-Юуны өмнө манай уншигчдад харшлын талаарх ерөнхий ойлголтыг өгөөч?
-Харшил гэдэг нь хүний бие махбодын дархлаа, тогтолцооны хэт мэдрэгшлийн байдал буюу гадаад орчноос шалтгаалан хүний биед хэт мэдрэг байдал үүсгэхийг хэлнэ. Ерөнхийд нь арьсны харшил, амьсгалын замын харшил гэж ангилна. Гарал үүслээрээ бол олон янз байна. Тухайлбал, хоол хүнс, эмийн бодис, ургамал, амьтан, тоос шороо, халуун хүйтэн, физикийн гаралтай, механик цочролын гаралтай гэх мэтчилэн ангилдаг.
-Сүүлийн үед харшилтай хүмүүсийн тоо нэмэгдэх хандлагатай байна. Юунаас шалтгаалж байгаа вэ?
-Ер нь бол цаг үе, нийгмээсээ шалтгаалж байна. Өмнө нь бид нар цэвэр агаарт амьдарч, цөөн нэр төрлийн эрүүл хоол хүнс хэрэглэдэг байхад харшил харьцангуй цөөн байсан бол одоо бидний амьдарч байгаа нөхцөл утаатай, хоол хүнсний нэр төрөл олшрохын хэрээр харшлын тохиолдлууд эрс нэмэгдэж байна.Тэгэхээр харшил үүсэх нь бидний амьдарч байгаа нөхцлөөс шууд хамааралтай гэсэн үг.
-Харшил сэдрэх хугацаа хүн бүрт адилгүй байна. Юутай холбоотой байна вэ?
-Энэ нь харшлын төрлөөс хамаарна. Тухайлбал ургамлын тоосны харшил буюу модлог ургамлаас харшилдаг бол 4-5 сард шарилжны харшил намар 7-9 сард сэдэрдэг.
-Халуун, хүйтний харшил гэж хүмүүс их ярих болсон. Юунаас болж үүсдэг вэ. Илрэх шинж тэмдгийн тухайд?
-Хүмүүс халуун, хүйтний харшил гэж ярьдаг ч энэ нь “чонон хөрвөс” гэдэг өвчин юм. Манай АӨСҮТ –ийн яаралтай тусламжийн хэсгээр үйлчлүүлэгчдийн дийлэнх буюу 60-70 хувийг чонон хөрвөс өвчин эзэлдэг. Заримдаа түүнээс ч илүү байх нь бий. Сүүлийн үед энэ өвчин бас нэмэгдэх хандлагатай байна. Чонон хөрвөсийн шалтгаан дотроо олон янз бий. Жишээ нь, халуун хүйтний буюу физикийн цочрол, даралтын буюу механик цочролын гаралтай гэж байна. Хүний бие халуунд тэсвэргүй буюу хэт мэдрэг болоход физикийн шалтгаант чонон хөрвөс илэрнэ. Халуунд удаан байх, наранд удаан явах, эсвэл их хөлрөөд удаан байх тохиолдолд гөвдрүүтэж, загатнах шинж тэмдэг илэрдэг. Харин хүйтнийх нь хүйтэнд удаан байх, мөс хүргэх, их даарч хөрөхөд хэт мэдрэгшиж эмнэлзүйн шинж тэмдэг илэрдэг. Ховор тохиолдолд хүйтний харшил дулааны улиралд ч мөн илрэх боломжтой. Хэрвээ арьс загатнах үед маажихад гөвдрүүтдэг бол механик цочролын гаралтай юм. Мөн эмийн, хоол хүнсний гаралтай байдаг. Чонон хөрвөсийн үед гам барьснаараа дахиж сэдрээхгүй байх боломжтой. Цочмог буюу анх удаагаа өвчилсөн бол эмчилгээ хийлгээд 14-хоногоос нэг сарын хугацаанд маш сайн гам бариад дахин сэдрээхгүй байж болдог.
