ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

БНХАУ-ын дарга Ши Жиньпиний ОХУ-д зориулсан нийтлэлийг хүргэж байна

O.Admin
2023-03-21

БНХАУ-ын дарга Ши Жиньпин дахин сонгогдсоныхоо дараах анхны төрийн албан ёсны айлчлалыг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины урилгаар гуравдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн гурав хоногийн хугацаатай эхлүүлээд байна.

Эдийн засаг, геополитикийн хувьд хүчирхэг хоёр гүрний Төрийн тэргүүний айлчлал нь олон улсын анхаарлыг ихээхэн татаж байгаа. Айлчлалын үеэр хоёр талын харилцааг илүү гүнзгий түвшинд хүргэхээс гадна хэд хэдэн чухал баримт бичигт гарын үсэг зурна хэмээн мэдэгдээд буй билээ. Мөн БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-д хийж буй төрийн айлчлалтай холбогдуулан Оросын сонин болон РИА Новости сайтад “Хятад Оросын найрсаг хамтын ажиллагаа, хамтын хөгжлийн шинэ хуудсыг эрч хүчтэйгээр урагшлуулна” гэх гарчигтайгаар хэвлүүлснийг Хятадын "Рин Минь Бао" өдрийн сонин нийтэлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Найрсаг хамтын ажиллагаа хөгжлийн шинэ хуудсыг эрч хүчтэйгээр урагшлуулна

Би Ерөнхийлөгч Путины урилгаар ОХУ-д төрийн айлчлал хийнэ. Одоогоос 10 жилийн өмнө БНХАУ-ын даргаар сонгогдсоны дараа, миний хамгийн эхэнд айлчилсан улс бол Орос улс юм. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд би ОХУ-д найман удаа айлчилж, айлчлал бүртээ маш сэтгэл ханамжтай, ганзага дүүрэн буцаж, Ерөнхийлөгч В.Путинтэй хамт Хятад, Оросын харилцааны шинэ хуудсыг нээсэн.

Хятад, Орос бол бие биенийхээ хамгийн том хөрш, бүх талын стратегийн хамтын ажиллагааны түнш, дэлхийн томоохон гүрэн төдийгүй НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орон юм. Хоёр улс бие даасан гадаад бодлого баримталж, Хятад, Оросын харилцааг дипломат харилцааныхаа тэргүүлэх чиглэлээ гэж үздэг. Хятад-Оросын харилцааны хөгжил нь тодорхой түүхэн логиктой, хүчирхэг эндоген сэдэл /хүчирхэг эдийн засгийн өсөлтийн дотоод хөдөлгөгч хүч/- тэй юм. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд хоёр талын олон салбарын хамтын ажиллагаа үсрэнгүй ахиц дэвшил гаргаж, шинэ эрин рүү шуурхай орлоо.

Дээд түвшний хамтрал нь стратегийн чухал тэргүүлэх үүрэг гүйцэтгэдэг. Хятад, Орос хоёр улс олон салбарын дээд түвшний хамтрал болон хамтын ажиллагааны бүрэн механизмыг байгуулсан нь хоёр орны харилцааг хөгжүүлэх чухал тогтолцоо, механизмын баталгаа болж байна. Би Ерөнхийлөгч В.Путинтэй олон жилийн турш ойр дотно хамтран ажиллаж, хоёр талын болон олон улсын хэмжээнд 40 удаа уулзаж, хоёр орны харилцаа, төрөл бүрийн салбарын хамтын ажиллагааны төлөвлөгөөг гаргахын тулд  олон улсын болон бүс нутгийн нийтлэг анхаарал татсан асуудлаар цаг тухайд нь харилцан ярилцаж, хоёр орны харилцааг үргэжлүүлэн эрүүл, тогтвортойгоор хөгжүүлэхийн төлөөх чиг рүү тууштай залуурдана.

Хоёр талын улс төрийн харилцан итгэлцэл тасралтгүй бэхжиж, том улс орнуудын харилцааны шинэ жишээг бий болгож байна. Хятад, Орос хоёр үеийн үед найрамдалт харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааны үзэл баримтлалыг эрхэмлэж, бие биенээ улс орныхоо хөгжилд тохирсон замаар явахыг тууштай дэмжихээс гадна хөгжлийг мөн харилцан дэмжиж ирсэн. Хоёр орны харилцаа хөгжлийн явцад улам боловсронгуй, тэсвэртэй болж, амьдралын шинэ эрч хүчээр тасралтгүй гялалзаж, харилцан хүндэтгэл, энх тайвнаар зэрэгцэн орших, харилцан ашигтай хамтын ялалтын том улс орнуудын шинэ хэлбэрийн харилцааны загварын үлгэр дуурайллыг бий болгож байна.

