Монгол Улсын түүхэнд хамгийн нэр хүндтэй, хэлэх үг, хийсэн ажилтай төрийн тэргүүн байсан Х.Баттулга танд баярлалаа. Төрийн тэргүүн гэдэг билэгдлийн чанартай, сэнтийдээ багтамгүй хэтийдсэн эрх дархтай байх ёстой гэх дархлагдсан хэмжүүрийг өнгөрсөн дөрвөн жил эвдэж чадлаа. Монголчуудын ой тойнд он удаан жил тогтсон тэр хязгаарыг давж, төрийн тэргүүний үүргээ нэр төртэй биелүүлж чадлаа, та. Элдэв чамирхал, хийрхэл, зиндаархал байхгүй эгэлгүй дөрвөн жил байв.
Төрийн тэргүүн ямар байх ёстой вэ гэх тэр хэмжүүрийг Монголын төрд тогтоож өглөө. Ард түмэндээ ээлтэй, сөрөг хүчний үүргийг дангаараа гүйцэтгэсэн, авлигын асуудалд эцсээ хүртэл тэмцлээ.
Анх удаа ахмад настнуудын магнай тэнийж, өр зээлээ тэглүүлж, үзэв. Сард авдаг багахан тэтгэвэр нь хэрэглээндээ ч хүрэхгүй байсан асуудлыг нь шийдвэрлэж, уул уурхайгаас баялгаас хүртээж өглөө. Үнэндээ өнгөрсөн 30 гаруй жил монголчууд уул уурхайн орон, ашигт малтмалаараа дэлхийд дээгүүрт эрэмбэлэгддэг гэж аархаж байснаас жирийн иргэдэд хүртсэн ашиг бараг байхгүй. Тиймээс нийгэмд үзүүлэх хамгийн эерэг шийдлийг олж, уул уурхайгаас хүртэх ашгийг нь нэмэгдүүлж, бүтэн тэтгэвэртэй нь ахмадуудыгаа үлдээж чадсанд баярлалаа.
Гадны бүсэд их хэмжээний мөнгөө байршуулж байсан оффшорчидтой тэмцэж, тодорхой хэсгийг нь татан төвлөрүүлсэнд таны үүрэг оролцоо асар их байв. Бас хойч үедээ том сургамж болох биз ээ. Түүгээр ч тогтохгүй 70 жилийн дараа монголчууд өөрсдийнхөө гараар төмөр замаа барьж чадлаа. Энэ бол түүхэнд үлдэх том гавьяа байлаа. Нийгмээрээ улстөржөөд, хөнжилдөө хөлөө жийлчээд суухаас илүүтэй эх орны хөгжилд нэмэртэй томоохон бүтээн байгуулалтыг хэдхэн жилийн хугацаанд бүтээж, дуусгаж болдог гэдгийг батлан харуулав.
Энэхүү бүтээн байгуулалтын ачаар говь эзэнтэй болж, нүүрсний тээвэрлэлт эрчимжих замыг нээж өглөө. Монгол Улсын төсөвт уул уурхай, тэр дундаа нүүрснээс төчнөөн төгрөг олж, төлөвлөрүүлнэ гэдэг төсөөллийн тоог бодит болгох нөхцөлийг бүрдүүлж чадсан, анхны төмөр зам билээ. Түүнчлэн бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацаанд бүү хэл, найман жил төрийн тэргүүнээр ажилласан хүний хийж, бүтээж, чадаагүйг Х.Баттулга та хийлээ.
Найман онтой дүйцэх дөрвөн жил байсан юм. Энхийн цагт ч, дэлхий нийтээрээ цар тахалд тэмцсэн үед ч гадаад харилцаанд өвөрмөц бодлого баримталж, хилийн чандад төрд ёсны шинэ жаягыг мөн л тогтоов. Үүнийг байгалийн хийн хоолой батлан харуулна.
Мөн энэхүү бодлогын ачаар гадаад харилцаанд шинэ дэвшил гарч, тэр дундаа хүнд цаг үед БНХАУ-ын дэмжлэг Монголын төрд төдийгүй эрүүл мэндийн салбарт өнөөдөр чухал нөлөө үзүүлж байгааг мартаж болохгүй. Өөрөөр хэлбэл, Монголын төрөөс дэмжлэг үзүүлсэн 30 мянган хонь эргээд ард иргэдэд цар тахлаас сэргийлэх хэдэн мянган тун вакцин болж, ирж байна.