Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй “Буянт-Ухаа-2” хорооллын 972 айлын орон сууцыг иргэдэд өмчлүүлэх тухай шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргасан. Үүнтэй холбоотойгоор нийгэмд хүлээлт үүсээд байгаа юм. Тэгвэл тус орон сууц хэзээ ашиглалтад орох, иргэдийг хэзээнээс бүртгэх талаар ТОСК-ийн ерөнхий захирал Ж.Хичээнгүйгээс тодрууллаа.
-Түрээсийн орон сууцыг өмчлөх тухай шийдвэр гарснаас хойш нийгэмд маш их хүлээлт үүсээд байна. “Буянт-Ухаа-2” хорооллын 972 айлын орон сууц ирэх сард багтан ашиглалтад орох уу. Иргэдийг хэзээнээс оруулж эхлэх вэ?
-Маш их хүлээлт байгааг ойлгож байгаа. Өвөл дулаанаа авч чадаагүй учраас ашиглалтад орох хугацаанаасаа гурван сараар хойшлоод байна. Эхний гурван орон сууц 100 хувь ашиглалтад орчихсон. Үлдсэн 15 орон сууцны дотор заслын ажлыг хийж дуусч байгаа. Үүний дараа Улсын комист хүлээлгэж өгнө. Бүх орон сууц 100 хувь ашиглалтад орж, Улсын комисс хүлээж авсны дараа бүртгэлийн ажлыг албан ёсоор эхлүүлнэ. Өөрөөр хэлбэл, зургадугаар сараас бүртгэлийн ажил эхэлнэ гэж ойлгож болно.
-1542 айлын орон сууцыг түрээсээр өгөх үү эсвэл худалдаалах уу гэдгийг хэзээ эцэслэн шийдэх вэ?
-Үүнийг Засгийн газар шийдвэрлэнэ. Тавдугаар сарын сүүлчээр Улсын комисс хүлээж авна. Үүнээс өмнө ажлын хэсэг болох Сангийн яам болон Барилга хот байгуулалтын яам, Нийслэл, ТОСК зэрэг байгууллагууд эх үүсвэрийг хэрхэн шийдвэрлэх талаар уулзалт зохион байгуулна. Ойрын 14 хоногт энэ асуудлыг шийдвэрлэнэ. Ер нь түрээсийн орон сууцыг цаашид нэмэгдүүлэхийн тулд хөрөнгийн эх үүсвэр хамгийн бага хүүтэй байх ёстой юм билээ. Бид Хөгжлийн банкнаас долоон хувийн хүүтэй зээлээр авдаг. Долоон хувь гэдэг бол харьцангүй өндөр тусч байгаа юм. Солонгос Улсаас орж ирж байгаа 500 сая ам.доллар бол жилийн гурван хувийн хүүтэй зээл юм. Энэ мөнгөөр түрээсийн орон сууцыг сонгодог утгаар нь хэрэгжүүлэх боломжтой гэж харж байгаа.
-Ипотекийн зээл хамгийн чанартай зээлд тооцогддог юм билээ. Түрээсийн орон сууцны эргэн төлөлт хэр байдаг вэ. Хэр чанартай зээл гэж харж байгаа вэ?
-Түрээсийн орон сууцны зээл ипотекийн зээлтэй яг адилхан. Яагаад гэвэл үл хөдлөх хөрөнгөөр барьцаалсан зээл учраас. Эргэн төлөлтийг хувиар тооцвол 98 орчим байна. Төлбөрөө төлөхгүй байвал тухайн айлыг гаргаад дараагийн айлыг оруулаад явдаг. Иргэд түрээсээ аргалаад төлчихөөд байгаа юм. Харин түрээсийн орон сууцыг өөрийн нэр дээр авчихаад түүнийгээ бусдад дамлан түрээслүүлж, ашиг хонжоо олох зөрчил их гардаг.
-Цаашид түрээсийн орон сууцыг нэмэгдүүлнэ гэж байгаа. Гэтэл энэ мэт зөрчлүүдийг хэрхэн зохицуулах ёстой вэ. ТОСК-иас энэ талаар ямар арга хэмжээ авч байгаа вэ?
-Үүнийг түрээсийн гэрээнд заачихсан байгаа. Хэрэв гэрээгээ зөрчсөн бол тухайн айлыг шууд гаргахаар тусгасан байдаг. Үүний дагуу ТОСК-иас хугацаатай шалгалтуудыг хийдэг. Зөрчил илэрсэн тохиолдолд тухай бүрт нь чөлөөлөөд явдаг.
-500 сая ам.долларын зээл хэр үр ашигтай зээл вэ. Үүнийг эргэн төлөх боломж нь хэр байгаа вэ?
-Урт хугацааны буюу 30 жилийн хугацаатай гурван хувийн хүүтэй зээл юм. Үүний эхний дөрвөн жил нь хүүгүй, дараагийн хоёр жил нь хоёр хувь, түүнээс цааш гурван хувийн хүүтэй болж байгаа юм. Энэ хугацаанд бид үүнийг хангалттай эргэн төлөхөөс гадна эндээс үүссэн хуримтлалаар дахин орон сууц санхүүжүүлэх боломжтой.
-Урьдчилгаа 30 хувийг таван жилийн дотор бүрдүүлж өгөх ёстой гэж байгаа. Таван жилийн турш сар бүр төлж буй мөнгө нь урьдчилгаа болох юм уу эсвэл түрээсийн мөнгөөс гадна урьдчилгаа бүрдүүлж өгөх үү?
-Түрээсийн төлбөрөөс гадна урьдчилгаагаа бүрдүүлнэ. Сар бүр түрээсээ төлж, урьдчилгаагаа тусгай нэрийн данс үүсгэн тэндээ бага багаар хуримтлуулна гэсэн үг. Түүнээс биш түрээсийн мөнгийг урьдчилгаанд тооцно гэж байхгүй.
-Таван жилийн дотор байрны үнийг хоёр янзаар төлөх боломжтой гэж байсан. Урьдчилгаагаа төлөх эсвэл бүтэн төлөх боломжтой. Энэ нь хүүтэй байх уу?
-Хөгжлийн банкны эх үүсвэртэй уялдаж явна. Хүү өгөх үү эсвэл нэмэлт мөнгө төлөх үү гэдгийг холбогдох журмууд батлагдаагүй байгаа учраас хэлэх боломжгүй байна.