ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ю.Адъяа: Нүдний даралт ихсэх өвчин хамгийн эрсдэлтэй,  айдастай өвчний  тоонд ордог

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-02-07

Нүдний эрүүл мэндийн талаар “Тэгш-Оршихуй” эмнэлгийн захирал, Нүдний эмч Ю.Адъяатай ярилцлаа. 

-Монголчуудын дунд нүдний ямар өвчин зон­хилон тохиолддог та­лаар  ярилц­лагаа эхлүүлье?

-Дэлхий нийтэд  нүдний даралт ихсэх, болор цайх, торлогийн өвчин, харааны асуудал зонхилж байна. Харин  манай улсын тухайд нүдний даралт ихсэх өвчин хамгийн эрсдэлтэй,  айдастай өвчний  тоонд ордог.  Уг өвчин  удамшлын гаралтай, гэмтлийн  гаралтай, олдмол гэсэн гурван үндсэн шалтгаантай. Нүдний даралт ихсэх өвчнийг  эмнэлгийн нөхцөлд нүдний нарийн эмч оношлох боломжтой болохоос, зовиур илэрсэн л  бол  даралттай гэж ойлгож болохгүй. Цаг алдахгүй бол эмчилгээ хийж болно. Манай иргэд ихэвчлэн хожуу эмнэлгийн байгууллагад ханддаг. Гэтэл нүдний даралт  ихэссэнээр харааны мэдрэлийг  гэмтээдэг бөгөөд энэ өвчнөөр  хараагүй болсон олон хүн бий. Ямар зовиур, шаналгаа байгаагаа эмнэлэгт  үзүүлж,  зөв  эмчилгээ хийлгэх нь л чухал. Хүмүүс нүд улайчихсан гэхээрээ  л  нүдний даралттай болчихлоо гээд  өөрсдийгөө оношлочихдог. Мэргэжлийн  нүдний эмчид  хандахад энгийн өвчлөл байдаг. Зарим өрхийн  эмч нар  нүдний ханиад гэж оношилоод дусаалга дусаагаад өгчихдөг.  Гэтэл нүдний ханиад  гэдэг  ониш хаана ч байхгүй,  манайхан өөрсдөө нэр өгчихсөн. Нүдний даралт болон бусад эмгэгээ хэрхэн ялгахаа мэддэггүй, өөр өөрсдийнхөөрөө  оношилоод  байдаг. 

-Хэрхэн ялгах вэ?

-Хүмүүс өөрсдөө ялгаж чадахгүй шүү дээ. Эмнэлгийн байгууллагад хандаад, зовхины үрэвсэл, харшил гэх мэтчилэн  хөнгөн өвчлөл байна гэхээр санаа нь амрах жишээтэй. Ер нь бол  нүдний даралт гэдэг үгийг амнаасаа гаргахгүй байхыг  хичээгээрэй. Хэлснээрээ нүдний даралттай болчихгүй, болчихсон  тохиолдолд амархан хүндэрдэг,  айдастай өвчин. Хурц  үедээ нүд тэсэхийн аргагүй өвдөнө, толгой, тархи таллаж өвдөх, гэнэт огт юм харахаа болино,  хараа үрэвсэж гүнзгий улайх зэргээр шинж тэмдэг илэрдэг. Нууц үе гэж бий. Урьдчилан сэргийлэх үзлэгээр харахад өөрчлөлт орсон  байдаг. Өөрөөр хэлбэл, эмчийн үзлэгийн нүдний уг харалтаас мэдэгддэг. Зохих эмчилгээгээ хийлгэхэд л тогтчихдог.  Хараа нь  муудахгүй хэрнээ нүдний даралт  ихэсчихсэн тохиолдол ч бий. Гэтэл  хүмүүс түүнийг нь хараа зүгээр байгаа гээд  тоохгүй яваад байдаг. 

-Хөнгөн байдлаар  шинж тэмдэг илэрнэ гэж байх уу. Жишээлбэл салхитай,  хүйтэн үед  нүднээс нулимс гоожихоор  нүдний даралттай гэж ам дамжин  ярьдаг? 

-Нүднээс нулимс гоожиход  гайгүй. Ер нь нүдний улайлтаас хамаардаг.  Нүдний даралт  ихэссэн хүний нүдийг харахад  арай өөр улайлт байдаг. Зарим хүмүүсийн нүд  улайсан  үед дусаалга дусаагаад зүгээр болчихдог. Нүдний даралт бол  дусаалга,  эм хийгээд  байхад  зүгээр болохгүй, зовиуртай болчихно. Заримдаа тархины гэмтлийн дараа хоёрдогчоор үүсэх тохиолдол бий.  Цаг алдалгүй үзүүлж  чадвал оношилж, эмчлэхэд гайгүй. 40-өөс дээш  насны хүмүүс өөрсдөө урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах шаардлагатай. 

