ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Л.Баярсайхан: Умайн хүзүүний хавдрыг үүсгэгч вирус нийт эмэгтэйчүүдийн 90 хувьд байдаг

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-02-19

Умайн хүзүүн хорт хавдраар жилд дунджаар 150 орчим эмэгтэй нас бардаг гэсэн харамсалтай мэдээлэл байна. Тэгвэл энэ өвчин хэрхэн үүсдэг,  яаж урьдчилан сэргийлэх талаар ХСҮТ-ийн Бодлого төлөвлөлт, хөгжил эрхэлсэн дэд захирал Л.Баярсайхантай ярилцлаа. 

-Манай улсад хорт хавдрын өвчлөл дунд умайн хүзүүний хорт хавдрын тохиолдол ямар хэмжээнд байгаа вэ.  Ихсэх хандлагатай байгаа гэж эмч мэргэжилтнүүд  ярих боллоо?

-Умайн хүзүүний хавдар сүүлийн 20-25 жилд Монгол Улсад зонхилон тохиолддог таван хавдрын нэг байсан, одоо ч хэвээр байгаа. Тодруулбал, хамгийн  анх 1997 онд “Хорт хавдартай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг Засгийн газрын 80 дугаар тогтоолоор баталсан. Ингэхэд умайн хүзүүний хорт хавдар дөрөвт багтдаг үндсэн хорт хавдар гэж тодорхойлсон. Харин эмэгтэйчүүдэд тохиолддог хорт хавдраас элэгний дараа ордог, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхтэн системийн хавдраас хамгийн эхнийх гэж тэмдэглэсэн байдаг. Гэтэл 2019 онд байдал хэвээрээ л байгаа. 

-Умайн хүзүүний хорт хавдар үүсэх гол шалтгаан нь юу вэ?

-Нэгдүгээрт,  Монголд хамгийн түгээмэл  байгаа нь элэгний хавдар. Элэгний вирустэй л бол хавдар үүсэх магадлал өндөр. Элэгний вирусгүй бол хавдар тусах нөхцөл маш бага,  байхгүйтэй ижил гэж ойлгож болно. Үүнтэй адил умайн хүзүүний хорт хавдар үүсэхэд  нөлөөлж буй хүний папиллом вирусын халдвар буюу ХПВ гэж байдаг. Энэ вирус байна гэдэг нь хавдар үүсэх  хүчин  зүйл  болно гэсэн үг. Хүний папиллом вирус гэдэг нь дотроо олон төрөл болж хуваагддаг. Тэрэн дотроо хорт хавдар үүсгэх өндөр эрсдэлтэй, бага эрсдэлтэй, хорт хавдар үүсгэхгүй гэж ангилагддаг. Өндөр эрсдэлтэй ХПВ нь умайн хүзүүний хорт хавдартай тохиолдлын 97 хувьд илэрдэг нь тогтоогдсон. Тэгэхээр онцлох шалтгаан нь ХПВ гэж ойлгох хэрэгтэй. Хүний папиллом вирус нь ховор биш, түгээмэл байдаг халдвар. Олон улсын судалгаагаар бүх эмэгтэйчүүдийн 80 гаруй хувь нь амьралынхаа хугацаанд энэ халдварыг авдаг. Ихэнхи  нь вирусын халдвар авснаа мэддэггүйгээс гадна ямар нэгэн шинж тэмдэг илэрдэггүй. Мөн ижил  түвшнээр эрчүүдэд ч халд­вар­лагддаг.  Бэлгийн за­маар болон арьснаас арьсанд халдварладаг вирусын төр­лийн халдвар юм. Энэ халдвар нь хамгийн анх бэлгийн  харьцаанд орохоос эхлээд л авах магадлал өндөр байдаг. Хэн ч халдвар авч болно.

-Хүний папиллом вирус аажимдаа устдаг гэж ойлгож болох уу?

-Амьдрал дээр умайн хүзүүний хавдраар өвдсөн эсвэл, хавдрын урьтал өвчин илэрсэн тохиолдолд хүмүүс сэтгэл зүйн  цочролд ордог. Энэ нь анхнаасаа ойлголт буруу,  өвдөхгүй өвчнөөр өвдсөн мэт хүндрүүлж ойлгодог, буруу, замбараагүй зан үйлтэй байгаад ийм өвчин  туссан юм шиг ойлгоод буруу ханддаг тал бий.  Үнэндээ ХПВ-ын  халдвараар  хэн ч хэзээ ч өвдөж болдог хамгийн түгээмэл халдвар. Хамгийн гол нь халдвар өөрөө хүний биеэс алга болох, хүний биеийн  дархлаа устгаж арилгадаг. Цөөн тохиолдолд буюу ойролцоогоор 10 хувьд нь халдвар арилахгүй үлддэг. Энэ  тухайн хүний дархлаа нь устгаж дийлэхгүй байна гэсэн үг. Ийм үед хавдар үүсгэх өндөр  эрсдэлтэй папиллом вирусээр халдварласан нь хавдар үүсэх эрсдэлтэй гэж тооцдог.

