиймээс хоцрогдол гаргахгүйн тулд теле хичээлийг нь давтан оруулах, нэмэлт даалгавар өгөх зэргээр зохицуулалтыг хийж ажилладаг. Хэдийгээр  багш, эцэг, эхчүүдийн зүгээс хангалттай анхаарч байгаа ч хүүхдүүдийн хүлээн авах чадвар, ойлголт танхимын сургалтыг гүйцэхгүй байгаа. Мэдээж улс орны хэмжээнд тогтоосон хөл хорио дуусахаар өөрийн чадвар мэдлэгээ харамгүй гаргаж, сурагчдынхаа хоцрогдол, ойлголт дутуу байгаа алдааг засч чадна гэж бодож байгаа. 

Э.Цэрэндэжид: Теле хичээл зааж буй багш нарын арга туршлага ойлгомжтой, гэхдээ 

/Орхон аймгийн Баян-Өндөр сумын IV сургуулийн Бага ангийн багш/

-Сурагчдаасаа өдөр бүрийн теле хичээл үзэж тэмдэглэсэн тэмдэглэл, болон тухайн өдрийн хичээлээр өгсөн даалгаврыг нь хувь чатаар авч, сурагчдынхаа ирцийг тэмдэглэн ажиллаж байгаа. Сурагчид маань ч идэвхтэй байдаг. Тухайн өдрийн хичээлийг багш өөрөө тэмдэглэн авч, багш нартайгаа онлайнаар ээлжит хичээлийн хөтөлбөр, үнэлгээний жишиг даалгаврыг боловсруулдаг юм. Түүнийгээ нэмэлтээр сурагчиддаа өгч хариуг нь маргааш өдөр нь авч засаж, зөвлөгөө өгөх хэлбэрээр ажилладаг. Хөдөө болон интернет цахим орчин бүрдээгүй хэсэг сурагчидтай өдөр бүр харилцаж чадахгүй байгаа. Гэхдээ хэд хоногийн хугацаатай эргэх холбоотой ажиллаж байна. Хөдөө мал маллаж байгаа сурагчидтайгаа ч утсаар холбогдож, хичээлээ судлаж буй эсэхийг асууна. Теле хичээлийн хувьд зааж буй багш нарын арга туршлага, хэрэглэгдэхүүн хүүхдэд ойлгомжтой. Гэхдээ сул тал нь сурагчдад бодох хугацаа өгөхгүй, тэмдэглэж авч гүйцэхгүй зэрэг бэрхшээл тулгарч байгаа. 

Б.Чулуун: Залуу багш нар эндээс маш их зүйл сурна 

/Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын ЕБС-ийн Бага ангийн багш/

-Хөл хорионы үед  үүсээд байгаа нөхцөл байдлаас шалтгаалж теле хичээл нь гэрийн нөхцөлд сургалтын үйл ажиллагааг тасралтгүй явуулах, хүүхдүүдээ дэмжихэд эцэг эхэд том дэмжлэг болж чадаж байгаа. Тухайлбал, хүүхдүүд өөрөө  бодож, оролдож, эрж хайх, бие даан суралцах асуудлыг шийдэх шинэ арга замыг хайх зэрэг чадвартай болно. Хүүхдүүдийг хариуцлагатай болоход нь дэм болох, гэр бүлийн гишүүдтэйгээ хамтран ажиллах, эцэг, эх нь хүүхдүүдийнхээ сурлагад анхаарч эхлэх сайн тал байгаа. Мөн хүүхдүүдийнхээ хичээлийг давтуулах арга зүйг олж авч чадсан. Теле хичээлээр багш нар ч арга туршлагаа солилцох боломж олдлоо. Залуу багш эндээс маш их юм сурна. Мэдээж сул тал ч бас бий. Тухайлбал, эцэг эхчүүдээс санал авахад хичээл хэтэрхий хурдан явагдаж байгаа  учраас тэмдэглэж авахад бэрхшээлтэй, зарим малчдад телевиз байхгүй учраас хүүхдүүд нь хичээлээ үзээгүй байдаг. Хөдөөгийн багш нар сурагчидтайгаа ихэнхдээ утсаар холбогдох, сүлжээгүй газрын хүүхдүүдтэй очиж уулзан зөвлөгөө өгч байгаа. Мөн телевизээр заасан хичээлийн дасгал даалгаврыг боловсруулан \тухайн дасгалыг засах заавар, хариутай нь хамт\ зөвлөмжийн дагуу эцэг эхийн гар дээр хүргүүлсэн. Одоо яг мал төллөж эхэлсэн учраас хичээл үзэж чадахгүй болох сул тал ч бий. Эцэг эхчүүдэд хичээлийг хүүхдүүтэйгээ хамтран үзэж, харилцан ярилцах даалгаврыг өгч ажилласан.  