-Болор цайх өвчин зонхилон тохиолддог гэлээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Болор цайх өвчнийг хүмүүс  мэддэг ч юм  шиг,  мэддэггүй ч юм шиг. Тэгсэн хэрнээ өдөр тутамдаа л  ярих юм. Манай хөгшчүүд  наранд сууж байгаад л  оношилчихдог шүү дээ /инээв/. 60-аас дээш насны хүмүүсийнх үс бууралтдагтай л адил байгалиасаа тунгалаг байдал нь алдагдаж, болор нь цайж эхэлдэг. Цайж байгаа болор  нь  их бага, аль хэсгээрээ хатуу байгаа эсэх, шохойжсон байгаа эсэхээсээ хамаарна. Хараагаа шалгуулах гэх  мэтчилэн  их учиртай.  Оношилоод  цаг хугацаа нь болсон бол болор суулгана. Зөв эмчилгээгээ хийлгэвэл 100 хувь хараа ордог. Төрөлхийн,  өвчлөлийн,  насжилтын, гэмтлийн гэсэн шалтгаантай  байдаг. 

-Болор суулгаад нэмэргүй байна гэж хүмүүс яриад  байдаг. Энэ ямар учиртай юм бол? 

-Болор суулгаад  ямар ч нөлөө үзүүлээгүй гэдэг яриа олон гардаг. Гэмтлийн улмаас  тэр дороо болор цайх тохиолдол бий, эсвэл 5-10 жилийн дараа өрөөсөн нүд юм харахаа байх тохиолдол ч бий.  Гэмтлийн дараа нүдний болор  цайсан тохиолдолд тэр дор нь болор суулгавал  сайхан  болно.  Хамгийн гол нь нүдний уг тэр чигээрээ толь шүү дээ. Тэндээ л гэмтэлгүй,  суулгах болзол нь хангагдчихсан  бол хэнд  ч таарна. Хүн болгонд харилцан адилгүй байдаг учраас хөгшчүүд  сайн,  муу гэж яриад  байдаг юм. 

-Болор суулгасны дараа хэрхэн арчлах ёстой вэ? 

-Ажилбар, арчилгаа нь гайгүй. Доргиохгүй, хүнд юм өргөхгүй гурван сар орчим хамгаалахад  аятайхан болчихдог. Хүнд юм өргөж болороо гэмтээвэл эргэх,  далийх  зэргээр хөдөлдөг. Хүчтэй найтаахгүй, ханиалгахгүй байх гэх мэтчилэн анхаарах зүйл бий. Нүдний даралт шиг айхтар гам гэх зүйл байхгүй. Нүдний даралт бол даралтны эмээ тогтмол хэрэглэхгүй бол ихэсчихдэг, нөгөө талаас  биеийн даралтаас хамаарна. Биеийн даралт өндөр байх үед  нүдний даралт дагаж өндөр болдог. Бидний үед болор суулгахаар бол оношилж байж, яг цайчихсан суулгах болчихсон  үед суулгадаг байсан. Болоогүй үед  болор суулгаж болохгүй. Одооний зарим залуу эмч нараас тийм зүйл ажиглагддаг.  Болорын  шилийг  ч  бас тааруулж зүүлгэх шаардлагатай. Бидний үед хараа шалгадаг  компьютер гэж байгаагүй учраас бид багшийн зааснаар бодитоор хардаг байлаа. Одоо ч миний хувьд төдийлөн ашиглаад байдаггүй. Багшийн зааснаар хүний нүдийг үзэж, бодсон нь хамгийн бодит,  цаг хугацаанд ч хэмнэлттэй байдаг даа /инээв/. Одоо компьютерийн ард  суугаад л нэг кноп дараад нэг цаас гаргана. Тэр цаасан дээр байгааг зөв бодвол бодно, бодохгүй бол тэр хэвээрээ байх гэх мэтчилэн компьютерийн мэр сэр алдаанууд байдаг.  Чи ч ард  нь суугаад кноп дарвал  тэр цаас гараад л  ирнэ. Хааяа л  нэг давхар цлиндертэй нүдний шилтэй хүн орж ирэхэд харж баримжаа авдаг. Багшийн заасан  арга ч бий.  Тархи, толгойд орсон  аргаараа  л үзэхийг боддог. 

