ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Н.Энхболд: Ирээдүйн 30 жилийн замыг зөв тавихын тулд өнгөрсөн алдаагаа залруулж байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2023-05-31

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийж байна. Тодруулбал, Засгийн газраас оруулж ирсэн уг хуулийн төслөөр УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулна, УИХ нь нэг танхимтай байх бөгөөд 126 гишүүнтэй байна.

Ингэхдээ тойрог төлөөлөх нь 78, намын жагсаалтаар 50 гишүүн сонгогдоно гэсэн хувилбарыг гуравдугаар хэлэлцүүлгийн өмнөхөн эцэслэсэн. Тэгвэл өчигдөр болсон намын бүлгийн хурлаар 78:48 гэсэн хувилбар гаргасныг өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэн, 100 хувь дэмжсэн учраас тус зүйл заалтаар яг одоо хэлэлцэж байна. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч буйг тоймлон хүргэе. 

УИХ-ын гишүүн Д.Ганбат: 156 гэдгээ яагаад болиод 78:48 гэдэг хувилбар оруулаад ирэв ээ. Дахиад энэ тоо болохгүй байна гээд оруулаад ирэх юм биш биз?

УИХ-ын гишүүн Н.Энхболд: Төрөө яаж бүрдүүлэх вэ, төр минь яаж ажиллах вэ гэсэн ирээдүйн 30 жилийн замыг зөв тавихын тулд өнгөрсөн алдаагаа залруулж, өөрөөр хэлбэл 30 жил яригдсан асуудлыг гүйцээх гэж байна.

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор: Сэлэнгийн нийт санал өгсөн иргэдийн 90 гаруй хувь нь тоо нэмэх асуудалд маш эмзэг хандаж байна. Мөнгөний сонгуулиас гарахын тулд тогтолцоог өөрчлөхийг дэмжиж байна. Гэхдээ намууд чинь намын жагсаалтаа эрэмбэлээд, нөгөө мөнгөтэй хүмүүст худалдах юм биш байгаа. Үүнийг яах ёстой вэ. Ер нь төрд итгэх иргэдийн итгэл улам бүр буурчээ. Энэ өөрчлөлт, тогтолцоо чинь тэгээд энэ бүхнийг өөрчилж чадах уу. Цалин нэмэх нь гэж сонсоод баяртай байгаа ч дагаад үнэ өснө гэхээс иргэд айдастай байна. Иргэдийн амьдрал өдрөөс өдөрт

УИХ-ын гишүүн Н.Энхболд: Төрийн байгуулалтын байнгын хороо гуравдугаар хэлэлцүүлэг хийсэнтэй холбоотой асуулт гарсангүй гэж ойлгож байна. Хэлэлцүүлгүүд явж байхад хариулт өгсөн асуултууд санагдаад байна. Эхний хоёр хэлэлцүүлгээр бид энэ мэт асуудлаа яриад ороод ирсэн гэж бодож байна. бүх зүйл нэг л өдөр сайхан болчихгүй. Намуудын хариуцлага, манлайллын асуудал яригдана. Тэд нийгмийн өмнө хариуцлагаа хүлээгээд, нэр дэвшигчээ шалгаруулах байх аа. Тун удахгүй Ерөнхийлөгчөөс Улс төрийн намуудын тухай хууль орж ирнэ. Тэр үед энэ мэт асуудал яригдах байх аа.

УИХ-ын дарга Г.Занданшатар: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдлаа гэхэд органик хуулиудыг мөн ярилцана. Маш чухал асуудлыг та хөндлөө. Амьдрал шууд сайхан болчихгүй ч гэсэн Улс төрийн намын тухай хуулиар дотоод ардчилал зэргээ яриад хэлэлцээд явах байх. Өөрөөр хэлбэл, улс төрийн намууд нэр дэвшилтээ ил тод хийгээд явахын тулд энэ хуулийг батлах шаардлагатай.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Иргэд сонгогчдын саналыг бичиж авчраад протоколд оруулсан. Ажлын хэсгийнхэнд ч мөн танилцуулсан. Та нар чинь саяхан одоо Үндсэн хуульд гар дүрэхгүй, дордохын долоогоо засчихлаа гэж яриад байгаагүй билүү. Юу болоод дахиад Үндсэн хуульдаа гар дүрэхээр оруулаад ирэв ээ гэж иргэд асууж байна. Мөн эцэг хуулиа дахиад л оролдоод байх уу, нэг юм гээчихжээ гээд унах уу гэж тэд асуусан шүү.

Төрийн тогтолцоог эвдэж, Үндсэн хуулийн хямрал руу явах вий гэж тэд асуусан. Хариулж өгөөрэй. Улс орноо гэр орон гэж үзээд байгаа бол 88 болгооч, тэнгэр шүтээн яриад байгаа бол 99 болгооч гэж байна. Гэхдээ олонхиор яриад 126 руу орж ирж байх шиг байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл, малчид, эрдэмтэн мэргэдийн төлөөллийг оруулаач гэж хүслээ. Гадаад дахь монголчуудынхаа төлөөллийг мөн жагсаалтыг эхэнд бичээрэй гэж хүссэн.

УИХ-ын гишүүн Н.Энхболд: Үндсэн хуульд дахиж гар дүрэх үү гэдгийг энэ хоёр заалтыг хэлэлцэх явцад яригдаагүй. Дахиад Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудал яригдахгүй байх. Энэ заалтын үр дүнг үзсэний дараа л нэмэлт өөрчлөлт оруулах асуудал яригдах байх гэсэн хувь хүний байр сууриа илэрхийлье. Тогтолцооны өөрчлөлт ярихаар заавал Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах асуудал яригдаад байгаа юм. Хамгийн том үлдсэн зүйл энэ байсан учраас нэмэлт өөрчлөлт яригдсан байх аа. Намуудын хариуцлага, улс төрийн соёл л энэ өөрчлөлтийг үр дүнтэй байх эсэхийг харуулна.

УИХ-ын дарга Г.Занданшатар: Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар Үндсэн хуульд найман жилийн хугацаанд дахин нэмэлт өөрчлөлт оруулахгүй гэдэг заалт хэвээр байгаа. 2019 онд Үндсэн хуулийг өөрчилсөн мэтээр ярьж байна. Үндсэн хуульд оруулсан зүйл заалт чинь өөрөө хууль зөрчсөн буюу Засгийн газрын эрх мэдэл, УИХ-ын гишүүний эрх мэдэл холилдсон гэж Цэц шийдсэн учраас түүнийг хэлэлцсэн асуудал юм шүү. Давхар дээлээс шалтгаалж тоо нэмэх асуудлыг хэлэлцэж байгааг ойлгоорой.