-Яаж урьдчилан сэргий­лэх вэ? 

-Урьдчилан сэргийлэхийн тулд тэр халдварын авах­гүй байх талаар мэдлэг мэ­дээ­лэл­тэй байх ёстой. Бидний зорилго, үйл ажиллагаа яаж чиглэх вэ гэхээр эхний ээлжинд ХПВ-ын халдвар байгаа эсэхийг шинжлүүлэх хэрэгтэй. Тэр дундаа хавдар үүсгээд байгаа өндөр эрсдэлтэй 14 төрөл нь байна уу, үгүй юу гэдгийг  үзэх  шаардлагатай юм. Өндөр эрсдэлтэй ХПВ илэрсэн бол, тэдгээр хүмүүсээ хяналтад авч, хавдар болохоос нь  өмнө эмгэг өөрчлөлтийг илрүүлэх  бүрэн боломжтой. Гадуур энэ вирусын эсрэг вакцин байдаг. Зарим улс оронд бодлогоор дэмжиж тодорхой насанд товлолт маягаар эсвэл сайн дураар хийдэг. Дахин хэлэхэд өндөр эрсдэлийн вирус байгаа эсэхийг л илрүүлээд явчихвал умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой.

-Дэлхийн эрүүл мэндийн  байгууллагаас юу гэж зөвлөдөг вэ? 

-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хавдартай холбоотой урьд өмнө болоогүй явдал анх удаа боллоо. Энэ нь юу гэвэл, дэлхий дээр олон төрлийн хорт хавдар байгаагаас умайн хүзүүний хавдрыг сонгож 2030 он гэхэд дэлхий даяараа нийгмийг хамарсан өвчин биш  болгох том зорилго тавьсан. Зорилтын хүрээнд хийх бүх зүйл нь тодорхой болсон  гэсэн үг. Үүний дагуу ХПВ-ын өндөр  эрсдэлтэй халдвар байна уу гэдгийг эрт илрүүлэгтээ нэвтрүүл гэдэг зөвлөгөөг бүх улс оронд өгсөн. Тэгэхээр манай улсын хэмжээнд ч шат дараатай ХПВ-ын шинжилгээнд хам­руу­лах ажлыг зохион бай­гуулах шаардлагатай байна. 

-Хүний папиллом вирусын шинжилгээг бүх эмнэлгүүд авдаг уу?

-Манай улсын хэмжээнд бол хөгжүүлэх үе шатандаа байгаа гэж ойлгох хэрэгтэй. ХПВ-ын шинжилгээг ихэнхи хувийн  эмнэлгүүд төлбөртэй авч байгаа. Манай хавдар судлалын үндэсний төвд ч авдаг. Одоогоор бүх  нийтийг  хамарсан  хүртээмжтэй болж чадаагүй байгаа. Хүртээмжтэй болгохын тулд албан ёсны хөтөлбөр гарч, санхүүжүүлж, эрсдэлт бүлгийн эмэгтэйчүүд шинжилгээ өгч байдаг товлол бий болгох шаардлагатай. Эмэгтэйчүүд  өөрсдөө хүсэх юм бол тухайн эмнэлгээс шинжилгээ авдаг эсэхийг асуугаад өгөх  боломжтой юм. Цаашилбал, улсын хэмжээний үйл ажиллагаа болвол төлбөргүй, эрүүл  мэндийн даатгалын сангаас шийддэг зохион байгуулалтад орох байх. Энэ жилдээ эхний алхмаа хийнэ, салбар яамны хэмжээнд ажлын хэсэг гараад ажиллаж байгаа.

-Хувь хүний биед шинж тэмдэг ямар нь хэлбэрээр илрэх вэ? 

-Хорт хавдар бол мэдээж тодорхой шинж тэм­дэг­тэй. Урьтал үе, эрт үеийн хав­дар бол тухайн эмэгтэйд мэ­дэг­дэх шинж тэмдэг байх­гүй гэж ойлгох зөв. Эмэг­тэй­чүүд бэлгийн хавьт­лын үед цус гарах, бусад үед цусархаг ялгадас гарах гэх мэт зовиур илрээд  эмнэлэгт очиж байгаагаа эрт оношлууллаа гэж ойлгох явдал бий. Харамсалтай нь зовиуртай болоод үзүүлэхэд хэдийнэ хорт хавдар болчихсон байх талтай. Тиймээс зовиур гарахыг нь хүлээхгүйгээр хувь хүн өөрөө эмнэлэгт хандах хэрэгтэй юм. Засгийн газар, салбар яамнаас бодлогоор дэмжиж санхүүжүүлэх ажил энэ жил хэрэгжинэ гэж харж байгаа.  

