Хөгжлийн банкны чанаргүй зээлийг төлүүлэх хууль хүчний байгууллагуудыг багтаасан ажлын хэсэг байгуулахаар болсон талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдлээ.
Хөгжлийн банкны чанаргүй зээлээс 165 тэрбум төгрөг төлөгдөөд байгаа бөгөөд тус банк 2023 онд хоёр том бондын төлбөр төлнө. Засгийн газрын баталгаа гаргасан 725 тэрбум төгрөгийн Самурай бондын төлбөрийг татвар төлөгчдийн мөнгөөр төлөх эрсдэл гарч болзошгүй. Тиймээс Хөгжлийн банкны чанаргүй зээлүүдийг төлүүлэхийн тулд Засгийн газар онцгой анхаарч байгаа. Чанаргүй зээлүүд төлөгдвөл бондын төлбөрт асуудал гарахгүй хэмээлээ.
Тэрбээр, “Өр барагдуулалтыг эрчимжүүлнэ. Хөгжлийн банкны асуудлыг хөндөж тавих шалтгаан байсан. 2019 онд Монголбанкнаас Хөгжлийн банкинд шалгалт хийж, 812 тэрбум төгрөгийн зээлийн алдагдлын сан байгуулах, журмын дагуу ангилалд оруулж, 100 хувь алдагдлын сан байгуул гэж акт тавьсан. Гэвч энэхүү актын дагуу сан байгуулах гүйлгээ хийгдээгүй.
Тиймээс гүйлгээ хийж блансад тусгах, мөн өөрийн үзүүлэлт нь эрс муудна. Олон улсын аудитын дүн, Төв банкны шалгалтын дүн зөрүүтэй байсан. Цаашдаа Хөгжлийн банк хэвийн үйл ажиллагаагаа хангах, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулахын тулд чанаргүй зээлээ төлүүлэх нөхцөл байдал үүссэн.
Мөн хоёр том бондын эргэн төлөлт бий. Тиймээс татвар төлөгчдийн мөнгөөр төлөхгүйн тулд зээлээ төлүүлэх ёстой. 2023 оны аравдугаар сарын 23-нд төлөгдөх 1.5 их наядын евро бонд, арванхоёрдугаар сарын 25-нд төлөгдөх 725 тэрбумын “Самурай” бонд байгаа. Онцгой анхаарал татаж байгаа нь Самурай бонд. Засгийн газрын батлан даалттай бонд. Төлөгдсөн зээлээрээ бондын төлбөрөө төлөөд явна” гэлээ.