Хоёр тал бүх талын болон олон түвшний хамтын ажиллагааны бүтцийг төлөвшүүлэн бий болгосон.  Хоёр талын хамтын хүчин чармайлтын хүрээнд өнгөрсөн онд Хятад, Оросын  худалдааны хэмжээ  190 тэрбум ам.доллар давж, 10 жилийн өмнөхтэй харьцуулахад  116 хувиар өсч, Хятад улс 13 жил дараалан Оросын хамгийн том худалдааны түнш болсон байна. Мөн хоёр орны  талуудын хөрөнгө оруулалтын цар хүрээ өссөөр байна.

Эрчим хүч, сансар судлал, харилцан холбоо  зэрэг томоохон төслүүдийн хамтын ажиллагаа тасралтгүй ахиж байна. Технологийн шинэчлэл, хил дамнасан онлайн худалдаа зэрэг шинээр хөгжиж буй салбар дахь хамтын ажиллагаа эрчимжиж  байна. Энэ нь хоёр орны ард түмэнд бодит үр өгөөж авчрахын зэрэгцээ хоёр талын хөгжил, сэргэн мандалд тогтвортой түлхэц өгсөн юм.

Хоёр тал нөхөрлөлийн тухай ойлголтыг үеэс үед хэрэгжүүлж, уламжлалт найрамдал цаг хугацаа өнгөрөх тусам улам бүр бэхжиж байна. Хоёр тал "Хятад-Оросын сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны гэрээ"-нд гарын үсэг зурсаны 20 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэж, Ерөнхийлөгч Путин бид хоёр "гэрээ"-ний хугацааг сунгах тухай зарлаж, цаг үеийн шинэ утга санааг илэрхийлэв.

Хоёр тал үндэсний хэмжээний сэдэвт жилийг найман жил дараалан зохион байгуулж байна. Энэхүү хүрээнд жил бүрийг нэг сэдвээр нэрлэж, тухайн сэдвийн хүрээнд салбар хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлж, хоёр орны иргэдэд харилцан улс орны соёлыг таниулан сурталчлах ажил хийсэн.  Тухайлбал, үндэсний жил, хэлний жил, аялал жуулчлалын жил, залуучуудын жил, хэвлэл мэдээллийн жил гэх мэт. Үндэсний жил сэдвийн хүрээнд 2006 онд Хятад улс “Оросын жил” -ийг эх орондоо зохион байгуулсан бол Орос улс 2007 онд “Хятадын жил”-ийг зохион байгуулсан/, найрсаг хамтын ажиллагааны шинэ хуудсыг үргэлжлүүлэн бичсээр байна. Хоёр улсын ард түмэн “COVID-19” халдварын эсрэг тэмцэлд бие биенээ дэмжиж, урам зориг хайрлаж, “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэдгийг дахин гэрчлэв.

Хоёр тал олон улсын тавцанд том улс орнуудын үүрэг хариуцлагаа биелүүлэхийн тулд ойр дотно хамтран ажиллаж ирсэн. Хятад, Орос хоёр улс НҮБ-ын гол цөм болох олон улсын тогтолцоо, олон улсын эрх зүйд суурилсан олон улсын дэглэм, НҮБ-ын дүрмийн зорилго, зарчимд суурилсан олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг тууштай баримталж, НҮБ, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, БРИКС,  G20 зэрэг олон улсын олон талт механизмд нягт харилцаа холбоо, хамтын ажиллагааг хэрэгжүүлж,  дэлхийн олон туйлт болон олон улсын харилцааг ардчилсан болгохын төлөө  хамтран зүтгэж, жинхэнэ олон талт үзлийг идэвхтэй хэрэгжүүлж, бүх хүн төрөлхтний хамтын  үнэт зүйлийг мандуулж, шинэ төрлийн олон улсын харилцаа болон хүн төрөлхтний  хамтын нийгэмлэг байгуулахыг санаачилна.

Хятад, Оросын харилцаа амар хялбар олдоогүй

Хятад-Оросын харилцаа 70 гаруй жилийн турш хүнд бэрхшээлтэй цаг үеийг  туулсан.  Өнгөрсөн үеэ эргэн харахад өнөөдрийн Хятад, Оросын харилцаа амар хялбар  олдоогүй.  Найрамдал үүрд мөнхөд оршиж байгаа төдийгүй улам эрхэмлэх ёстойг бид гүн гүнзгий мэдэрч байна. Түүх болон практик бидэнд Хятад, Оросын харилцаа өнөөгийн олон улс дахь  ороо бусгай үеийн сорилтыг даван туулах чадварын  гол түлхүүр нь харилцан эвлэрэн зөвшилцөх арга замыг олсон  явдал гэдгийг харуулж байгаа.