-Ургамал тоосны харшил манайд элбэг байдаг.Тэгвэл сүүлийн үед хүнсний бүтээгдэхүүний харшил их гарах болж?
-Хүнсний харшлын сорилууд манай АӨСҮТ-д тавигддаг. Дийлэнхдээ харшилдаг хүнсний бүтээгдэхүүн гэж байна. Тухайлбал, халуун ногоо, хийжүүлсэн ундаа, даршилсан бүтээгдэхүүн, өндөг, сүү гэх мэт. Мөн төрөл бүрийн жимснээс хүмүүс их харшилдаг. Тэр дундаа цитрусны гаралтай жимснээс. Зарим ургамлын харшилтай хүмүүс алим, тарвас гэх зэрэг жимснээс харшлах тохиолдол байдаг. Мөн түргэн хоолноос харшлах магадлал өндөр. Дээрх бүтээгдэхүүнүүдээс харшилдаг эсэхээ мэдэхийн тулд сорил тавиулж болно. Сорил нь арьсан дээр тавьдаг, цуснаас авдаг гэж бий. Тухайн хүн харшилтай бүтээгдэхүүнээ мэдээд дэглэмээ барьж байсан ч өөр бүтээгдэхүүнээс харшилж эхлэх тохиолдол байдаг. Энэ нь тухайн хүний хэт мэдрэгшил багасахгүй, харшилдаг зүйлийнх нь төрөл нэмэгдээд байна гэсэн үг юм. Үүнийг хэрхэн бууруулах вэ гэвэл тухайн харшилдаг зүйлээ хориглохоос гадна, бусад харшлах эрсдэлтэй зүйлсийг тохируулан хэрэглэх нь зөв. Хүмүүс харшилдаг зүйлээ хэрэглэхээ больсон хэрнээ харшилдаггүй зүйлээ хэтрүүлэн хэрэглэх хандлагатай байдаг. Энэ тал дээр бас тунг нь тааруулах хэрэгтэй. Мөн яг ижил сортын жимснээс зарим үед харшлаад зарим үед харшлахгүй байна гэвэл тэр тухайн жимсний хадгалалтыг уртасгах зорилгоор ашигласан бодисоос шалтгаалсан байж болно. Тэрийг урьдчилан мэдэх аргагүй. Хэрэглэж үзэж байж л мэднэ.
-Ямар эмчилгээ шаардлагатай вэ. Иргэд дур мэдэн эмийн сангаас эм аваад хэрэглэчихдэг шүү дээ?
-Иргэдийн хамгийн түгээмэл хэрэглэдэг хлорфенамин, цетирицин буюу ризин гэх эмийг түлхүү хэрэглэдэг, эмийн сангууд ч зөвлөдөг. Үнэхээр яаралтай үед уух нь зөв. Гэхдээ тухайн өвчнийг зөв эмчилж эдгэрье гэвэл мэргэжлийн эмчид хандах нь хамгийн зөв арга.
-Сорил тавиулахаар ирэхдээ юуг анхаарах вэ?
-Арьсан дээр үздэг сорил тавиулахад хэд хэдэн шаардлагыг биелүүлсэн байх хэрэгтэй. Үүний нэгдүгээрт, тухайн хүн харшлаа сэдрээгээгүй буюу эрүүл үедээ сорил тавиулах нь зөв. Учир нь харшил сэдэрсэн тохиолдолд сорил худал гарах магадлал өндөр байдаг. Хоёрдугаарт, тухайн хүн ямар нэгэн харшлын эм уугаагүй байх шаардлагатай. Гуравдугаарт, ес ба түүнээс дээш насныхан хамрагдана. Харин цуснаасаа өгч харшилтай эсэхээ үзүүлье гэвэл ямар ч үед нас харгалзахгүйгээр сорил тавиулж болно. 20 нэр төрлийн харшлын сорил 100,000 төгрөгийн төлбөртэй байгаа.
