ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Батцэцэг: ОХУ-тай хийх хээрийн сургуулилалт бол жил бүр болдог төлөвлөгөөт ажил

O.Admin
2022-07-27

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн зарим асуудлын талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээлэл хийлээ. Ерөнхий сайдын Сингапур улсад хийсэн албан ёсны айлчлалын дүнг танилцуулж, айлчлалын мөрөөр хийх ажлын төлөвлөгөөг баталсан байна. Б.Батцэцэг сайд энэхүү мэдээллийг хийснийхэ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. 

-Хамтарсан цэргийн сургуулилалт хийхээр ОХУ-аас цэргийн зориулалттай техник хэрэгслүүд ихээр оруулж ирж байна гэсэн мэдээлэл байна. Яг энэ цаг үед энэ нь зөв алхам мөн үү?

-Бид олон оронтой батлан хамгаалах салбарынхаа хамтын ажиллагааг хөгжүүлж байгаа. Саяхан АНУ-тай хамтарсан "Хааны эрэлд" цэргийн сургуулилалтыг зохион байгуулсан. ОХУ-тай хийх гэж байгаа "Сэлэнгэ" хээрийн сургуулилалтыг жил бүр хийдэг. Хоёр тал хийхээр төлөвлөсөн ажлаа хийж байгаа нь энэ. Зэвсэг, техникийн хувьд ОХУ сургуулилалтдаа зориулж оруулж ирээд буцаагаад аваад гардаг. Жил бүр болдог төлөвлөгөөт ажил. Түүнээс биш шинээр юм зохиогоод байгаа юм биш.

-Хил гааль, боомтуудын үйл ажиллагаа хэзээ жигдэрч, хэвийн байдалдаа орох вэ?

-Хил гааль, боомтуудын үйл ажиллагаа цар тахлын өмнөх үе рүүгээ дөхөж байгаа. Олон улсын боомтуудыг бүгд ажиллаж байна. Харин гарч, орж байгаа бараа бүтээгдэхүүний хэмжээ бага байна. Үүнийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Хамгийн сүүлд Бичигтийн боомт нээгдсэн.