Миний  ОХУ-д хийх айлчлал бол нөхөрлөл, хамтын ажиллагаа, энх тайвны аялал юм. Би Ерөнхийлөгч В.Путинтэй хамтран Хятад Оросын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг ойрын хугацаанд хөгжүүлэх шинэ алсын хараа, шинэ төлөвлөгөө, шинэ арга хэмжээг хамтран тодорхойлно хэмээн хүлээж байна.

Хоёр тал ерөнхий төлөвлөлтөө чангатгаж, хоёр орны тус тусын хөгжил, сэргэн мандалд анхаарлаа хандуулж, шинэ санааг нээж, шинэ боломжийг бий болгож, шинэ эрч хүч нэмэх ёстой. Харилцан итгэлцлээ нэмэгдүүлж, нөөц бололцоог идэвхжүүлж, Хятад, Оросын харилцааг үргэлж дээд түвшинд байлгах хэрэгтэй.

Хөрөнгө оруулалт, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг чанар, тоо  аль алиныг нь ахиулж, бодлогын уялдааг бэхжүүлж, хоёр орны хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг чанартай хөгжүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай. Хоёр талын худалдааны цар хүрээг өргөтгөж, ашиг сонирхол, хамтын ажиллагааны өсөлтийн цэгүүдийг ойртуулж, уламжлалт худалдаа болон шинээр гарч ирж буй хамтын ажиллагааг харилцан нөхөх зэргээр хөгжүүлэх хэв маягийг бүрдүүлнэ.

"Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалт, Евразийн эдийн засгийн холбооны хамтын ажиллагааг тасралтгүй ахиулж, хоёр талын болон бүс нутгийн хамтын ажиллагааг улам боловсронгуй болгоно. Ард түмэн, соёлын харилцаагаа ойртуулж, Хятад Оросын спортын солилцооны жилийг хийх хэрэгтэй. Орон нутгийн хамтын ажиллагааны механизмыг сайн ашиглаж, найрсаг аймаг, хотуудын харилцан солилцоог идэвхтэй өрнүүлж, хоёр талын боловсон хүчний солилцоог дэмжиж, аялал жуулчлалын хамтын ажиллагааг идэвхтэй сэргээнэ. Зуслан, хамтарсан сургууль зэрэг үйл ажиллагаа явуулж, хоёр орны ард түмэн, тэр дундаа залуучуудын харилцан ойлголцол, нөхөрлөлийг тасралтгүй хөгжүүлнэ.

Өнөөдөр дэлхий ертөнц нэг зуунд байгаагүй том өөрчлөлтийг туулж байгаа. Энх тайван, хөгжил, хамтын ажиллагаа, харилцан ашигтай байх түүхэн чиг хандлага нь зогсоох боломжгүй бөгөөд дэлхийн олон туйлжих, эдийн засгийн даяаршил, олон улсын харилцаан дахь ардчиллын чиг хандлага нь буцааж эргүүлж болшгүй зүйлүүд юм. Үүний зэрэгцээ, уламжлалт болон уламжлалт бус аюулгүй байдлын сорилтууд хоорондоо уялдаа холбоотой, ноёрхох эрх, эзэрхэг ёс, дээрэлхэх үйлдэл хүн хор хөнөөлтэй, дэлхийн эдийн засгийг сэргээх зам урт бөгөөд хэцүү юм. Олон улсын хамтын нийгэмлэг хямралыг арилгах хамтын ажиллагааны сайн арга олно гэж итгэж,  санаа зовж байна.

2013 оны гуравдугаар сард би Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуульд илтгэл тавьж, улс орнуудын харилцан уялдаа холбоо, харилцан хамаарлын түвшин урьд өмнө байгаагүй гүнзгийрч, хүн төрөлхтөн дэлхийн нэг тосгонд амьдарч, улам бүр хамтын ирээдүйтэй хамтын нийгэмлэг болж байгаа талаар ярьсан.  Түүнээс хойш би дахин "Бүс ба зам" санаачилга, дэлхийн хөгжлийн санаачилга, дэлхийн аюулгүй байдлын санаачилга, дэлхийн соёл иргэншлийн санаачилгыг дэвшүүлж, хүн төрөлхтний хамтын ирээдүйтэй хамтын нийгэмлэг гэсэн ойлголтын утга санаа болон практик замыг баяжуулсан. 