-Тарилга, вакциныг хэзээ, ямар нөхцөлд тариулах ёстой байдаг вэ?
-Вакциныг тухайн харшлыг сэдрэхээс угтуулж хэрэглэдэг. Манай төвийн харшлын лаборатори жил бүр 400 орчим хүн тун вакцин үйлдвэрлэдэг. Шарилжны вакцинийг харшил сэдрэхээс нь өмнө дөрөвдүгээр сараас эхэлж хэрэглээд тавдугаар сарын сүүлээр дуусдаг. Вакцинд хамрагддаг өвчтөнүүдийн харшил нь сэдрэхгүй байх эсвэл сэдрэлийн хэмжээ нь багассан байдаг. Ер нь гурван жил дарааллан вакцин хэрэглэсэн хүмүүс харшил сэдрэх нь хамаагүй багасдаг.
-Харшлын шок гэж юу вэ. Яагаад шоконд ордог вэ?
-Үүнийг анафилаксинийн шок гэж нэрлэдэг. Энэ нь цочмог, яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай өвчин. Үүнд хоол хүнс, эм гэх мэт бүхий л шалтгаан нөлөөлнө. Мөн харшилдаг бүтээгдэхүүнээ үнэрлээд шоконд орж болдог. Сонгомол харшилдаг зүйлээ маш сайн санаж гам барих хэрэгтэй. Тариа хийлгэхдээ өөрт харшлах, харшлахгүй эсэхээ нягталж сорил тавиулж байх нь зөв.
-Харшлыг ханиаднаас хэрхэн ялгаж, эмчлэх вэ?
-Нян, вирусийн гаралтай ханиадын хувьд халуурах, найтаах, бие сульдах, нус гоожих, ханиалгах, толгой өвдөх шинж тэмдэг илэрдэг. Харшлын хувьд харшилдаг орчинд орсны дараа шинж тэмдэг илэрдэг. Тиймээс ямар газар очлоо гэдгээ эргээд санавал ханиаднаас үүдэлтэй юу, харшил уу гэдгийг мэднэ.
-Харшилд тустай хүнс гэж байх уу?
-Байгалийн антигистамин хамгийн элбэг байдаг нь цагаан гаа юм. Цагаан гаа нь харшлын эмтэй ижил тул та бүхэн хоолондоо аль ч төрлийн цагаан гааг хэрэглэж болно.
Харшил бүрэн эмчлэгдэх үү. Хүндрүүлвэл ямар хор нөлөөтэй вэ?
-Эдгэнэ гэхээсээ сэдрээхгүй байх нь илүү оновчтой. Тэр нь тухайн хүнээс хамаарна. Өөрийнхөө өвчний талаар сайн ойлголттой болоод байнга гам, барих нь чухал. Ургамлын тоосны харшил илүү удаан дэглэм барих ёстой. Гадуур хувцасаа үүдэндээ тайлж, өрөөндөө чийгтэй цэвэрлэгээ хийж, тоосноос өөрийгөө тусгаарлаж чадвал илүү үр дүнтэй. Хэрэв шарилжнаас харшилдаг бол 7-9 сарын хугацаанд тоос хүртээлт явагдаж сэдэрдэг.Гэтэл дараа жил тухайн хүн хавар харшил нь сэдрэхэд нөгөө л шарилжны харшил биш шинэ ургамлын харшил үүссэн гэсэн үг. Тэгэхээр намдаахгүй яваад байх тусам харшлын тоо нэмэгдэж өөр төрөл зүйлийн ургамалд харшлах хандлагатай тул харшлаа дор бүр нь эмнэлэгт хандан эмчлүүлж байх хэрэгтэй. Огт эмчлэгдэхгүй харшил гэж байна. Ямар нэгэн антибиотик, эмийн харшил насан туршид харшилдаг.
-Харшил удамшдаг уу?