-Болор таарахгүй хүн  байх уу? 

-Байна. 80 дөхөж буй ахмадуудад насжилтаасаа хамаараад  юм хамгийн тод харах шар толбо нь гэж бий. Шар толбо нүдний харах байдлыг зохицуулдаг бөгөөд тэр нь насны хэрээр үүргээ гүйцэтгэхээ болиход хэчнээн сайхан болор суулгасан ч таарахгүй шүү дээ. 80 хүрээгүй атлаа шар толбо тогтсон, нүдний угтаа ямар нэгэн өөрчлөлттэй бол болор суулгаад үр дүн өгөхгүй. Гол нь эмч нарт үзүүлэх нь чухал. Манай иргэд өөр өөрсдийнхөөрөө  их таах юм. Нэг удаа  дэлгүүрт явж байтал сүлжээний бүтээгдэхүүн зардаг лангуунд худалдагч эмэгтэй эмээ тайлбарлаад  сууж байхаар нь сонирхоод очлоо. Очоод  бүтээгдэхүүний талаар асуухад  “Болор цайх өвчин болон нүдний даралтыг  зүгээр болгоно” гэсэн. Яаж зүгээр болгодог вэ гэтэл,  хүний нүдний бор хэсэгт цагаан  хүрээ үүсчихсэн байдгийг  худалдагч эмэгтэй нүдний болор гэж ойлгоод  хүнд яриад  байх жишээтэй. Сүүлд нь  би учраа хэлээд  тайлбарлаж өгсөн. Нүдний болор гэдэг зүйлээ мэдэхгүй атлаа сүлжээний бүтээгдэхүүн  тайлбарлаад  хүнд  зарна гэдэг  байж болохгүй. Хүний эрүүл  мэндийн асуудал шүү дээ.  Нүдний болорыг нүдний эмч л аппаратаас харна уу гэхээс энгийн  хүн  мэдэх арга байхгүй.  Би ч  шууд хараад  мэдэхгүй. Цайсан цайгаагүй,  их, бага гэдгийг  л  хэлж чадна. 

-Эдгээр өвчлөлөөс гадна дэлгэцийн хамааралд  хэт их автах боллоо. Эцэг, эхчүүд нь хүүхдээ саатуулахын тулд хоёр, гурван настай хүүхэддээ утас өгч байна.  Ер нь дэлгэц, гар утас удаан үзэхийн сөрөг тал нь юу вэ. Өдөрт хэчнээн цагаар гар утас үзэх ёстой юм бол?

-Дэлгэцийн хамаарал гэж хүн  бүр ярих болсон. Компьютер дээр ажилладаг хүн ер нь 20 минут суугаад нүдээ амраах ёстой. Хүүхэд   удаан гар утас,  дэлгэц ширтэх нь байж боломгүй асуудал.  Бага насны хүүхдийн нүдний булчин сул,  хөгжиж дуусаагүй байхад хамаагүй гар утас үзүүлж болохгүй.  Анх PC тоглоом хүүхдүүд тоглож,  гар утас үзэж эхлэхэд нүд нь  хөдлөхөө байчихсан хүүхэд хүртэл орж ирж байлаа. Булчин чангартал нь юм үзүүлсэн байна шүү дээ.  Одооноос  болохгүй гэдгийг  мэдээд арай л учиртай болчихсон.  Хурц гэрлийг  бага насны хүүхдэд тусгахад  нүдний угийн судсыг маш хурдан гэмтээдэг.  Манай танилын хүүхэд лазер гэрлээр тоглож байгаад нүд рүүгээ тусгаад нүдний угийн  мэдрэлийн  судсаа гэмтээсэн тохиолдол гарсан. Ер нь л хүүхдийг  ийм зүйлүүдээс хол байлгах хэрэгтэй.  Дэлгэц маш хортой. Хараа муутгах нэг томоохон шалтгаан болдог. Манай “Тэгш Оршихуй” эмнэлгийн пэйж хуудсанд хүүхдийн харааг хэрхэн амраах,  өвчнөөс яаж сэргийлэх талаарх дэлгэрэнгүй мэдээлэл бий. Оффист удаан дэлгэц ширтэж суудаг хүмүүст зөвлөхөд, 40 минут компьютерийн ард суусан бол 10 минут ч болтугай нүдээ амраах  хэрэгтэй. 

-Хүмүүс компьютерийн хамгаа­лалттай шилийг зүүж нүдээ хамгаалдаг. Энэ хэр үр дүнтэй байдаг вэ?