Сүүлийн 10 жилд энх тайван, хөгжил, голч, шударга ёс, ардчилал, эрх чөлөөний нийтлэг үнэт зүйлс өдөр ирэх бүр нийт хүн төрөлхтөнд таалагдаж, мөнхийн энх тайван, бүх нийтийн аюулгүй байдал, хамтын хөгжил цэцэглэлт, нээлттэй, хүртээмжтэй, цэвэр цэмцгэр үзэсгэлэнт дэлхийг байгуулах нь олон улс орны нийтлэг эрэл хайгуул болж байна. Дэлхийд бусдаас дээгүүр улс гэж байхгүй, бүх дэлхий нийтэд тохирох засаглалын загвар гэж үгүй, аль нэг улс үгээ хэлээд байдаг олон улсын журам гэж байдаггүй гэдгийг олон улсын хамтын нийгэмлэг маш тодорхой мэднэ. Хагарал бутралаас илүү эвлэн нэгдэх нь, үймээн самуунаа илүү энх тайван нь бүх хүн төрөлхтний нийтлэг эрх ашигт нийцнэ. Өнгөрсөн жилээс хойш Украины хямрал бүх талаараа хурцадсан. Хятад улс хэзээд уг асуудлын буруу зөвийг анхаарч, бодитой, шударга байр суурийг баримталж, энхийн яриа хэлэлцээрийг идэвхтэй дэмжинэ. Би НҮБ-ын дүрмийн зорилго, зарчмуудыг баримталж, бүх улс орны хууль ёсны аюулгүй байдлын санаа зовоосон асуудлыг хүндэтгэж, Украины хямралыг энхийн замаар шийдвэрлэх бүх хүчин чармайлтыг дэмжиж, дэлхийн аж үйлдвэрийн гинжин хэлхээний тогтвортой байдлыг хангах зэрэг олон саналыг дараалж дэвшүүлсэн бөгөөд  Хятад улс Украины хямралын үндсэн зарчмыг зохицуулах болсон. Энэ нь хямралын тархалтыг намжааж, улс төрийн зохицуулалтыг ахиулахад бүтээлч үүрэг гүйцэтгэсэн. Нарийн төвөгтэй асуудлыш шийдэх энгийн арга гэж байдаггүй.

Бүх талууд нийтлэг, нэгдсэн , хамтын ажиллагаатай, тогтвортой аюулгүй байдлын үзэл баримтлалыг баримталж, эрх тэгш, оновчтой, прагматик яриа хэлцэл, зөвшилцөлд тууштай байх л юм бол Украины хямралыг зохицуулах боломжийн арга замыг олж, дэлхий дахинд тогтвортой энх тайван, бүх нийтийн аюулгүй байдалд хүрэх гэрэлт замыг олно гэдэгт бид итгэж байна. Дэлхийн хэмжээний хэрэг явдлыг сайн зохицуулахын тулд эхлээд өөрсдийнхөө асуудлыг сайн зохицуулах ёстой. Хятадын ард түмэн Хятадын Коммунист Намын удирдлаган дор Хятад маягийн шинэчлэлээр Хятадын үндэстний агуу их сэргэн мандалтыг бүх талаар ахиулж байна.

Хятад маягийн шинэчлэл гэдэг нь товчхондоо асар их хүн амтай, бүх ард түмний хамтын хөгжил цэцэглэлт, материаллаг соёл иргэншил болон оюун санааны соёл иргэншлийн уялдуулсан орчин үеийн хөгжил, хүн байгаль хоёр эв найртай зэрэгцэн орших орчин үеийн хөгжил, энх тайвны хөгжлийн замаар урагшилж буй  орчин үеийн шинэчлэл юм. Хятадын эдгээр шинж чанарууд нь бидний урт хугацааны практик хайгуулын дүнд олон улсын туршлагын гүн гүнзгий дүгнэлтийг тусгасан.  

Цаашид бид Хятад маягийн орчин үеийн бүтээн байгуулалтыг ахиулж, өндөр чанартай бүтээн байгуулалтад хүрэхийн төлөө хичээн чармайж, дээд түвшний нээлттэй байдлыг өргөжүүлэх болно. Энэ нь дэлхийн улс орнууд, тэр дундаа Орос улсад хөгжлийн шинэ боломжийг олгоно гэдэгт итгэж байна. Хавар бол жилийн эхлэл бөгөөд  бүх зүйлийн хамгийн түрүүнд явдаг. Бид хөгжил, сэргэн мандалтын замд яваа нөхдийн хувьд Хятад Орос хоёр улс хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжилд шинэ, илүү их хувь нэмэр оруулах нь гарцаагүй.

Эх сурвалж: Рэн Мин Ри Бао

Орчуулсан: Н.Батзаяа