Сурагчдын төлөөлөл 

Н.Намсрай: Автобусаар хол явахгүй нь таалагдаж байна

/Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн “Лаборатори 142 дугаар сургууль”-ийн 2б ангийн сурагч/ 

-Гэрээсээ хичээл хийх гоё байна. Ангидаа очиж хичээл хийхээс гурваар илүү санагдаж байгаа. Автобусаар хол явахгүй нь хамгийн их таалагдсан. Гэхдээ ангийнхаа хүүхдүүдтэй заримдаа уулзаж, тогломоор бас хичээлийнхээ гоё хувцсыг өмсмөөр санагддаг. Өвчин эдгэрсний дараа хичээлдээ явна. Ах бид хоёрын хичээл зэрэг гарахаар эхлээд би хичээлээ хийсний дараа ах нөхөж үздэг юм. Заримдаа теле хичээлээ мартаад, тасалчихдаг. Багш хичээлээ хийж байгаа зургаа явуулаарай гэсэн. Би одоохондоо явуулаагүй, ээж аав бөөнд нь явуулна гэсэн.

О.Энэрэл: Хэзээ сургуульдаа явахаа хэлж мэдэхгүй

/Улаанбаатар хот ЕБС-ийн хоёрдугаар ангийн сурагч/

-Халдварт өвчин гараад сургуульдаа явж чадахгүй байгаа. Хоёрдугаар ангийн сурагчдын хичээл “С1” телевизээр гардаг. Теле хичээлээр монгол хэл, математик, хүн ба орчин, иргэний боловсрол зэрэг хичээлийг үзэж байна. Хичээлээ эмээ, өвөө, аав, ээжтэйгээ хийдэг. Заримдаа хичээлийнхээ цагийг мартсан үедээ нөхөөд үзчихдэг. Мөн давтан гардаг болохоор даалгавраа хийхэд амархан. Бид мянгын дотор нэмж, хасаж, үржиж, хуваадаг болсон.  Бас 1-9 хүртэлх бүх хүрдээ цээжилсэн. Сургууль дөрөвдүгээр сарын 30 хүртэл орохгүй гэсэн.  Цаашид хэзээ сургуульдаа явахаа хэлж мэдэхгүй байна. Сургуульдаа явахыг маш их мөрөөдөж байгаа.  Ангийн багш болон найз нараа маш их санаж байна. Хоёрдугаар ангид ороод сургуульдаа цөөхөн явсан. 

Н.Сүхбат: Дараа нь нөхөж үзнэ

/Баянзүрх дүүргийн “Лаборатори 142 дугаар сургууль”-ийн 4а ангийн сурагч/ 

-Гэрээсээ хичээллэх заримдаа амар, заримдаа уйтгартай санагддаг. Ангидаа очоод хичээл хийснээс дасгалууд нь амархан юм байна билээ. Зарим нь манай ангийн үзсэн хичээлүүд байна лээ. Гэхдээ би ойрд хичээл хийгээгүй. Дараа нь нөхөж үзнэ ээ.  

О.Шинэсаран: 40 минутын хичээлийг 20 минутад ордог

/Сэлэнгэ аймаг Хялганатын ЕБС-ийн 11б ангийн сурагч/  

-Минийхээр теле хичээл үр дүнгүй байгаа. Яагаад гэвэл 40 минутад орох ёстой хичээлийг 20-хон минутад заадаг. Маш хурдан учраас тэмдэглэж авахад ч хүндрэлтэй. Дээрээс нь эргэлзсэн ойлгоогүй зүйлээ лавлаж асуух боломжгүй. Теле хичээл үзээд улсын шалгалт өгнө гэвэл тэнцэх хүүхэд байхгүй байх. Олон хүүхэдтэй айл хүүхдүүдийнх нь хичээл давхцаад байдаг юм билээ. Азаар манайх дүү бид хоёр л сургуульд явдаг болохоор өглөө, орой гээд ээлжлээд үзчихдэг юм. Гэхдээ бас бүх хичээлээ тасралтгүй үзэж чадахгүй. Миний хувьд цаашдаа нийгмийн ухааны хичээлүүдээр ЭЕШ-д бэлтгэх сонирхолтой байгаа учраас зөвхөн нийгмийн ухааны чиглэлийн хичээлүүдээ л үзэж байна. Багш нар нэмэлт даалгавар өгдөг. 

Эцэг эхчүүдийн төлөөлөл 

Б.Болорцэцэг: Хурдыг нь бага ангийн хүүхэд гүйцэхгүй юм

/Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын сургуулийн эцэг эхийн төлөөлөл/ 

-Манай хүү гуравдугаар ангид сурдаг. Теле хичээлийн нэг давуу тал нь хүүхдийнхээ даалгаврыг хийлгэхэд амар юм байна. Одоогийн сургалт бидний сурагч байх үеийнхээс бодох аргачлал нь тэс өөр болчихсон учраас хүүхдийнхээ хичээлийг зааж өгч хийлгэхэд хүндрэлтэй байсан. Өөрийн мэддэг аргачлалаар зааж өгөхөөр багш нь буруу арга гэх жишээтэй. Одоо бол хичээлийг нь хамт үзээд өөрөө аргачлалыг нь ойлгочихоор хүүхдийнхээ даалгаврыг хийлгэхэд амар болсон. Гэхдээ телевизээр зааж байгаа хурдыг нь бага ангийн хүүхэд гүйцэхгүй юм. Бусдаар бол гэрээсээ хичээллээд байвал ханиад томуу хүрэхгүй амар л юм. 

