УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр /2021.12.20/ болж, гурван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, бүлгийн дэд дарга Х.Булгантуяа, Ажлын албаны дарга С.Далхаасүрэн нар мэдээлэл хийлээ. Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “ УИХ дахь МАН-ын бүлэг Эдийн засгийн шинэ сэргэлтийн бодлого болон түүнтэй дагалдан гарах хуулиудын талаархи асуудлыг хэлэлцсэн. Хоёрдугаарт, Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг сунгахтай холбоотой асуудал, гуравдугаарт, төрийн үйлчилгээний албан хаагчдыг гэрээгээр ажиллуулахтай холбоотой өнгөрсөн арваннэгдүгээр сард батлагдсан Монгол Улсын 2022 оны төсвийн хуультай холбоотой асуудлыг хэлэлцлээ. МАН-ын 30 дугаар Их хурлаар дэвшүүлсэн нэг том зорилт бол Эдийн засгийн шинэ сэргэлтийн бодлого. Энэ гаргасан шийдвэрээ төрийн бодлого болгох ёстой гэж үзсэн. Үүнтэй холбоотой Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ бүлгийн хуралд оролцож, Эдийн засгийг сэргээх шинэ бодлогын дунд хугацааны хөтөлбөр, түүнийг дагасан 20 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцэж батлах асуудлыг бүлгийн гишүүдийн олох зарчмын хувьд дэмжлээ. Уг асуудлыг энэ долоо хоногийн Лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ. Өмнө нь намын бүлгийн хурлаар хоёр ч удаа хэлэлцсэн. Хууль хэлбэрээр гаргах, хөтөлбөр хэлбэрээр гаргах уу гэж ярилцаж байгаад дунд хугацааны хөтөлбөр байх нь зүйтэй гэж үзсэн. Нийт 47 хуулийг батлахаас эхний 20 гаруй хуулийн төслийг Засгийн газраас боловсруулж, УИХ-д оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Үүнд, Тусгай зөвшөөрлийн болон худалдан авалт зэрэг чиглэлийн хуулиуд багтах юм. Эдийн засгийн шинэ сэргэлтийн бодлоготой холбоотой дагалдах хуулиудыг хаврын чуулганаар багтаан хэлэлцэж, батлах нь зүйтэй гэж бүлгийн гишүүдийн олонхи үзлээ. Хоёрдугаарт, Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг өмнө нь хоёр удаа сунгасан. Тус хуулийг зургаан сараар дахин сунгах нь зүйтэй гэж МАН-ын бүлэг шийдвэрлэлээ. Учир нь, нэгдүгээрт, дэлхий нийтэд цар тахал үргэлжилсэн хэвээр байна. Мөн шинэ вирус гарч бусад улс оронд аюултай түвшинд хүрч болзошгүй байна. Хоёрдугаарт, манай улсын экспорт, хил гааль хаагдсан байгаа. Иймээс эдийн засагт хүндрэл учирч болзошгүй байна. Иймд хурдан хугацаанд зохицуулалт хийх шаардлага үүснэ гэж үзсэн. Дээрхи хоёр үндэслэлээр тус хуулийг 2022 оны долдугаар сарын 1 хүртэл сунгаж, хэрэгжүүлэх хэрэгтэй байна гэж үзэж зарчмийн хувьд дэмжсэн. Мөн Засгийн газар лхагва гарагийн хурлаараа хэлэлцээд, хуулийн төслийг УИХ-д өргөн бариад 2021 ондоо багтаан хэлэлцэн батлах нь зүйтэй гэж үзлээ. Бүлгийн хурлаар хэлэлцсэн гурав дахь асуудал болох төрийн үйлчилгээний албаны албан хаагчдийг гэрээгээр ажлуулахтай холбоотой асуудлаар УИХ өнгөрсөн 11 дүгээр сард шийдэл гаргасан. Үүнийг аймаг, суманд ажиллаж байгаа Төрийн үйлчилгээний ажилчид эсэргүүцэж байгаа. Үйлдвэрчний эвлэлийн байгууллага мөн эсэргүүцэж байна. Үүнтэй холбоотой МАН-ын бүлгийн хурлаараа хэлэлцэх нь зүйтэй гэж үзээд Төрийн үйлчилгээний албан хаагчдад 2022 онд авч буй цалин хөлс, нэмэгдэл урамшуулалыг 2021 оны түвшингөөс бууруулахгүй байх шийдвэрийг Засгийн газрын түвшинд авч хэрэгжүүлэх шаардлагатай байна гэж үзсэн. Дээрхи байдлаар шийдвэрлэхгүй бол бага цалин авч буй хүмүүст хүндрэл учирч болзошгүй байгаа гэж бүлгийн гишүүд үзлээ. Иймээс Засгийн газар ээлжит хурлаараа хэлэлцэн шийдвэр гаргаж, орон нутгуудад тодорхой чиглэл өгөхөөр боллоо” гэв.