ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Амарбаясгалан: Авто замын засвар, арчлалтын 20 компанийг нэгтгэлээ

O.Admin
2023-06-07

Засгийн газрын ээлжит хуралдааны талаар мэдээлэл өглөө.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: Засгийн газрын хуралдаанаар 46 асуудлыг шийдвэрлэлээ. Тухайлбал, Боловсролын зээлийн сантай холбоотой мэдээлэлд үндэслэж, зарим сангуудад арга хэмжээг авна. Цаашлаад бусад сангуудад ч гэсэн нээлттэй, ил тод байлгана. Тиймээс Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа хэвийн явна гэсэн үг. Гадаад болон дотоодын их дээд сургуульд зээлээр сурсан бол, эргэн төлөх нөхцөлийг нь шийдвэрлэж өгнө.  Гэхдээ  ямар мэргэжлийн тэргүүлэх чиглэлээр зарлаж, ямар боловсон хүчин бэлтгэх ёстой вэ гэдгийг маш тодорхой болгох шаардлагатай. Тухайлбал, дэлхийн шилдэг  100 сургууль, топ 50 сургууль гэж зарлаж байгаа. Тиймээс Боловсролын хуулиараа цаашдаа хэрэгцээтэй байгаа мэргэжлийг зарладаг байя. Харин тэр чиглэлээр дэлхийн топ сургуульд тэнцсэн хүүхдэд тэтгэлгийг олгодог байх нь зөв. Энэ процесс нь олон нийтэд нээлттэй байх ёстой  гэж үзлээ.

Дараа нь 20 аймагт үйл ажиллагаа явуулж байгаа АЗЗА-ын компаниудыг хооронд нь нэгтгэх шийдвэрийг Засгийн газар гаргалаа. Учир нь тус бүрдээ  1.5 тэрбум орчим төгрөгийн үнэлгээтэй АЗЗА компаниудын IPO гаргах үйл ажиллагааг Хөрөнгийн биржээр дамжуулаад хийхээр хувьцаа сонирхож, хөрөнгө оруулалт хийх хувийн хэвшлийн бизнес эрхлэгчид болон иргэд тун ховор байна. Бидэнд энэ судалгааг Хөрөнгийн биржээс гаргаж өгсөн. Ашиггүй ажилладаг болохоор сонирхох хүмүүс алга байна. Тиймээс 20 АЗЗА компанийг нэгтгэж,  нийт үнэлгээ 38 тэрбум төгрөг болж байна. Ингэснээр хөрөнгө оруулах боломжийг нь хангаж байна. Мөн компанийн засаглалыг сайжруулах, үр ашигтай ажиллах боломжийг бүрдүүлж байна. 20 компани тус тусдаа үйл ажиллагаа явуулахаар ажилтнуудын цалин хангамж бага, үр бүтээмжгүй байна.Асар өндөр үнэтэй түүхий эд авч, зам засварын ажилд зарцуулж байгаа нь ашиггүй ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн.