ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Намар надад нандин дурсамжтай ирдэг

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-09-01

“Алтан навч хийслээ дээ
Аяны шувуу буцлаа даа
Есөн сарын 1 болоод
Ерөөсөө бидний баяр даа”
...Хэн бүхний аманд эгшиглэдэг энэ дуу бол зөвхөн өнөөдөрт зориулсан дуу. Сургуулийн хаалгаар орж байсан, ороод гарсан хүн бүхэнд хамгийн гэгээлэг дурсамжийг нь сануулдаг болохоор тэр биз. Хичээл орохын  өмнөх орой сурагчийн дүрэмт хувцсаа дахин дахин өмсөж үзээд л. Шинэ дэвтэр, үзэг харандаагаа бүртгэчихээд маргаашийнхаа тухай бодохоор цаанаа л нэг жаргалтай. Ангийн найз нартайгаа зуны амралтын тухай ярьж, нууцхан ширтдэг охин, хөвгүүнээ харна гэхээс нойр хулжиж,  битүүхэн догдолдогсон. Хүн бүхний сэтгэлд ийм дурсамж тодоос тод үлдсэн байх.

Миний хувьд  адилхан ч гэлээ хүүхэд бүрт тохиогоод байдаггүй дурсамжийг ээж, аавтайгаа хамт өнгөрүүлсэн учраас намар надад үргэлж нандин дурсамж тээж ирдэг. Хичээлийн шинэ жил ойртоход ихэнхи айлд зөвхөн хүүхдүүд хичээлдээ бэлтгэдэг байсан бол манайх  гэр бүлээрээ бэлтгэнэ. Дөрвөн талд гараад дэвтэр номоо “шагайгаад” суучихна даа.  Учир нь аав маань биологи, эрүүл мэндийн  багш. Ээж минь харин англи, орос хэлний багш учраас дүү, бид хоёроос дутахааргүй бэлтгэдэг, бас догдолдог. Одоо ч тэр л янзаараа хоёулаа зэрэгцээд л ерөөсөө бидний баяр даа хэмээн гарч одно. Анх төрөхдөө л багш болно гэдгээ мэдсэн юм шиг миний ижий энэ өдөр хорвоод мэндэлсэн юм. Тийм ч учраас манай гэр бүлд давхар, давхар баяр тохиодог. Дөрвүүлээ хамт хувцас, цүнх, хичээлийн хэрэгслээ бэлтгэж,  есдүгээр сарын 1-ний өглөө “new” хувцастай эрдмийн их өргөө рүү явдаг байлаа. Дүү, бид хоёр ээжийнхээ сургуульд сурдаг. Харин аав маань өөр сургуульд багшилна. Сургуульд таарсан хүүхэд бүхэн тэдэнтэй “сайн байна уу багш аа”  хэмээн цовоо цолгиунаар мэндчилнэ.  Тухайн үедээ хүүхэд байсан учраас тоодоггүй, ингэж л байдаг юм гэсэн шиг анзаардаггүй, хурдхан ангидаа орох юмсан, их завсарлагаанаар цайны газрынхаа пирожкиг идэх юмсан гэж бодож явсан байх. Хожим нь олон жилийн дараа сэтгүүлч болчихоод сургуульдаа ирэхэд хүүхдүүд багш нартайгаа “сайн  байна уу багш аа” хэмээн мэндлэхэд ээж, ааваараа бахархаж, багш мэргэжлийн үнэ цэнийг илүү их мэдэрч билээ. 

Багш нарын ажлыг шүүмжилж,  буруутгадаг хүмүүст зарим зүйлийг хэлчихмээр санагддаг юм. Олон арван хүүхдийн өмнө гарч хичээл заана гэдэг амаргүй. Өдөржин хүүхдийн шуугиан дунд өндөр дуугаар хичээл заачихаад  орой нь маргаашийнхаа заах хичээлийг шөнийн бор хоногтоо бэлтгэнэ, дэвтэр засна, журналаа хөтөлнө. Хүүхэд бүрийг мэдлэгтэй, боловсролтой зөв хүн болгохын тулд тэр шүү дээ. Гэтэл зарим эцэг, эхчүүд хүүхдийнхээ хичээл, сургуулийг  ч хайхардаггүй, зөнгөөр нь орхидог  атлаа,  “багш нар ер нь юу заадаг юм бэ” гэж шүүмжилдэг нь тун ч тоогүй.  Багш нарын гэр бүлд өссөн учраас тэдний юу туулж, ямар зүйлийг золиосолж ард түмний үрсийг соён гэгээрүүлдэг вэ гэдгийг маш сайн мэднэ. Өвөө, ах, эгч нар маань ч бас ардын хүүхдийг соён гэгээрүүлэх их үйлсэд хүчин зүтгэж байгаа. Хичээлээ зааж, чих нь шуугиад ядарсан ч сурагчдынхаа баяр бахдалыг хараад санаа нь амардаг, сэтгэл нь өег болдог тийм л хүмүүс бол багш хэмээх алдрын эзэд.

 

...Хүүхэд бүрийг мэдлэгтэй, боловсролтой зөв хүн болгохын тулд тэр шүү дээ. Гэтэл зарим эцэг, эхчүүд хүүхдийнхээ хичээл, сургуулийг  ч хайхардаггүй, зөнгөөр нь орхидог  атлаа,  “багш нар ер нь юу заадаг юм бэ” гэж шүүмжилдэг нь тун ч тоогүй...

 

Одоо ч аав, ээж хоёр минь нас хэвийсэн ч энэ өдөр олон бяцхан үрсэд хичээлээ заахаар дөрвүүлээ биш, хоёулахнаа улаан бал, дэвтрээ цүнхлээд өглөөхөн гарсан. Шанхных нь үс цайсан ч илүү олон намрыг, олон олон есдүгээр сарын 1-ийг өнгөрсөн өдрүүд шиг угтах хүсэл тэдэнд минь бий. Миний хоёр бурхан шиг маш олон багш ийм л хүсэл эрмэлзлэлтэй явдаг юм шүү. Тэтгэвэрт гарсан ч анхны хичээлийн хонхны дуу, алаг үрсийн инээдэнд уядаг морь шиг л дүүхэлзэж, эргэн хургасаар байдаг энэрэнгүй сэтгэлтэн багш танд мөргөе. Хайртай аав, ээж хоёртоо болон Монголын мянга мянган багш, сурагчдад хичээлийн шинэ жилийн  мэнд хүргэе.