УИХ дахь АН-ын бүлэг Монгол Улсын Ерөнхийлөгчийг дэмжиж, хамтарч ажиллахаа илэрхийллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өнөөдөр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд бараалхлаа.
Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат зургаан жилээр ажиллахаар сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ажлын өндөр амжилт хүсэж, УИХ дахь Ардчилсан намын бүлэг Монгол Улсын Ерөнхийлөгчийг дэмжин ажиллана гэдгийг хэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх талархал илэрхийлж, Ардчилсан намын бүлэгтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.
Мөн УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга С.Одонтуяа хэлэхдээ, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ирэх зургаан жилийн хугацаанд эв нэгдлийг хангаж, улс орноо эвлэрүүлсэн Ерөнхийлөгч байж чадна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлж, эмэгтэйчүүдийг дэмжин ажиллахыг хүслээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хугацаанд байгаль орчныг хамгаалах, цөлжилтийг бууруулах, өв уламжлал, үндэсний соёлоо сэргээж, түгээн дэлгэрүүлэх, соён гэгээрүүлэх чиглэлд онцгой анхаарч ажиллана гээд, энэ чиглэлээр УИХ дахь Ардчилсан намын бүлэгтэй хамтран ажиллахдаа таатай байх болно гэсэн юм.
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлэхдээ, “30 жилийн түүхтэй Ардчилсан нам бэхжин хөгжих нь Монголын улс төрийн төлөвшилд хэрэгтэй. Үндэсний аюулгүй байдал, эв нэгдлээ сахин хамгаалах, улс орны эрх ашгийн төлөө улс төрийн намууд зорилго нэгтэй хамтран ажиллах цаг нь болсон” гэдгийг онцлон тэмдэглэв.