-Иргэдийн эрүүл мэн­дийн боловсрол тааруу бай­даг болоод ч тэр үү, энэ талаарх  мэдлэг дутмаг байдаг. Орон нутагт мэ­дээл­лийг хангалттай хүр­гэж чаддаг уу? 

-Манай улсын хэмжээнд хавдрыг эрт илрүүлэхтэй холбоотой тогтвортой үйл ажиллагаа явуулж буй “Хөх, умайн хүзүүний хавдрын эрт илрүүлгийн хөтөлбөр” бий. Энэ  хөтөлбөрийн хүрээнд 21 аймаг, есөн дүүрэгт хавдрын кабинет байгуулагдаад ажил­лаж байна. Олон жил тогтвортой ажилласан. Эрт үедээ илрүүлсэн эмэг­тэй­чүүдийн 50-иас дээш хувь нь эмчлэгдэж, хавдрыг ялан дийлээд амьдарч байна. Энэ нь эрт илрүүлгийн үйл ажиллагаа зохих хэмжээнд үр дүнгээ өгч байгааг харууллаа. Одоо харин шинэ дэвшилтэт шинжилгээ нэвтрүүлэх, шинэ мэдээ мэдээлэл өгөх шил­жилтийн үе ирсэн байна. 

-Биднийг бага байхад охидын үзлэг хийдэг  бай­сан шүү дээ. Үүнийг ер нь дахин сэргээвэл эмэг­тэй­чүүдэд зонхилон тохиолдох өвчний тархалт буурах болов уу гэж боддог? 

-Охидын үзлэг гэдэг нь  өөрөө бие даасан ойлголт шүү дээ. Хавдар талаасаа ярьвал,  умайн хүзүүний өвчнийг үүсгэгч ХПВ-тэй холбох нь тийм ч их оновчтой биш. Бэлгийн идэвхтэй харьцаатай эсвэл нөхөн үржихүйн идэвхтэй насандаа байгаа 30-аас доош насны эмэгтэйчүүд вирусын шинжилгээнд  хам­рагдвал 90-ээс дээш хувь нь эерэг буюу вирус илэрнэ гэсэн үг. Илэрнэ гэдгийг умайн хүзүүний хавдар үүснэ гэж ерөөсөө ойлгож болохгүй. Тийм учраас ДЭМБ-аас хүний папиллом вирусын  шинжилгээг зөвхөн 30 наснаас хойш авахыг зөвлөдөг. Хэрвээ эерэг гарвал тэдний хянаад  явах ёстой. Тиймээс залуу охидуудыг энэ шинжилгээг өгөхийг зөвлөдөггүй.  

-Гэхдээ Монголын нөх­цөлд амьдралын хэв маягаас шалтгаалаад арай өөр биш үү?

-Тэр ялгаагүй. ДЭМБ-аас Монголын нөхцөл байдалд зөвлөснөөр 35 насанд нэг удаа, дахин 45 насандаа нэг удаа шинжилгээ өг гэж зөвлөсөн. Монгол Улсад 2018 оны байдлаар 35 настай 25 мянга орчим эмэгтэй, 45 настай 20 мянга орчим эмэгтэй байгаа гэдэг  судалгаа гарсан. Тэгэхээр нийтдээ 45 мянган эмэгтэйн ядаж л 70 хувь нь шинжилгээгээ өгөх  хэрэгтэй байна гэж зөвлөж байна. Илрүүлэх боломжтой, хямд, хялбар мөртлөө  удаан явцтай эмгэгийн нэг шүү дээ. 

-Ойролцоогоор хэдэн насны хүмүүст зонхилон тохиолдож байгаа бол? 

-Хүний папиллом вирусын  халдвар 25 насанд хамгийн өндөр. Харин умайн хүзүүний хорт хавдрын урьтал өвчин гэж олон жил үргэлжилсэн процесс нь дундаж нас нь 35. Хорт хавдар гэвэл 40-өөс хойш насныханд зонхилж байгаа.  Дундаж насжилт шүү дээ.  Бидний зорилго хортой хавдар болчихсоныг нь барьж авах гээд байгаа юм биш. Хортой болохоос өмнө урьтал өөрчлөлтийг нь барьж авах гэж байгаа юм. Амьдрал дээр ховор тохиолдолд харьцангуй залуухан эмэгтэйчүүд умайн хүзүүний хорт хавдар туссан байдаг. Над дээр  умайн хүзүүний хорт хавдартай хамгийн залуу буюу 25 настай нэг эмэгтэй ирж байсан. Ховор тохиолдлын эд эсийн онцлогтой эмэгтэй байсан. 