Б.Ууганжаргал: Онлайн сургалт бол шинэлэг зүйл

/Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн иргэн/ 

-Онлайн сургалт гэхээсээ өмнө “хүүхэд гэртээ бие дааж хэрхэн сурах вэ” гэдэг талаар анхаарах болсон байна. Гэтэл манай Ерөнхий боловсролын сургуулиуд сурагчиддаа сурах бичиг өгөхөөс өөр гарын авлага алга. Өөрөөр хэлбэл, ийм нөхцөл байдал үүссэн тохиолдолд хэрхэн уялдаатай ажиллах талаар хоёр дахь төлөвлөгөө байхгүй ажиллаж иржээ. Боловсролын реформ эндээс эхлэх ёстой гэж боддог. Дэлхийн улс орнуудыг харж байхад ЭЕШ олон хөтөлбөрөөр гарч байгаа. Гэрээр суралцах боломжийг хүртэл бүрдүүлсэн байдаг. Ямар ч нөхцөл байдлаас шалтгаалж, гэрээр боловсрол авах боллоо гэхэд хүүхдэд сурах бичгээс өөр зүйл байх ёстой гэдгийг салбар яам нь анхаармаар байгаа юм. Түүнээс биш СД тараана гэх мэтээр маш явцуу, хоцрогдсон арга хэрэглэж байгааг эцэг эхийн төлөөллийн хувьд шүүмжилж байгаа. ТВ хичээлд бол шүүмжлэх юм алга. Цаашдаа салбар яам видео хичээлийн сантай болох хэрэгтэй. Зайнаас суралцуулахдаа хүүхдийнхээ сэтгэл зүйг маш сайн бэлтгэх ёстой. Мөн видео хичээл бэлтгэх олон арга бий болсон. Яамныхаа сайтад видео хэлбэрээр байршуулах зэргээр хөрөнгө мөнгөө ч хэмнэх боломжтой гэж боддог. 

Ц.Энхтүвшин: Дохионы хэлээр зааж байгаа нь таалагдсан 

/Чингэлтэй дүүргийн иргэн/ 

-Теле хичээлүүд маш сайн явж байгаа. Бараг багш нараараа заалгаснаас илүү ойлгож байгаа гэж ач нар маань хэлсэн. Ойлгоогүйгээ ухраагаад үзчихнэ. Аав ээжүүд ч хамт суугаад хүүхэдтэйгээ ажиллахад их зүгээр санагдаж байна. Томчууд ч мэдэхгүйгээ мэдэж, мартсанаа санахаар сайн зааж байгаа. Бүх багш нар ингэж заах юм бол сурагчдад хоцрогдол энэ тэр гэж гарахгүй л юм байна. Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд дохионы хэлээр давхар зааж байгаа нь ч их сайн санагддаг

Г.Алтантуяа: Боловсролын яамны сайтад давхар байршуулах нь хялбар 

/Баянзүрх дүүргийн иргэн/ 

-Нэгдүгээр ангийн хичээлийн хувьд агуулга нь хурдацтай юм шиг санагдсан. Нэг мэдэхэд л ном нь дуусах болчихсон байна. Харин түүнийг нь хүүхэд гүйцэж чадахгүй, ойлгохгүй цалгардах тохиолдол ажиглагдлаа. Теле хичээлийн давуу тал олон бий. Хүүхэдтэйгээ ойлголцох, эцэг эхчүүд хамтарч ажиллаж, хүүхэддээ цаг гаргадаг болсон. Харин сул тал нь хүүхэд тухайн үедээ үзэж чадахгүй, эсвэл хэтэрхий бага минуттай, давтаж асууж чадахгүй учраас хоцрогдох юм билээ. Тиймээс онлайн орчинд судалгаа хийж байгаад дараагийн хичээлээ орохдоо давтаж сэргээх, өмнөх хичээл дээр ойлгоогүй үлдсэн асуултыг нь бататгах байдлаар орж болдоггүй юм болов уу. Бүх зүйл онлайн болж байгаа энэ үед цаашдаа онлайн хичээлийг танхимын хичээлтэй хослуулах нь зүгээр. Зарим хичээл нь хэтэрхий уйтгартай учраас хүүхэд залхах шинж ажиглагдсан. Мөн математик, монгол хэлний хичээлийн хугацаа богино учраас зэрэгцэж ойлгоход төвөгтэй учраас эргэж заавал ухрааж үзэх байдлаар явж байна. 

Бэлтгэсэн: Б.Өнөртогтох 
Х.Болор
Б.Пүрэвжав