-Зарим нэг нь удамшина. Аав, ээж хоёр нь харшилтай бол тэр айлын дөрвөн хүүхдийн гурав нь харшилтай байх магадлал өндөр. Гэхдээ хүүхдийг эхийн хэвлийд байхад харшлаа намдааж сайн дэглэм барьж чадвал хүүхэд харшилд мэдрэмтгий байх нь харьцангуй бага. Мөн амьдралын зөв хэв маягтай байвал харшил гэх өвчнөөс хол байж чадна.
-Урьдчилан сэргийлэх боломжтой юу?
-Харшил нийгмээ дагаад нэмэгдэж байна. Гэхдээ харшлах бүтээгдэхүүнийг огт хэрэглэхгүй биш тунг нь тааруулж зөв хэрэглэж чадвал хүн болгон харшилгүй амьдарч болно. Харшилтай болчих вий гэж хоол унд хорьж, орчноос тусгаарлах нь урьдчилан сэргийлэлтийн зөв алхам биш. Гаднаас тусгаарлах тусам тэр зүйлдээ улам өртөмтгий болж харшлах магадлал ихэснэ. Өөрөөр хэлбэл байгалийн зүйлстэй багаасаа харьцаад дасчихвал харшилд санаа зовохгүй байж болно. Харин эсрэгээрээ энэ бүгдээс ангид байгаад байвал хэт мэдрэгшил үүсч олон зүйлээс харшилж болох юм. Жишээ нь, бага наснаасаа, шоргоолж царцаагаар тоглоход тодорхой хэмжээний дасан зохицох чадвар сууж харшлаас ангид байх боломж бүрдэнэ.
-Зарим иргэд уламлжлалт эмчилгээг илүүд үздэг. Тухайлбал царцааны бэлдмэл, аргалын утаа гэх мэт?
-Ургамлын харшилтай хүн шавжны гаралтай бэлдмэл хэрэглэх тохиолдолд шоконд орж болзошгүй. Харин арьсны харшлын үед шавар, рашаан ач холбогдолтой. Хэнтий аймгийн Аварга тосон рашаан сувилал арьсны харшлын өвчтэй хүмүүс эмчлүүлэхэд үр дүн сайтай.
-Хэдэн насны хүмүүс харшилд илүү өртөмтгий байна вэ?
-Яг тэр насныхан гэх юм бол байхгүй. Бүх насныхан харшилд өртөж болно. Насанд хүрсэн үедээ харшилд өртвөл дотор эрхтний эмгэг хавсарч байж болзошгүй. Ходоод гэдэсний үйл ажиллагаа, элэг, цөс нөлөөлж болно. Хордлого аваад бие эвгүйрхэж, гүйлгэж суулгахад өмнө нь иддэг л байсан өндөг, мандарин, хийжүүлсэн ундаа ч юмуу хэрэглэхэд чонон хөрвөстэй болж болно. Энэ нь хоол боловсруулах замын хамгаалалт тогтолцоо алдагдан, хэвийн бичил биетүүд туугдан хүний биед шингэх ёсгүй харшил үүсгэх бүтээгдэхүүнийг оруулснаараа харшилж байгаа хэрэг. Энэ тохиолдолд гэдэс, ходоодоо эрүүлжүүлэхэд буцаад харшлахгүй болдог.
-Манай уншигчдад зөвлөгөө өгөөч?
-Урьдчилан сэргийлэлтийг сайн анхаарч байгаарай. Тэгээд зөв мэдээлэл олж авах хэрэгтэй. Шинээр хүүхэдтэй болох гэж байгаа хосуудад хэлэхэд хэн нь ч харшилтай байсан харшилдаг хүнсээ болгоомжтой хэрэглэж гам сайн барих нь чухал. Мөн жирэмсэн болон хөхүүл хугацаандаа харшилдаг бүтээгдэхүүний тунг нь тааруулж хэрэглэх нь зүйтэй.