Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн /2021.01.26/ хуралдаан 10 цаг 30 минутад ирц бүрдсэнээр эхэлж, Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат Засгийн газраас 2020.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн Музейн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд-ийн эцсийн хэлэлцүүлгийг явуулах талаар танилцуулав.
Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа танилцуулснаар хуулийн төсөл, Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Г.Мөнхцэцэг, П.Анужин нар асуулт асууж, хариулт авлаа. Гишүүдийн асуултад Ажлын хэсэгт хүрэлцэн ирсэн Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах Соёлын сайдын үүрэг гүйцэтгэгч С.Чулуун, дэд сайд М.Батбаяр, Соёлын өвийн газрын дарга Б.Даваасүрэн нар хариулт өгсөн юм.
Тухайлбал Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэгийн Чингис хааны музейн барилгын ажил хэдийгээр дуусаж, ашиглалтад орох талаар тодруулсан асуултад Соёлын сайдын үүрэг гүйцэтгэгч С.Чулуун Чингис хаан, хаад язгууртны музей нь Монгол Улсын түүхэнд байгаагүй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн музей болох бөгөөд одоогоор барилгын ажил 90 хувь, дотоод заслын ажил 70 хувь, үзүүлэн, үзмэр бүрдүүлэх ажил 50 орчим хувьтай, Ардын хувьсгалын 100 жилийн ойн өмнө ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа талаар хариулт өгөв. Улсын Их Хурлын гишүүн П.Анужин музейн ажилтнуудын хариуцлага, сан хөмрөгийн хадгалалт, хамгаалалт муугаас үзмэр алга болдог талаар хөндөөд, музейн удирдлага болон ажилтнуудын хариуцлага хуулийн төсөлд хэрхэн туссан талаар, мөн үзмэрийн бүртгэлжүүлэлт төсөлд хэрхэн туссан талаар тодруулав. Энэ асуултад Соёлын өвийн газрын дарга Б.Даваасүрэн хууль батлагдсанаар музейн сан хөмрөгт хадгалагдаж буй үзмэрийн хадгалалт, хамгаалалт сайжрана. Яагаад гэвэл хуулийг дагаад хэд хэдэн стандарт батлагдана гэж хариуллаа.
Ингээд Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй гурван саналын томъёоллоор санал хураалт явуулав. Төслийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийн “Монгол Улсын харъяат” гэснийг хасах саналтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, С.Чинзориг, Б.Баярсайхан нар үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг саналыг дэмжиж буйгаа илэрхийлээд зөвхөн Монгол Улсын харъяат 16 хүртэлх насны хүүхэд музейг үнэ төлбөргүй үздэг байх нь зөв гэж байр сууриа илэрхийлэв. Төслийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийн “Монгол Улсын харъяат” гэснийг хасах саналыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн олонх уг саналыг дэмжсэнгүй.
Хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэг болон 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсгийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэсэн саналтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Г.Мөнхцэцэг, Ё.Баатарбилэг нар үг хэлж, асуулт асуув. Үзмэртэй шууд харьцах албан тушаалтанд 10 жил тутам нэг жилийн үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгох хугацааг Төсвийн тухай хуулийн 6.2.5-ын Төсвийн жилийн дундуур орлого бууруулах, зарлага нэмэгдүүлэх үр дагавартай бодлогын аливаа шийдвэр гаргасан бол түүнийг дараагийн төсвийн жилээс хэрэгжүүлдэг байх заалтын дагуу 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөс өөр аргагүй талаар Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат тайлбар хийв. Уг саналыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 71.4 хувийн саналаар дэмжигдлээ.
Үргэлжлүүлэн мөн Ажлын хэсгээс бэлтгэсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3 дахь заалтын дагуу хураалгах саналыг хэлэлцэж, төслийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсгийн “хамтран” гэснийг “зөвшилцөн” гэж өөрчлөх саналыг гишүүдийн олонх дэмжлээ.
Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг зарчмын зөрүүтэй санал гаргав. Тэрбээр музейн ажилтанд 10 жил тутамд урамшуулал олгоно гэснийг 8 жил болгох зарчмын зөрүүтэй санал гаргаж, уг саналын томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 57.1 хувийн саналаар дэмжигдлээ. Ийнхүү хэлэлцээд Музейн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд-ийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэсэн юм.
Хуралдааны төгсгөлд хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагчаас нэрээ татах хүсэлтээ ирүүлсэн Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрамын хүсэлтийг үндэслэн Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуягийг томилсноор хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.