ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

33 тэрбумаар тансагласан гурван гишүүнийг эгүүлэн татах уу

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-01-19

УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарын хамтарсан нөхөрлөл ямар эрх ашгаар хүлэгдэж байсныг “Eguur.mn” сайт анхлан баримтаар олон нийтэд дэлгэж тавилаа. Тодруулбал, УИХ-д Кембрижийн боловсролыг дэмжих лобби бүлэг байгуулж, УИХ-ын даргад бизнес эрхлэгчдийн зээлийг хүүг 50 хувь хөнгөлж, хүүг нь энэ оны арванхоёрдугаар сар хүртэл хойшлуулах хуулийн төсөл барин “дарцаглаж” явсан гурван залуу улстөрч 33 тэрбумын сэжмээр холбогдсон болох нь ил болов.

Тодруулбал, Хөгжлийн банкны захирлаар ердөө хагас жилийн хугацаанд ажиллаад гарсан Г.Амартүвшин хоёр найздаа буюу Х.Ганхуяг, Г.Дамдинням нарын хамаарал бүхий “Вертекс майнинг партнер” ХХК-д 33 тэрбумын зээл олгох шийдвэрийг өөрөө Гүйцэтгэх захирал нь байхдаа гаргасан ч зээлийн гүйлгээг ажлаа өгснийхөө дараа буюу 2020 оны нэгдүгээр сарын 03-ны өдөр хийлгэжээ. Угтаа, ажлаа өгсөн байхдаа, аль эсвэл надад хамаарахгүй олгогдсон шийдвэр хэмээн арьсаа хамгаална гэдгээ нарийн тооцоолсон нь энэ ажээ.

Тус компанийн хувьцаа эзэмшигчээр Г.Дамдинням УБЕГ-т бүртгэлтэй бол, Х.Ганхуягийн дүү Х.Хашчимэг нь Гүйцэтгэх захирлаар ажилладаг аж. Тэгвэл УИХ-ын 33 гишүүний 1 тэрбумын ЖДҮ-тэй дүйцэх хэргээс ч томд тооцогдох энэхүү хэргээс үүдэн гурван гишүүний нэрийг эргүүлж татах тэмцэл эхлүүлнэ гэдгээ залуучууд мэдэгдэж эхэлжээ. Залуусын улс төрд карьер өсөх замыг ийм муухай үйлдлээр хааж, нэр хүндийг нь сэвтээсэн хэмээн АЗХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэболд мэдэгджээ.

Тэрбээр, “Нэн даруй тайлбар хийнэ үү. Үгүй бол нэр татуулахын төлөө явна. Их хурлын гишүүд 33 тэрбумын зээлийг зохих журмаар нь авсан гэж твиттерт тайлбарлав. 13-14 хувийн хүүтэй зээл. Хүү нь бараг 4.2 тэрбум. Ийм том хүүг төлөөд цаана нь “ашиг хийх” ямар бизнес Монголд байна. Тэгээд 2020 онд ковидын үед шүү. Эрх баригч намын залуу дарга нар нэг нь нэгэндээ зээл өгч авалцана гэхээр ашиг сонирхлын зөрчилд орохгүй юу. Бид тэр үед гишүүн байгаагүй л гэнэ. Гишүүн болох гээд бэлтгэж байсан нь мэдээж. Амжиж өрсөөд хэргээ бүтээцгээж дээ. Ийм хүмүүс дээр хууль очих ёстой” хэмээжээ.

Г.Дамдинням: Зээл авахад гишүүн байгаагүй

Тэгвэл хоёр найздаа 33 тэрбумын “бэлэг барьсан” Г.Амартүвшин энэ талаар албан ёсны тайлбар хийгээгүй байна. Мөн Х.Ганхуяг ч албан ёсны тайлбар өгөөгүй. Зөвхөн твиттер хуудсаараа дамжуулан "Улстөрч болоод нэг ч төгрөгийн зээл аваагүй юм. Хувийн болон төрийн банкнаас. Харин бизнес хийж байхдаа авч байсан. Хөгжлийн банктай 2016 оноос хойш хамтарч ажиллаж байгаа" гэсэн тайлбар өгсөн бол Г.Дамдинням С.Эрдэнэболдын пост дор тайлбар хийж, нөхөрлөлөө эргэн сануулжээ. Тэрбээр, 33 тэрбумын зээл авсан шалтгаанаа тайлбарлахдаа “За Эрдэнэболд оо. Найзалж нөхөрлөж явсных бас жудагтай улстөржих байх гэж харж байгаа шүү. Уул уурхайд ажилладаг компани. Хэвийн ажиллаж байгаа цөөн салбарын нэг. Хүүгээ төлөөд, татвараа төлөөд, ажлын байр бий болгоод л явж байгаа аж ахуйн нэгж. Улс төрд орох эсэх нь мэдэгдэхгүй үед л болсон хэвийн бизнесийн ажил.Тоног төхөөрөмжийн Лизингийн зээл. Өөрөөр хэлбэл уг зээл шууд тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдэд шилжсэн гэсэн үг. Юун угаах байх вэ дээ.

1) Зээл авахад гишүүн байгаагүй

2)Арилжааны хүүтэй, барьцаатай, хэвийн зээл

4) ЖДҮ шиг хөнгөлөлттэй зээл биш, ББСБ оруулж хүүлээгүй

3) Зориулалтын дагуу тоног төхөөрөмжийн лизингийн төлбөрт компани нь зарцуулсан

4) Өргөн барьсан УИХ тогтоолын төсөлд энэ зээл хамрагдахгүй” хэмээжээ.

 

...УИХ-ын гишүүн болох шийдвэр нэг л өглөө босож ирэхэд гардаггүй. Улс төрд орохын тулд хамгийн багадаа л дөрвөн жил өөрийгөө бэлтгэдэг. Тэр тусмаа Г.Дамдинням шиг залуус тийм амархан энэ босгоор алхаж чадахгүй нь үнэн. Харин Х.Ганхуяг хэд хэдэн удаа бүдэрчихсэн байсан. Тиймдээ ч эдгээр залуучууд гишүүн болох, бүр улс төрд орох талаар бодоо ч үгүй байхдаа зээл авсан гэдэг үлгэрт хүүхэд ч итгэхгүй билээ. Тиймээс МАН-ын дарга У.Хүрэлсүх болон УИХ-ын дарга Г.Занданшатар нар задарсан залуучуудынхаа хандыг дарж, хариуцлагын асуудлыг хөндөнө гэдэгт итгэлтэй байна.