-Компьютерийн хамгаалалт  гэж гадуур зараад  байгаа  нүдний шилнүүд ихэвчлэн түрхэцтэй байдаг.  Шилэнд туяа үүсээд байгааг хамгаалалт гээд ойлгочихдог. Гэтэл  тэр нь хамгаалалт биш.  100 хувь  хамгаалдаг шилнүүд бол сайн.

-Нүдний дусаалгыг хэр зөв зохистой ашиглах ёстой вэ? 

-Хиймэл нулимс гэдэг нь энгийн нийтлэг нэр. Монголчилж ойлговол нүдийг амрааж,  чийгшүүлдэг гэсэн үг л дээ. Ямар ч эмийн хольцгүй учраас үүнийг өдөр тутамдаа дусаахад  гэмгүй. Гэхдээ 16,17-оос дээш насны  хүмүүс хэрэглэхэд тохиромжтой. Харин Япон улсын зарим дусаалгууд харшлын найрлагатай, эсвэл дан витаминтай дусаалгыг  байнга хэрэглэх  зохимжгүй.  Яагаад  гэвэл,  байнга дусаавал, судас нарийсгаад нүд улайж,  нүдний судас таслахад ч хүргэдэг. Ментолтой учраас тэрхэн үедээ сэнгэнээд  сайхан  мэдрэмж төрүүлдэг ч эргээд  улайдаг.  Компьютер удаан ширтэж суудаг залуус ментолтой дусаалгыг сэргээх зорилгоор хэрэглэж болно. Харин харшилтай хүн харшлын найрлагатайг  нь дусаах гэх мэтчилэн их учиртай.  Дусаалга л бол дусаалга гэж хандаж болохгүй. 

-Бүсгүйчүүд гоо сайхандаа анхаарч, өдөр тутамдаа  сормуус суулгах,  линз зүүдэг болсон. Энэ нь  хүний нүдэнд  ямар нөлөө үзүүлдэг вэ? 

-Хиймэл сормуус гэдэг нь гадны биет шүү дээ. Өөрийн сормуус урт, богино, өтгөн шингэн байсан ч нүдэнд нөлөөгүй. Хиймэл сормуус гадны биет учраас нүд цочроож,  улайлгах замаар гэмтээдэг. Гэхдээ  зөв суулгасан тохиолдолд гайгүй. Нэг их таатай  зүйл бол биш.  Контакт линз ч бас гадны биет. Манай улс агаарын бохирдол ихтэй учир санамсаргүй нухахад үрэвсүүлдэг, нүдний завсар унах аюултай. Үүнээс гадна манай залуус зориулалтаар нь хэрэглэдэггүй. Уг нь  зориулалтын чимхүүрээр нь чимхэж аваад нүдэндээ тогтоох ёстой байтал, хурууны өндгөндөө нааж байгаад нүдэндээ тогтоочихдог. Маш буруу.  Ер нь бол эдгээрийг байнга биш,  хаа нэг зүүж, суулгах хэрэгтэй юм. 

-Нүдээ хэрхэн энгийнээр  арчлах талаар манай уншигчдад зөвлөгөө өгөөч?

-Хамгийн энгийнээр гэвэл усан суурьтай хийсэл нулимсыг дусаагаад,  нүдээ хуурайшуулахгүй байх хэрэгтэй. Энгийн уламжлалт аргуудаас уншихад, буцалж, ширгэсэн хүйтэн усаар өглөө оройдоо шавшиж,  нүдээ булхахад маш сайн амарч, цайдаг. Хүйтэн усаар шавшихаар арьс чангардагтай л  адилхан. Энэ бол хамгийн энгийн  бөгөөд эдийн засгийн  хэмнэлттэй  арга. Нэг литр  усыг 500 грамм болтол ширгээхэд л хангалттай. Мөн  өөртөө таарсан шилээ зүүх ёстой. Зурагдсан шилтэй удаан явах нь нүдэнд муугаас  гадна нар салхинаас хамгаалахын  тулд  шил зүүх  хэрэгтэй. Хүмүүс гудамжнаас хамаагүй шил худалдаж  аваад зүүчихдэг нь бас л буруу. Тэдгээр шилийг зүүснээс бараг зүүгээгүй байсан дээр. Хумсаараа хөнгөхөн  үрэхэд  л гаднах өнгө нь хуурч байдаг хамгийн муу шил. Бас хоорондоо харааны шилээ сольж зүүж болохгүйг мэддэг байх хэрэгтэй юм.