-Хорт хавдар болсон тохиолдолд хэрхэн эмчлэх вэ?

-Яг онцлог вирусын эсрэг, вирусын халдвар авчихсан байхад устгадаг өвөрмөц эмчилгээ одоогоор байхгүй. Урьдчилан сэргийлэх зүйл байгаа гэдгийг эмэгтэйчүүд анхаарах хэрэгтэй. Тэр бол вакцинжуулалт. Гэхдээ бэлгийн харьцаанд ороогүй охидуудад хийж байж л алсдаа үр дүн нь гарна. Нэгэнт  халдвар илэрсэн тохиолдолд гол эрсдэл нь хавдар үүсэх эрсдэл байдаг. Хавдар үүсэхээс нь өмнө урьтал эмгэгийг тусгай эмчилгээний аргаар  бүрэн эмчлэх боломжтой. Энэ эмчилгээ түгээмэл хийгддэг. Манай Хавдар судлалын төвд мэдээж хийгддэг. 

-Нас баралтын тухайд?

-Сүүлийн таван жилийн дунджаар жилдээ умайн хүзүүний хавдрын 400 орчим тохиолдол илэрсэн. Үүнээс жилдээ дунджаар 150 орчим эмэгтэй нас бардаг гэсэн тоо байна. Өөрөөр хэлбэл, хоёр хоногт нэг эмэгтэй умайн хүзүүний хорт хавдраар нас барж байна гэсэн үг. 

-Жирэмснээс хамгаалах эм удаан хэрэглэсэн, тамхи татдаг, бэлгийн ариун цэвэр сахидаггүй, дархлаа султайгаас үүдэж умайн хүзүүний хорт хавдраар  өвчлөх эрсдэл өндөртэй гэдэг?

-Наадах чинь бол түгээмэл хүчин зүйл л дээ. Дархлаа сул байна гэдэг нь зөвхөн умайн хүзүү ч биш, ямар ч өвчин эмгэгт өртөж болно. Удаан хугацаагаар жирэмснээс хамгаалах эм буюу дааврыг нөхөн орлох эм хэрэглэвэл умайн хүзүүний эмгэг үүсэх эрсдэл нэмэгддэг. Тамхи татдаг эмэгтэйчүүд, татдаггүй эмэгтэйчүүдийн алинд нь умайн хүзүүний хавдар элбэг тохиолдож байгааг  судалсан байдаг. Ингэхэд тамхи татдаг эмэгтэйчүүдэд энэ төрлийн хавдар үүсэх эрсдэл өндөр байна гэж нотлогдсон. Нөлөөлөх бас нэгэн хүчин зүйл нь болдог гэсэн үг. 

-Умайн хүзүүний өвч­лөлтэй эмэгтэйчүүд жирэм­сэлж, хүүхэд төрүүлэх боломж­той юу? 

-Эрт үедээ илрээд  эмчилгээ хийгдсэн бол жирэмслэх,  байгалийн жамаараа төрөх бүрэн боломжтой.  Хүүхдэд ч ямар нэгэн асуудал байхгүй. 

-Улаанбаатар хотод л гэхэд 200 орчим эмэгтэй­чүүдийн эмнэлэг үйл ажил­лагаа явуулдаг. Энэ их эмнэлэг байхад яагаад эмэг­тэй­чүүдийн өвчлөл буу­рахгүй байгаа юм бол? 

-Тэр болгон ярьдаггүй нэг зүйлтэй холбоотой. Эмнэлэг, эмнэлгийн  ажилтан олон байж болно. Үйлчилгээ их үзүүлж байж болно. Тэр хэрээрээ эрүүл мэндийн даатгалын сангаас нөхөн олговор авч тасралтгүй орлогожоод байж болно. Үүний цаана үйлчилгээний чанарын баталгаажилт гэдэг зүйл заавал давхар хянагдаж, шалгагдаж явж байх ёстой байдаг. Эрт илрүүлгийн чанар, эрт илрүүлэн гэж зөвхөн шинжилгээ авахын нэр огт биш юм. Энэ бол цогц үйл ажиллагаа. Одоохондоо тэр олон хувийн  эмнэлгүүд хэр чанартай үйлчилгээ үзүүлж байна, эрт үед нь илрүүлээд, зөв  эмчилж чадаж байна уу гэдэг  чанарын баталгаажилтыг хянах  боломж байхгүй харагддаг. Улсын эмнэлгийн үйлчилгээний хувьд бол чанарын баталгаажилтын асуудлыг хяналтандаа бүрэн авч болох асуудал. Санхүүжилт дээр л гацдаг. Энэ жил нааштай өөрчлөлт гарна гэж итгэж байгаа.